Салбар уулын хятан бичээс
Салбар уулын хятан бичээс нь Хятаны үеийн бичгийн дурсгал.
Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Өндөрхаан хотоос баруун тийш 30 км зайд Салбар хэмээх уул оршдог. Салбар уулын Ханан хадны бичээсийн тухай анх 19-р зууны эцсээр академич В.Радловын “Орхоны экспедицийн тайлан”-нд орсон байжээ. Судар бичгийн хүрээлэнг байгуулагдсаны дараахан тус хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Ч.Бат-Очир түүнийг биечлэн үзэж хуулж ирсэн ба 1940 онд Ц.Пунцагноров газар зүйн экспедицэд оролцон явахдаа бас нэгэн хагас хуулгыг авчирчээ.
Салбарын Бичигт ханангийн бичээс их бага хоёр хэсгээс бүрддэг. Их бичээс нь 3 мөр, 17 дүрс үсэг, бага бичээс нь 1 мөр, 7 дүрс үсэг юм. Их бичээс нь уншигч хүний баруун гар талд, бага бичээс нь солгой гар талд тус тусдаа сийлэгджээ. Ажиглан үзвэл, бага бичээс нь их бичээсийн тэтгэсэн он сар шиг сэтгэгдэл төрүүлдэг. Их бичээсийг ажиглавал, 1-р мөр нь бусдаасаа богинохон дөрөвхөн үгтэй боловч 2-р мөрөөс бага зэрэг өргөж дээдлэн тэтгэсэн байдалтай, 2-р мөр нь 3-р мөрөөс бас бага зэрэг дээр сийлэгдсэн байна. Бичээсийн мөрүүдийг тийнхүү дээр, дунд, доогуур эхэлж сийлсэн байдал нь монголчуудын бичиг хэрэг хөтлөлтөнд баримталж байсан ноёлох том хүний нийгэмд эзлэх байр, эрх ямбыг харгалзан түүний цол хэргэм, алдар нэрийг буюу айлдсан, зарлиг буулгасан, захиран тушаасан үгийн эхний үсгийг дээр, дунд, доохноос эхлэн бичиж тэр хүнийг хүндэтгэдэг журмыг санагдуулдаг.
Эрдэмтэн Х.Пэрлээ Салбарын Бичигт Ханангийн бичээс болон тамган дүрс зэргийг судлаад НТ-ын X-XI зууны Хятан улсын их бичигтэй холбон үзэж, уг дурсгалыг үлдээгч¬дийн удам нь бусад газрын хадны тамган дүрс хоцроогсодтой нийтлэг гаралтай бөгөөд хожим монгол нэрийн дор ондоошин үлдсэн гэж урьдчилсан дүгнэлт хийсэн билээ.