Jump to content

Рихард Штраус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рихард Штраус (1922 он)

Рихард Штраус (Герман: Richard Strauss, 1864 оны 6-р сарын 11, Мюнхен, Байерны Хант Улсад төрж; 1949 оны 9-р сарын 8, Гармиш-Партенкирхен, ХБНГУ-д нас барсан) —хожуу романтизмын үеийн Германы хөгжмийн зохиолч, Германы экспрессионизмын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд ялангуяа симфони найраглал, дуурийн бүтээлүүдээрээ алдаршжээ. Мөн өрнө дахины нэр хүнд бүхий хөгжмийн удирдаачдын нэгэн болно.

Рихард Штраус 1864 оны 6-р сарын 11-нд Мюнхен хотод төржээ. Түүний эцэг Франц Штраус (1822–1905) нь Мюнхений ханы ордны анхны бүрээчин байснаас гадна 1871 оноос академийн профессор ажилладаг нэгэн байв. Харин түүний эх Иосефине Штраус (1838–1910) Мюнхений томоохон шар айраг үйлдвэрлэгчийн[1] охин бөгөөд тэднийх тус хотын хамгийн баян гэр бүлийн нэг байсан аж. Хөрөнгө чинээтэй айл мөн түүнчлэн түүний эцэг нь хөгжмийн зохиолч байсан нь нөлөөлж тэр зургаан настайгаасаа хөгжмийн зохиол бичиж эхлэв. Сүүлд нь тэр Мюнхений капельмайстер Фрийдрих Вилхелм Майераар хөгжмийн зохиол бичих хичээл заалгаж байв. Түүний удирдлага дор тэрбээр эхний бүтээлүүд болох төгөлдөр хуурын бүтээлүүд болон дууны ая зэргийг туурвижээ.[1][2]

2024 онд булш.

Рихард Штраус бол хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаачийн их авьяас цогцолсон нэн өвөрмөц бүтээлч хүн. Мюнхений дуурийн театрын валторн хөгжимчний хүү энэ хүн урлагийн хүмүүсийн дунд өсөж, мэргэжлийн хөгжимчний ур чадварыг түргэн хугацаанд эзэмшжээ.

Штраусын нас барахад шарилыг чандарласан байна. Гармиш-Партенкирхен дэх Гармишийн оршуулгын газарт түүний эхнэр Паулин, тэдний хүү Франц (1898-1980), түүний эхнэр Алис (1904-1991), ач хүү Ричард (1927-2007), эхнэр Габриэль нарын булшинд оршуулжээ. Охин Хоттер (1939–2020), ач хүү Кристиан болон түүний эхнэр Брижит, охин Экхардт (1925–1988) нарыг мөн тэнд оршуулжээ.

Бүтээлийн төрөл хэлбэр

[засварлах | кодоор засварлах]

Симфони найраглал

[засварлах | кодоор засварлах]
Рихард Штраусын Гармиш дахь хөдөөний сууц

Рихард Штраус болон Густав Малер нарыг Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Вагнерын дараа үеийн хожуу романтизмын төлөөлөгч хэмээн түүхэнд тэмдэглэсэн байна. Өнгөрсөн зууны сүүлчээр Германы хөгжмийн зохиолчдоос тодорсон их хүний тоонд эн тэргүүнээ Рихард Штраусыг дурдах хэрэгтэй юм. Тэрбээр зохиолынхоо цар хүрээ, далайц, үлдээсэн өвийн ач холбогдол, өвөрмөц шинжээрээ Европын хөгжимд чухал байр эзэлнэ. Р.Штраусын уран бүтээлд зөрчил хямралтай зүйл ихээхэн байдаг ч түүний шилдэг бүтээлүүд дэлхийн хөгжмийн урын санд баттай байраа эзэлсээр байна.

Харин өөрийн гэсэн арга барил олох гэж их цөхөрсөн байдаг юм. Түүний анхны зохиолууд Мендельсон, Брамс нарын аястай боловч төдөлгүй тэднээс холдож Рихард Вагнер, Ференц Лист нарын гэрээслэлийг тууштай үргэлжлүүлэгчийн нэгэн болсон байна. Штраус яруу найраг, уран зураг, гүн ухааны дүрийг хөгжмөөр илэрхийлэх сургаал буй болгож хөтөлбөрт, сэдэвт симфонийн олон зохиол туурвисан Ференц Листийн зарчмыг баримтлах болсныг тухайлан тэмдэгдэх ёстой. Ийнхүү Лист, Вагнер нарын нөлөөн дор боловч өөрийн эрс тэс өнгө аястай олон зохиол туурвиж симфони хөгжмин хөгжилд нөлөө үзүүлсэн билээ. Харин зарим зохиолд нь модернист гоо зүйн нөлөөнд автагдсан зүйл байх боловч тэднээс хол давж дүрслэл өгүүлэмжээрээ сэтгэл догдлуулах их хүчтэй хөтөлбөрт зохиолууд бүтээсэн юм.

Р. Штраусын зохиолуудаас яруу найраглалуудыг нь онцлон үнэлдэг. Эдгээр найраглалд түүний авьяас билэг, тухайлбал: хөгжмийн хурц тод дүр, эгшгийн баялаг, үйл явцыг зураглах чадал, найрал хөгжмийг гайхалтай төгс эзэмшиж найруулдаг чадвар, ер бишийн уран сэтгэц сэлт илэрдэг. Үүний зэрэгцээ, өнгөц зураглалаар хэт хөөцөлдөж натуралист хандлага гаргах зэрэг доголдолтой боловч найрал хөгжмийн зохиолын их ур чадвартан энэ бүтээлчийн суу билгийг үнэлэхэд тотгор болдоггүй юм.

Ямар нэг хөтөлбөр, үйл явдлыг сонгон авах нь симфони зохиолыг зарчмын ач холбогдолтой болгож өгнө. Штраусын найраглалуудад зураглал, дүрслэлд их шимтсэн байх боловч тэр мэт хөтөлбөр нь зөвхөн хөгжмийн агуулга үзэл санааг төвлөрүүлэх, аялгуу эгшгийн өнгө аясыг тодруулах шалтаг болдог байна. Ийм ч учраас хөтөлбөрт хөгжмийн тухайд:

„Зохиогч нь уран яруу сэтгэдэг их авьяас чадвартан хөгжимч байж гэмээ нь хөтөлбөрт хөгжим байж болох бөгөөд, чухам энэ нөхцөлд түүнийг урлагийн бүтээл хэмээн тооцох ёстой… Би болбоос бүх цогцсоороо хөгжимчин хүн. Тэгээд ч миний хувьд аливаа хөтөлбөр нь шинэ хэлбэр буй болгох шалтаг болохоос цаашгүй юм“

гэж Штраус өөрийн баримталдаг зарчмыг тодорхойлсон байдаг. Цааш нь үүнийг дэлгэрүүлж:

„Хэн бүхэн мэдэх амьдралын үзэгдлийг хөгжмөөр дууриан дүрслэхэд гол асуудал орших ёсгүй, ингэх юм бол уг хөгжмийн агуулгын эсрэг болно. Хөгжмийн аливаа бүтээл тодорхой хил хязгаартай байдаг, үүнийг тэр л хөтөлбөр тогтоож өгдөг. Энэхүү хөтөлбөр сонсогчийн хувьд тулах цэг л болох ёстойгоос өөр юу ч биш“

гэж бичсэн байна.

Харин Штраус өөрийн зорьсон хөтөлбөрт хөгжмийг тэргүүнд мандуулахын үүднээс хошигнол маягтай олон санаа хэлж бичиж байсан нь хожмын хүмүүст зарим нь үнэмшил болж түүний уран бүтээлийн чиг шугамд эргэлзэхэд хүргэж байсныг тэмдэглүүштэй.

Штраус найрал хөгжмийн зохиомж бичлэгийн аргыг төгс эзэмшиж түүнийг шүтдэг зохиолчдын нэг юм. Тэрээр симфони найрал хөгжимд зориулсан 20 гаруй том бүтээл туурвисан бөгөөдтүүний ихэнх нь хөтөлбөрт найраглалууд билээ. Энэ хөтөлбөрийг хоёр зүйлд хувааж болох юм. Үүнд: Нэгд, хөтөлбөр нь тов тодорхой утга санаа агуулж, тэгээд ч уг хөгжимд төгс илрэлээ олсон зохиолууд орно. Ийм зохиолд “Дон Жуан”, “Дон Кихот”, “Баатрын амьдрал” зэрэг яруу найраглал, “Гэрийн симфони”, “Альпийн симфони” зэргийг хамруулна. Нөгөөд нь, зохиогчийн өгсөн нэр нь зөвхөн уг зохиолын аль нэгэн хэсгийн дүрслэлд туслах төдий хөтөлбөрт зохиол хамаарна. Ийнхүү хөтөлбөрийг уг зохиолоос хасчихад эл хөгжмийн утга санааг ойлгоход ер дутах зүйлгүй. Ийм зохиол бол “Макбет”, “Үхэл сэхэл”, “Тиль Уленшпигелийн зугаатай явдал”, “Заратустрийн айлтгал” зэрэг яруу найраглал юм.

Штраус зөвхөн хөтөлбөрт зохиолын амт шимтээс болж яруу найраглалын төрөлд авьяас чадвараа сорьж анхаарлаа хандуулаагүй юм. Чөлөөт зохиомж, хэсгүүдийн ээлжлэх байдал, нэгээс нөгөөд шилжих эсрэг тэсрэг ялгарамж онцлог зэрэг найраглалын уян хатан цогцос хэлбэр түүний анхаарлыг татсан байна. Үүнчлэн амьд бодитой, өрнөл хөдөлгөөнтэй уран сэтгэлгээ шог хошигнолын сэдэв, үйл явдал түүний сэтгэлийг эзэмдэж байсныг дээрх дээр нэмэхэд Р.Штраус яагаад хөгжмийн энэ романтик төрлийг сонгож авсан нь тодорхой болно. Тэр ч байтугай Штраусын “Гэрийн” болон “Альпийн” симфонийг асар өргөн цараатай яруу найраглалд тооцдог нь жирийн зүйл биш юм.

Штраусын зохиолууд хөг эгшгийн арвин, шигүү зохиролоороо онцлог байдаг. Түүний тэмүүлэлтэй хөгжим гадна талын дүрслэл зураглалын чанартай байвч зохиолчийн өөрийн үзэл санаа, зан төрхөд нийцсэн сэдэв бүхий зохиолуудад нь энэхүү дүрслэл уран сайхны өндөр дээд зорилгыг илэрхийлж чадсан байдаг. Ийм бүтээлүүдэд түүний яруу найраглалуудыг тооцох хэрэгтэй юм.

Штраус “Макбет”, “Дон Жуан”, “Дон Кихот” зэрэг сонгодог зохиол, “Заратустрийн айлтгал” гэх мэт гүн ухааны сэдэв, ардын аман зохиол, тухайлбал туульсын дүрүүдийг хөгжимдөө онгод билэгтэй ашигласнаас үзэхэд ихээхэн өргөн хүрээ сэтгэлгээний зорилго өмнөө тавьсан нь илэрхий.

Түүний “Тиль Уленшпигелийн зугаатай явдлууд” найраглал үүнийг гэрчилнэ. Баруун Европ даяар өргөн түгсэн аман зохиолын энэ баатрыг Штраус, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгчээр  бус, харин түүнийг хүч чадалтай хөгжилтэй сэргэлэн, сэцэн цэлмэг ухаантай, алиа хошин дүр болгож симфонийн хэллэгээр яруу тод дүрсэлснээр онцгой содон юм. Уленшпигелийн сэдвээр урьд өмнө олон зохиол гарсан боловч Штраусын энэ найрагт илэрсэн шиг хурц яруу болж чадаагүй ажээ. Штраус ардын уран бүтээл дэх хошигнол ёгтлол руу анхаарлаа чиглүүлсэн нь энэ зохиолын баян аялгуу хэллэгтэй, уран сэтгэлгээтэй болоход нь их нөлөө үзүүлсэн байдаг.

Штраус зохиолынхоо гол баатрыг ийнхүү хурц ёгт егөөтэй, сэцэн ухаантайгаар дүрсэлсэн нь утга учиргүй зүйл огт биш ажээ. Тэрээр, тухайн үе нийгмийнхээ бэртэгчин амьдрал, үзэл бодол, хоцроглсон явцуу байдлыг энэ баатрын хөгжмөн дүрээр илт хурц шүүмжилсэн байна. Энэ зохиол бол хөгжмөөр ёгтлол егөөдлийг хэрхэн илэрхийлэхийн тод жишээ, бүтээлч уран саналга, найрал хөгжмийн зэмсгүүдийг хэрхэн эзэмшихийн ховор жишээ болж хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэж байна.

”Тиль Уленшпигель” найраглалдаа зохиогч эрс тэс хэсгүүдийг сөргүүлэн харшуулах зарчмыг баримталсан байна. Энэ нь зүгээр нэг сөргүүлэн тавихын тулд бус, тухайлж, зохиолын баатрын зан араншин үйл явдлын олон хувилбарыг илэрхийлэх үүднээс шалтгаалсан хэрэг юм. Тийм ч учраас энэ том найраглалыг “Рондо” хэлбэрт захируулжээ. Штраус өөрөө зохиолынхоо бүтэн нэрийг “Тиль Уленшпигелийн зугаатай явдлууд, эртний шог дууны маягаар, Рондо хэлбэрээр, Их найрал хөгжимд” гэж өгсөн нь хүртэл зохиолын агуулгыг тодруулна. Энэ зохиолыг тухайн цагийн шүүмжлэгчид энгийн нэг хошигнол бус “бүхнийг ялагч инээд егөө” гэж нэрлэсэн байна.

Р.Штраус зарим ядуу найраглалдаа үйл явдал, үзэгдлийг ширхэг дараалан нарийвчлан дүрслэхийг эрмэлзсэнээс натурализм руу хальтрах гэм байсан. “Дон Кихот” найраглалд (буюу “рыцарь” сайн эрийн сэдэвт симфони хувилбар зохиол) Штраус “Гуниглан дүрд Рыцарийн” янз бүрийн адал явдлыг дүрслэхэд хамаг санаагаа тавьж гадаад дүрслэлийг ихэд эрмэлзсэнээс натуралист хандлагад өртсөн байдаг. Р.Роллан, Штраусын “Дон Кихот”-ыг тодорхойлж. “Энэ бол хөтөлбөрт хөгжимд хүрч болох эцсийн цэгт хүрсэн зүйл мөн. Штраус үүнээс өөр аль ч зохиолдоо ийм хурц сэцэн ухаан, авхаалж самбаатайгаа баталж чадаагүй бөгөөд зохиолч, хөгжимчид, сонсогчдын аль альнаас дөчин таван минутын хүнд хүчир хөдөлмөр шаардах хөгжмийн ийм алиа зугааны төлөө аль ч зохиолдоо ингэж хүчээ хоосон шавхаж байгаагүй юм” гэж шударга шүүмжилжээ. Гэхдээ энэхүү шүүмжлэлийг Штраусын бүх зохиолд оноож, хөгжмийн зохиолчийн, хөгжмөөрөө нэгдмэл цогц дүр бүтээж чаддаг гайхамшигт авьяас чадварыг үнэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ зохиол бол “Гуниглан дүрт рыцарийн зан төрхийг авсаархан мөртөө олон талаас харуулсан бүтээл мөн.

Штраусын хамгийн ач холбогдол бүхий зохиолын нэг бол 24 настайдаа бичсэн “Дон Жуан” яруу найраглал юм. Тэрээр уг найраглалын хэсэг бүрийг төгс итгэлтэй , асар өргөн далайцтай бичжээ. Дон Жуаны хөгжмийн хөрөг, Церлина, Гүньеэ, хатагтай Анна, багт наадам, Дон Жуаны үхэл гэсэн хэсгүүдээс найраглалбүрдэх бөгөөд эдгээрээс Дон Жуаны хөгжмөн дүр онцгой тод цогц болсон байна. Дон Жуаныг хоёр янзын сэдвээр төлөөлүүлэн дүрсэлж эдгээр сэдэвт найраглалын бүх хэсгүүдийг салаавчлан зангидсан нэвт үйлдлийн зарчмыг Штраус баримталсан ажээ. Тэрээр олон хоолойн болон найрал хөгжмийн их ур чадвартан болохоо анх энэ зохиолдоо ялангуяа түүний багт наадмын хэсэгт тод харуулсан байна. “Дон Жуан” бол Р. Штраусын анхны суут бүтээл, тэр ч атугай дараачийн зохиолууд нь түүний зиндаанд хүрээгүй биз. Зохиомж хэлбэр нь ийнхүү нэгдмэл болж чадсан зохиолыг хөгжмийн зохиолчоос олохгүй биз” хэмээн И. Соллертинский бичсэн байна.

Дон Жуан

“Дон Жуан”-аа бүтээсний дараа Р. Штраус ямар замаар явахаа баттай ойлгосон ажээ. Энэ цагаас янаг дурлалын гал төөнөсөн найраглал “Дон Жуан” ертөнцийг тойрох аяндаа гарсан билээ. Анхны тоглолтын дараа Штраус эцэгтээ:

„Хайрт аав аа! “Дон Жуан” асар их амжилт оллоо. Хөгжим маань ид шидтэй юм шиг дуугарлаа. Бүх юм үлгэр жишээ өнгөрч Ваймарынхан урьд дуулдаагүйгээр алга ташлаа“

гэж бичжээ.

“Баатрын амьдрал” найраглалдаа Штраус цуурхан хутгагч, бэртэгчин явдалтантай хийж буй өөрийн тэмцлийг өгүүлнэ. “Тэнэг мулгуу хэсэг амьтны хөх инээдийг эцсийн эцэст тэднийг ялан дийлж байгааг энэ зохиолд ёгтлон өгүүлжээ. Энэхүү баатар хэн болохыг эргэлзэхгүй нотлохын тулд Штраус “Дон Жуан”, “Макбет”, “Үхэл сэхэл”, “Тиль Уленшпигель”, “Заратустра”, “Дон Кихот”, “Гунтрам” зэрэг урьд бичсэн зохиолуудынхаа сэдвээс энэ зохиолоо ашигласан байна. Эл баатар бол Штраус өөрөө дүрээрээ мөн. Уг найргийн үзэл санаа бол Ницщегийн гүн ухааны индивидуалист номлолыг магтан дуулахад  зориулагдсан боловч түүний ер бишийн өргөн царааг үгүйсгэж болохгүй юм. Үүнийг батлах ганц жишээ дурдъя. Зохиогч энэ зохиолдоо модон үлээврийн ангийг 4 дахин нэмэгдүүлж, 7 валторн, 5 нарийн бүрээ, тенор болон аргил бүрээ, 3 тромбон, 2 их ятга, чавхдастын анги, цохивор хөгжмийн нэмэгдүүлсэн ангийг ашигласан байна.

“Гэрийн симфони” дээрхийн адил намтарчилсан зохиол боловч ширүүн тэмцлийн оронд аж төрлийн зураглалыг чухалчилсан байна. Хөгжмийн зохиолч энд нийгмийн сонирхлоос салангид санаа амьдралыг дүрсэлсэн боловч хувь хүн, түүний амьдрал, хувь заяа аливаа их хүнийхээс дутуугүй болохыг батлахад чиглэгдсэн байна.

“Үхэл сэхэл” найраглалаа 1890 онд анх хөгжимдүүлж хүмүүсийг нэг талаас айлтгаж, нөгөө талаас гайхал төрүүлжээ. Энэ зохиол 19-р зууны эцсээр Европт ноёлж асан сэтгэлийн хямралыг харуулахад зориуглагдсан байна. Штраус, амьдралд үл итгэх Шопэнгауэрийн гүн ухааны нөлөөнд ихэд автсаныг энэ зохиол батална. Энэ зохиолд залуу зандан насандаа үзэж амссан жаргал, зовлон хоёр нь учир утгагүй холилдон нүдэнд нь харагдаж энэ аюумшигт хий үзэгдэл, зовлонгоос яаран хагацах гэж эрмэлзэж буй баатрыг дүрсэлсэн ажээ. Штраус зөвхөн үхлийн тухай өгүүлээд зогсоогүй, хүн үхэлтэй хэрхэн тэмцэж байгаа үйл явцыг нүдэнд харагдмаар тодорхой дүрсэлсэн нь натурализм даруй мөн. Харин сэхээрлийн олон салаа сэдвээр үхэлтэй тэмцэж аажимдаа гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаа баатрын (хэдийгээр үхэж төгсөв) тэмцлийг үнэлэхгүй өнгөрч болохгүй юм. “Альпийн симфони” нь Штраусын симфони найрал хөгжмийн бүтээлийн өвөрмөц төгсгөл болдог юм. Альпийн байгалийг уран зураг мэт дүрслэхдээ натуралист арга хэрэглэсэн бөгөөд энэ зохиолын үнэ цэнэ зөвхөн найрал хөгжимд хэрхэн яаж бичих ур эрдмийг хөгжмийн зохиолч гайхамшигтай эзэмшсэнд оршино.  

Штраусын уран бүтээлийн хоёр дахь салбар дууриуд өргөн түгээмэл хэвээр байна. “Электра”, “Саломей” дууриудаа Вагнерийн зарчмыг баримталж нэвтрэн гарах сэдьийг өргөн ашиглан найрал хөгжмийн дүрслэлд гол анхаарлаа хандуулдаг нь Штраус симфонийн зохиолч гэдгийг дахин сануулна. “Электра” дуурь нь эртний герегийн сэдвийг жинхэнэ модернист аргаар сэтгэн дүрсэлсэн зохиол болно. Энэ зохиол хөгжмийн хэллэг, өгүүлэмжийн хувьд Штраусын хамгийн түвэгтэй дуурь бөгөөд түүнд нь Шөнбергийн модернист найруу эгшгийн угтал болсон атональ хэсгүүд хүртэл буй болсон байна. Түүнчлэн “Электра”, “Саломей” дуурьт мэдрэхүйг эрхэмлэн үнэлдэг экспрессионист урлагийн эхэн үеийн зарчим буй болж нүсэр зохирол, хөгжмийн түвэгтэй хэллэгийг хослуулдаг арга илэрч байдаг. Энэ арга дэлхийн нэгдүгээр дайны дараах германы хөгжмийн зохиолчдын дуурьт их тодорхой болсноос үзэхэд экспрессионист хөгжмийн театрын замыг Штраус засч өгснийг харуулна. Үүний зэрэгцээ Штраус энэ аргаас өөрөө ухарч дуурийн уламжлалт зарчимд эргэн орсон ажээ. Үүнийг “Ариадна Наксост” гэдэг дуурьт аялгууг голчилж, өмнөх зохиолууддаа эрхэмлэж байсан түвэгтэй найруу эгшиг, зохирлыг хялбарчлах болсон үзэгдэл батлах юм.

Штраусын хамгийн нэрд гарсан дуурь бол “Саргай цэцгийн эзэн” хошин дуурь бөгөөд энэхүү гэрэл гэгээт өнгө аястай зохиолдоо тэрээр, өөрийн эрхэмлэдэг найрал хөгжмийн цогцсын зэрэгцээ дуулаачийн хэсгүүдийг өрнүүлэхэд онцгой анхаарсан байна. Түүнчлэн эл дуурьтаа Венийн сонгодог вальсын аялгуу, хэмнэлийг хөгжүүлэн ашигласан нь  уг зохиолыг улам ч сонирхолтой болгодог. Баяр баясгалатай энэ хөгжим уг зохиолын гоо сайхны үзэл, амьдралд итгэх итгэлээр дүүрэн байгаагаар Штраусын өмнөх зохиолуудаас онцгой ялгарна. Штраусын сүүлийн үеийн бүтээлээс “Дуугүй хүүхэн”, “Сүүдэргүй хүүхэн” хоёр дуурийг дурдах хэрэгтэй. Энэ зохиолууд найрал хөгжим, дуулаачийн хөгжмийн бололцоо, баялаг аргыг гайхамшигтай хосолсноор онцгой байна. Энэхүү хоёр дуурийн цомог зохиолыг австрийн нэрт зохиолч Стефан Цвейг бичсэн ажээ. 19-р зууны сүүлч, манай зууны эхэн хагасын германы хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Р.Штраус уран бүтээлийн түвэгтэй зам туулж урт насалсан билээ. Хөгжим зохиох туршицыг 6 настайдаа эхэлж анхны симфонио 17 нас хүрээгүй байхдаа хөгжимдүүлж “Есдүгээр сар” хэмээх дуугаа 1949 онд дуулуулсан байна. Энэ дуу түүний эцсийн дуулал байжээ. Р. Штраус 85 насалж ер бишийн олон зохиол туурвисан боловч түүний эрт үеийн зохиолууд нь жинхэнэ суут бүтээл болж хөгжмийн өв санд үлдсэн юм.

Штраусыг хоёр зууны зааг дээрх германы хөгжмийн онцгой өвөрмөц төлөөлөгч хэмээн зүй ёсоор үздэг. Тэрээр хожуу үеийн хөгжмийн романтизмыг дүрслэл хэллэг, найрал хөгжмийн янз бүрийн аргаар баяжуулж экспрессионизмын эхийг тавьж хөгжмийн залуу үед асар их нөлөө үзүүлжээ. Хэдийгээр Штраусын зарим бүтээлийн агуулга индивидуалист хандлагатай натуралист аргатай боловч түүний бүтээлийн хамаг шилдэг сайн нь дэлхийн хөгжмийн ололт амжилт болж үлджээ. Ялангуяа орчин үеийн хөгжмийн зохиолчдын анхаарлыг ер бишээр татсаар байгаа найрал хөгжмийн бичлэгийн гайхалтай ур эрдмийг үнэлэх ёстой. Р. Штраусыг өнгөрөгч зууны 90-ээд оны хөгжмийн модернизмын төлөөлөгч гэж үздэг бөгөөд тэрээр Ницшегийн идеалист гүн ухааныг шүтэж байснаас түүнийг германы хөгжмийн танхимын ерөнхийлөгчөөр өргөмжилсөн билээ. Энэ байдал зарим хүмүүсийг Р. Штраус нацистуудад биеэ худалдсан мэт ойлголтод хүргэсэн явдал бий. Гэвч цагийг эзэлсэн их уран бүтээлийн ёсоор Штраус рейхийн энэ албан тушаалаас төдөлгүй татгалзаж амьдралынхаа сүүлийн жилүүдийг гэрийн хоригдлын байдлаар өнгөрүүлсэн билээ. Түүнийг гадаадад гарахыг хориглосон бөгөөд тэгээд ч насанд дарагдсан хөжмийн их зохиолч төрж өссөн эх орноосоо хагацан зовохыг хүсээгүй байна. Рихард Штраус ийнхүү Германы хоёрдугаар, гуравдугаар гүрнийг мөхтөл амьдарч бүтээж, үе тэнгийнхнийхээ ихэнхийг өнгөрөөж 1949 онд нас барсан байна.

Хөрөнгөт нийгэм, империализмын харгис нөхцөлд амьдарч бүтээсэн бүтээлчийн зохиолд тэр нийгмийн үзэл санааны зөрчил хямрал, сүүдэр туссан байх боловч бүхэлд нь түүний туурвилын  үнэ цэнэ, ач холбогдлыг үгүйсгэж хэрхэвч болохгүйг түүх онцлон сургадаг. Энд бид сайн талыг сүүдэртэй талаас ялгажүзэх ёстой. Харгис бурангуй үед амьдарсан бол урлагт харгис үзэл нэвтрүүлсэн, урлал туурвил нь харгис хортой гэж үзэж хэрхэвч болохгүй. Энэ бүхэн Р. Штрауст шууд хамаатай.

Р. Штраус бол хөгжмийн урлагт шинийг эрж олж, олон зүйлээр түүнийг баяжуулсан их туурвилч мөн.  

  • 1887-88: “Дон Жуан”
  • 1888-90: “Макбет”
  • 1890: “Үхэл сэхэл”
  • 1896: “Заратустрийн айлтгал”
  • 1895: “Тиль Уленшпигель зугаатай явдлууд”
  • 1897: “Дон Кихот”
  • 1898: “Баатрын амьдрал” - яруу найраглалууд
  • 1903: “Гэрийн”
  • 1915: “Альпын - симфониуд
  • 1906-08: “Электра”
  • 1905: “Саломей”
  • 1910: “Саргай цэцгийн эзэн”
  • 1912: “Ариадна Наксост”
  • 1914-15: “Сүүдэргүй хүүхэн”
  • 1935: “Дуугүй хүүхэн”

зэрэг 15 дуурь, төрөл бүрийн хөгжмийн гоцлол, чуулгад зориулсан зохиолууд, дуу, найрал дуунууд, бүжгийн жүжгүүд зэрэг.

 Commons: Рихард Штраус – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Gilliam & Youmans 2001
  2. "Richard Strauss facts, information, pictures". encyclopedia.com. Татаж авсан: 29 April 2017.