Раул Кастро Рус
Рауль Модесто Кастро Рус (испани. Raúl Modesto Castro Ruz; 1931 оны 6-р сарын 3-нд Куба улсын Биран хотод төрсөн) — Куба улсын хувьсгалч, төрийн болон цэргийн зүтгэлтэн. 2008- 2018 онд Кубын төрийн болон Засгийн тэргүүн, Куба улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч; 2011 оны 4-р сараас 2021 оны 4-р сарын хооронд Төрийн эрх барьж буй Коммунист намын удирдагч. 1976 оноос Армийн генерал.
Кубын удирдагч Фидель Кастрогийн дүү. Раул 1959 оны Кубын хувьсгалд оролцож, ялалт байгуулсны дараа Кубын Цэргийн сайд болж, энэ албыг 50 жил хашсан. 1965 онд тэрээр эрх баригч Коммунист намын даргын орлогч, 1976 онд Төрийн зөвлөлийн гүйцэтгэх дээд байгууллагын даргын орлогчоор тус тус томилогдон ажилласан.
2006 оны 7-р сарын 31-нд ах Фидель Кастро түүнд гол албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа тэрээр Кубын удирдлагыг хүлээн авчээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Рауль Кастро 1931 оны 6-р сарын 3-нд Ориенте мужид томоохон эдлэн газартай Анхель Кастро Аргисын гэр бүлд төржээ. Эх нь Лина Рус Гонзалес эцгийнх нь эдлэнд тогоочоор ажилдаг байсан. Тэрээр Анхель Кастротой гэрлэхээсээ өмнө таван хүүхэд төрүүлсэн. Кастрогийн эцэг эх бичиг үсэггүй байсан ч хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хичээдэг байв. Раул хүү Иезуит коллежид сурсан боловч коллежийн диплом авч чадаагүй байна. Тэрээр 1950 онд Хаванагийн их сургуульд элсэж сураад хожим хуулийн анги төгссөн байна. Залуу наснаасаа залуучуудын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Социалист залуучуудын холбооны гишүүн байсан бөгөөд Фулхенсио Батистагийн дарангуйллын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож байжээ.
1953 оны 7-р сарын 26-нд Рауль Сантьяго-де-Куба дахь "Монкада" армийн хуаран руу довтлоход оролцов. Фидель Кастрогийн зохион байгуулсан энэ бослого хувьсгалын эхлэл байх ёстой байсан ч бүтэлгүйтсэн юм. Ах дүү хоёр хотоос гарч ууланд орогнож байгаад хэд хоногийн дараа хоёулаа баривчлагдаж 1953 оны 10-р сард Раулд 13 жил, Фидель 15 жил хорих ял авсан байна. Тэд Пинос (одоогийн Ювентуд арал) арал дээр ялаа эдэлсэн. 1955 онд өршөөл үзүүлсний дараа тэд Мексик рүү явж шинэ зэвсэгт бослогыг бэлтгэлийг эхлүүлж байжээ.
1959 оны 1-р сарын 1-нд Кубын хувьсгалчид Фульхенсио Батиста-г ялсаны дараа Рауль Кастро Ориенте мужийн цэргийн тойргийн командлагчийн албан тушаалыг хүлээн авсан. 1959 оны 10-р сард тэрээр Хувьсгалт зэвсэгт хүчний сайд болсон (тэр энэ албан тушаалыг 2008 оны 2-р сар хүртэл хашсан).
Чухамдаа Рауль Кастро хувьсгалт Кубын улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Фиделийн дараа тус улсын “хоёр дахь хүн” байсан.
1990 онд Социалист лагерь задран унаснаар Куба эдийн засгийн гүн хямралд орж Рауль Кастро армийн албан хаагчдын тоог эрс багасгасан. Тэрээр армийг бие даасан болгохын тулд барууны удирдлагын арга барилыг нэвтрүүлсэн байна.
2006 оны 7-р сарын 31-нд Фидель Кастро эмнэлэгт хэвтсэний улмаас Рауль Кастро Кубын удирдагчийн үүрэг гүйцэтгэгч болсон юм. Тэр цагаас хойш Фидель Кастро олны өмнө гараагүй бөгөөд 5-р сарын жагсаал, хувьсгалын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээнд нэг ч удаа оролцож байгаагүй бөгөөд дүү Рауль түүнийг бүрэн орлох болжээ.
Тэрээр 2018 оны 4-р сарын 19-нд төрийн тэргүүний бүрэн эрхийг Мигель Диаз-Канелд шилжүүлсэн. Үүний зэрэгцээ Рауль Кастро Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалыг хэвээр үлдээсэн нь түүнд улс орны нийгэм-улс төрийн үйл явцад чухал нөлөө үзүүлэх боломжийг олгосон юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1959 онд Вильма Эспинтай (испани. Vilma Espín Guillois; 1930—2007) гэрлэсэн. Тэд хүү Алехандро болон Дебора, Мариэла, Нильса хэмээх 3 охинтой.
- 1931 онд төрсөн
- Амьд хүн
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны ноёрхогч
- 21-р зууны улс төрч
- Кубачууд
- Кубын Коммунист Намын гишүүн
- Кубын ерөнхийлөгч
- Кубын зэвсэгт хүчний хүн
- Кубын хувьсгалч
- Фидель Кастро
- Лениний одон шагналтан
- Марксизмын хүн
- Найрамдлын одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Вьетнамын Алтан Од одон шагналтан