Родос арлын Гелиосын хөшөө
Родос арлын Колоссус (Англи хэл:Colossus of Rhodes) нь МЭӨ 292 – 280 оны хооронд уран барималч Линдосын Чаресын удирдлага доор Грекийн Родос арал дээр байгуулагдсан бөгөөд Эртний Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд ойролцоогоор 30 метр өндөртэй байсан.[1] Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж тооцогддог.
Родосын бүслэлт
[засварлах | кодоор засварлах]Македоны Аугаа Александр хаан МЭӨ 323 оны орчимд нас барахад, тухайн цаг үед түүний хаан ширээг хэн орлон үлдэх нь тодорхойгүй байлаа. Түүний жанжид хаан ширээний төлөө хоорондоо тулалдан, эзэнт гүрэн бутарч, 4 хэсэг хуваагдсан бөгөөд Газар дундын тэнгис орчмын бүс нутгийг жанжин Диадокус удирдах болсон байна. Родос арлынхан Александрын өөр нэг жанжин болох Египетийн эзэн Птолемейг дэмжиж байсан бөгөөд Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийг хяналтандаа байлгах гол түшиц газар болон цэцэглэн хөгжиж байлаа.
Бага Ази, умард Сирид байгуулагдсан Антиохын эзэнт улсын хаан Антигонус I Монофталмус “нэг нүдэт хаан” (Мөн Александрын жанжин) МЭӨ 305 онд өөрийн хүү Македоны I Дмитриуст 40000 цэрэг бүхий флот өгч Родос арал руу дайруулснаар энэ үйл ажиллагаа зогссон юм. Арлынхан хотоо сайн хамгаалж байсан ба хотын хэрмийг Хелеполис гэж нэрлэдэг нураагч цамхаг ашиглан давж эзлэн авахыг оролдсон боловч амжилтанд хүрэхгүй байв. МЭӨ 304 онд холбоотон Птолемей тусламжийн цэрэг явуулахад Дмитриус завь, хэрэм нураах тоног төхөөрөмжөө орхин ухарсан байна. Родосынхан ялалтын баяраа тэмдэглэж байх үедээ дайсны орхисон тоног хэрэгслүүдийн нэгнээс 300 талент (өнөөгийн америк долларын ханшаар 150 сая орчим) олжээ. Үүнийг хэрхэн зарцуулах тухай Родосынхан зөвлөлдсөний эцэст дайнд ялалт авчрахад тусалсан нарны бурхан, хамгаалагч Гелиост зориулан, талархал илэрхийлж аварга том хөшөө босгохоор шийдэцгээсэн байна. Барилгын ажлыг Родос арлын Линдосын Чарес удирдсан юм. Түүний багш нь Тарентум дахь 30 м өндөр Зевс бурхны хөшөөг урлагч алдарт Лисиппос байсан.
Бүтээн байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Тухайн үеийн шинжлэх ухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын орох хэсгийн амны 15 м гүн усанд аварга чулуун тулгуур багануудыг зоож, хөшөөг байрлуулахаар шийдсэн байна. Хөшөө өөрөө ойролцоогоор 30 м өндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт нь дохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж, гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүрсэн байна. Хөшөөний зэс болон төмөр эдлэлийг Димитриусын армийнхны хаягдсан зэр зэвсэг, тоног төхөөрөмжөөс гарган авчээ. Хөшөөний дээд хэсэгт аварга том дөлөн хүрээг шавраар урласан байна. Баримлыг хийх явцад түүнийг тойрон асар том хог шороо, чулуун овоо, дов бий болсон бөгөөд алсаас харахад галт уул мэт харагддаг байв. Уран барилга бүрэн хийгдэж дуусмагц лаг шавар, шороо хогийг бүрэн зайлуулжээ. Энэхүү аварга хөшөөг 12 жилийн турш барьсан бөгөөд МЭӨ 280 онд бүрэн дууссан байна.
Сүйрэл
[засварлах | кодоор засварлах]Гелиосийн хөшөө нь 54 жилийн турш сүндэрлээд МЭӨ 208 онд Родос аралд болсон газар хөдлөлтөөр сүйрчээ. Хөшөө өвдөгний хэсгээрээ хугарч, газарт унасан байна. Птолемей III хаан хөшөөг дахин сэргээхэд туслахыг хүссэн боловч Родосчуудын зөнч лам нар Гелиос бурхны хилэнгээр нурсан тул дахин бүтээх хэрэггүй гэж үзэн саналыг зөвшөөрөөгүй байна. Уг хөшөөний үлдэгдэл 800 жилийн турш харагдсаар байсан бөгөөд аялагчид түүнийг гайхан биширдэг байжээ гэж Страбо тэмбэглэсэн байдаг. Хөгшин Плинигийн тэмдэглэснээр зөвхөн эрхий хурууг нь гэхэд л хэд хэдэн хүн гар гараа алдлан тойрон хүрээлэхээр тийм том байсан ажээ.
МЭ 654 онд Арабын жанжин Муавиа Родос арлыг эзэлж авсныхаа дараа Эдессийн худалдаачдад Гелиосын хөшөөний эвдэрхий үлдэгдлийг зарсан байна. Хөшөөний зэс хучмалын үлдэгдлийг зөөхөд 900 тэмээ хэрэгтэй болж байсан нь хөшөөний хэр аврага болохыг илтгэж байна. Өнөөгийн бидний төсөөлдөг боомтын 2 эрэгт хөлөө жийн унаж зогссон зураг /дээр буй/ нь хэдэн зуун жилийн дараа хөшөөг санаанаасаа зохион зурсан уран сэтгэмжүүд юм. Олон хүмүүс хөлийнх нь хоорондуур усан онгоц хөвөн явж буй аварга хүрэл хөшөөгөөр төсөөлдөг билээ. Тухайн үеийн технологиор хөлөө жийн зогссон хөшөөг хийх боломжгүй байсан. Яагаад боломжгүй талаар 2 тайлбар байдаг:
- Хэрвээ боомтын аманд хөлөө жийн унаж зогссоноор хийх байсан бол нурах үедээ боомтын амыг бүрэн хааж усанд унах байсан. Иймээс боомтоос гарах эсвэл орох шаардлагын улмаас түүний үлдэгдлийг зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй болно. Родосчуудын хувьд энэ нь ямар ч боломжгүй зүйл болно.
- Газар хөдлөлтөөр нурсан нурангийг уснаас гаргаагүй байлаа гэж бодоход хүмүүс 800 жилийн турш түүний үлдэгдлийг харж, түүнийг гайхан ярилцах ямар ч боломжгүй юм. Хөшөөний бүтцэд бараг тэр чигээрээ зэс шавар орсон байгаа нь түүний даацад нөлөөлж бага зэргийн газар хөдлөлтөд сүйрэх шалтгаан болсон байна.
Орчин үед Колоссусын талаар
[засварлах | кодоор засварлах]- Хамгийн алдартай нь Нью Йорк хотын Эрх чөлөөний хөшөөнд бичигдсэн Эмма Лазарусын “Шинэ Колоссус” хэмээх шүлэг юм. 1989 онд Родос арлын эргийн далайн усан доор Колоссусын суурийг хайсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй байна. Жуулчдыг татах зорилгоор дахин шинээр барихаар хэлэлцүүлэг явуулж, төслийг нь 1970 онд хийсэн ч 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайн улмаас зогссон байна.
Орчин үед бий болсон Родос арлын Колоссын талаарх үлгэр домгууд
[засварлах | кодоор засварлах]- “Астерикс Олимпын тоглолтод” комик номд Родос арлыг төлөөлж Олимпод оролцохоор Колоссус ирдэг тухай гардаг байна.
- Найруулагч Сержио Лионь энэ талаар 1961 онд кино хийсэн байна.
- Силвиа Плат “Колоссус” гэж найраглал бичжээ.
- Плэйстэйшн 2 консол дээрх “Бурхдын дайн II” тоглоомд гардаг
- Австралийн яруу найрагч Мэтью Рэйли “Эртний дэлхийн 7 гайхамшиг” найраглалдаа өгүүлжээ.
- Л.Спраги де Камп “Родосын хүрэл бурхан” зохиол бичсэн байна.
- “Х-хүмүүсийн домог” видео тоглоомд Родосын аврага нэрээр орсон байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Higgins, Reynold (1988) "The Colossus of Rhodes" p. 130, in The Seven Wonders of the Ancient World, Peter A. Clayton and Martin Jessop Price (eds.). Psychology Press, ISBN 9780415050364.