Редакторлах зүй
Редакторлах зүй (Редактирование. Editing). Редакторлах гэдэг үг латин: redigo, redactum – “засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо бөгөөд хожим “цэгцлэх, үнэмшүүлэх, ойртуулах, хүргэх” гэсэн утгыг давхар агуулах болжээ.
Тойм ойлголт
[засварлах | кодоор засварлах]Орчин үед редакторлах ажлыг төрөл бүрийн бичмэл утга зохиолын эхтэй ажиллах явдал гэж ойлгож болно. Редакторлах зүйг толь бичгүүдэд: “Зохиогчийн гар бичмэлийг хэвлэлд бэлтгэх ажлыг редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл, уран зохиолын цомирлог зэрэг тогтмол хэвлэлийг удирдах үйл ажиллагааг редакторлах зүй хэмээнэ” (211.5) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтыг үндэслэн ном, тогтмол хэвлэлийн үйл ажиллагааг удирдах, бүтэц зохион байгуулалт, агуулга чанарыг сайжруулах, хянан найруулж, хэвлэлд бэлтгэх зорилго бүхий утга зохиолын ажлын тодорхой нэг салбарыг редакторлах зүй гэж нэрлэж болно.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Редакторлах зүйн зорилго нь олон нийтэд зориулж буй утга зохиол, сэтгүүл зүйн аливаа бүтээлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангах, онол уран сайхны өндөр төвшинд байлгах, үг үсэг, хэл найруулгын ямар ч алдаа мадаггүй гаргах, ном хэвлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, уран бүтээлчдэд сайн чанартай бүтээл туурвихад туслахад оршино. Редакторлах зүйн судлах зүйл нь утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлийн эхийг хэвлэлд бэлтгэх, зохиогчийн гар бичмэл дээр хийх хянан найруулах ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, хянах арга технологи, ном, хэвлэл мэдээллийн газрын бүтээлч ажлыг удирдах, төлөвлөх арга барил зэрэг болно.
Судлах зүйл
[засварлах | кодоор засварлах]Авиа зүй, үг зүй, үгсийн сан судлал, өгүүлбэр зүйн цогц нийлэмж хичээл юм. Нэг үгээр хэлбэл хамгийн ойлгомжтой, хамгийн уран яруу, товч тодорхой цэгцтэй чадамгай илэрхийлэх аргыг олох зорилгоор хэлэнд байгаа тэрхүү учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжилж хэрэглээний талаас нь хэрэглэх онцлогийн үүднээс харилцааны тухайн зорилго нөхцөлтэй холбон авч үзэхдээ: Авиа зүй, үгсийн сан судлал, үг зүй, өгүүлбэр зүй зэрэг хэл шинжлэлийн бусад салбартай нягт холбоотой үздэг. Редакторлах арга зүй нь дээр дурдсан салбар ухааныг тус тусдаа шинжлэн нягталдаг хэлний олон талын нэгдмэл ухаан юм. Хэлний хэм хэмжээний нарийн ойлголт юм. Найруулга зүй нь үг хэллэгийн хэрэглэгдэх хэм хэмжээ олон янзын өнгө аяс илтгэх байдал ямар нийлэмж үүсгэж хэрхэн яруу хэрэглүүр үүсгэж байгааг анхааран судалдаг юм.
Ур чадвар
[засварлах | кодоор засварлах]Хамгийн сайн редактор буюу редакторлах зүйн ур чадвартай хүүн хамгийн товч бичдэг. Найруулга зүйн судлал бол онол дадлагын чухал ач холбогдолтой.
- Хэлний соёлыг дээшлүүлэх
- Бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх
- Хэл ярианы чадамжийг нэмэгдүүлэх
- Залуусын хүмүүжилд хэлний баялаг мэдлэг нэмэгдүүлэх гэж дурдаж болно.
Редакторлах зүйн зарчим
[засварлах | кодоор засварлах]Редакторлах зүйн зарчим нь Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн. Редакторлах зүйн үйл ажиллагаа нь таван зарчмын хүрээнд явагдана. Үүнд:
- Олон нийтэч
- Ил тод
- Шинжлэх ухаанч
- Үнэн бодитой
- Хүнлэг байх зарчмууд юм.
Олон нийтэч зарчим
[засварлах | кодоор засварлах]Хамгийн гол зарчим нь олон нийтэч байх зарчим юм.
“Утга зохиолын бүтээл нь хүмүүсийн аж амьдралын үнэн байдал, бүтээн байгуулах их үйлс, шударга зөв үзэл санаа, хүсэл эрмэлзлийг жигд тусгаж чадсанаар л жинхэнэ олон түмэнч байх бололцоотой билээ. Ийнхүү олон түмний санаа бодол, сонирхол таашаалд нийцүүлэх үйлсэд хувь нэмэр оруулдаг чанар нь редакторлах зүйг олон түмэнч болгодог” (63.48).
Ил тод зарчим
[засварлах | кодоор засварлах]Редакторлах зүйн ил тод байх зарчмын мөн чанар нь улсын нууцаас бусад бүх мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой, ямар ч мэдээллийг редактор болон редакцийн газар албаны ба хувийн зорилгын үүднээс өөрчлөх, өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж засах, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй гэдэгт оршино.
Шинжлэх ухаанч зарчим
[засварлах | кодоор засварлах]Редактор ямар ч бүтээлийн шинжлэх ухааны үндэс нь зөв, оновчтой, ашигласан аливаа баримт сэлт, мэдээлэл нь үнэн бодитой байгаа эсэхэд өндөр төвшинд хяналт тавьж чаддаг боловсролтой шударга хүн байх шаардлагатай бөгөөд чухам энэ шинж чанар нь хянан найруулах ажлын үнэн бодитой байх, шинжлэх ухаанч байх зарчмыг баримтлахад нөлөөлдөг хүчин зүйл болдог.
Үнэн бодитой зарчим
[засварлах | кодоор засварлах]Редактор тухайн бүтээлд дээрх шаардлагын үүднээс хандах нь сэтгүүл зүйн аливаа бүтээл нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу зөрүү ойлголт өгөхөөс хамгаалж, үүрэг зорилгоо оновчтой биелүүлэхэд туслах болно.
Хүнлэг энэрэнгүй зарчим
[засварлах | кодоор засварлах]Хүнлэг энэрэнгүй байх зарчим нь зөвхөн редакторлах зүйн төдийгүй утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн бүтээлийн язгуур зарчим бөгөөд олон түмэнд зориулж буй аливаа бүтээлд хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, зохиогчийг хүндэтгэн үзэж, нэр төрийг нь хамгаалах, алдаа дутагдлыг нь арилгах, сайн сайхныг нь дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад түүний мөн чанар нь оршино.
Редакторлах зүйн зарчмууд сэтгүүл зүйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг нь үүнтэй холбоотой юм.