Самдангийн Тараа

Самдангийн Тараа нь Монголын хөгжмийн зохиолч, найрал дууны багш-удирдаач. 1953 оны 03-р сарын 30-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Сумын бага сургуульд орж суралцаж байгаад 1963 онд 10 настайдаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 1968 онд Баатар хот Москвагийн нэрэмжит нийслэлийн 33-р дунд сургуулийн 8-р ангийг төгссөн. 1968-1972 онд Багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж төгсөн дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшсэн. 1979-1986 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийг найрал дууны багш-удирдаач мэргэжлээр дүүргэсэн. 1986 онд Хөгжмийн их сургуулиа төгсөөд Зүүн Германд мэргэжил дээшлүүлсэн.

1973-1977 онд Монголын пионер сурагчдын ордонд найрал дууны багш, 1977-1979 онд Цэцэрлэгийн багшийн сургуульд хөгжмийн багш, 1986-1988 онд МҮЭ-ийн Соёлын төв ордонд хөгжмийн багш, 1988-1995 онд "Варьете" чуулгад хөгжмийн зохиолч-удирдаач, 1995-1997 онд "Цагаан уул" киностудид хөгжмийн зохиолч, 1996-2013 онд ЦДБЭЧ-ийн удирдаач, ерөнхий удирдаач, ерөнхий хормейстр, хөгжмийн зохиолчоор ажиллажээ.

1990 онд МХөЗЭ-ийн гишүүнээр элссэн.

"Алтан гадас" одон, БХЯ-ны "Хүндэт тэмдэг", Хилийн цэргийн "Хүндэт тэмдэг", "БХЯ-ны "Хүндэт жуух бичиг", Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, МХөЗЭ-ийн нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.

1972 онд Багшийн сургууль төгсөхдөө "Шанзны гоцлол" концерт бичсэн. 1973 оноос манай алтан үеийн суут хөгжмийн зохиолчдын нэг С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалган 1974 оноос "Хараацай минь нисээрэй", "Багачуудын ордон" зэрэг дуугаар дууны уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Түүний "Ээжийн бүүвэйн дуу", "Хүйн ээж", "Эмчийн сэтгэл", "Миний хань", "Танго", "Жаахан цэрэг", "Цэргийн бүсгүй" зэрэг хүмүүний сэтгэлийн чавхдсыг эрхгүй хөндөх содон аялгуутай олон сайхан дууг монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ.

Ц.Зоригтсайханы шүлэг, С.Тараагийн хөгжим "Бурхан чөтгөр хоёрыг аргаа барсан мөчид Буурал дээдсийн голомты нь айж түгших агшинд Амьдрал, үхэл хоёрын амсар нийлсэн уулзвараас Аврал эрсэн биесийн минь алтан хэлхээг салгасан Ээжээс минь өмнө энхрийлж намайг тэвэрсэн Эрлэгийн үүдийг хаасан ээж - хүйн ээжий" гэсэн үгтэй энэ дуу он цагийн шалгуураар хэдийнээ Монгол түмний удам залгах энхрий бяцхан үрсийг эндэл осолгүй эх барьж авах энхийн манаанд зогсох эх баригчдын сүлд дуулал болжээ.

1980-аад оны сүүлээр Монголд анх "Варьете" чуулга байгуулагдахад Соёлын Яам, МХөЗЭ зэрэг удирдах дээд байгууллагын шийдвэрээр томилогдон очиж 1990-ээд оны дунд үе хүртэл ажиллахдаа бие даасан эстрад симфони найрал хөгжмийг байгуулж хөгжмийн зохиолч-удирдаачаар ажиллаж байв. 1995 оны эхээр өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийж үзэгч сонсогчддоо толилуулсан.

Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн системд шилжсэн хүнд үе 1995 оноос Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад тасралтгүй 17 жил ажиллажээ.

Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулж бичсэн "Чингис хаан" рок дууриараа 2006 онд БСШУЯ-ны "ОНЫ ШИЛДЭГ" уран бүтээлийн шагнал хүртсэн. 150 гаруй хүний бүрэлдхүүнтэй, цаг хорин минутын турш үргэлжлэх уг бүтээлээ тэрбээр ари романс, хоршил, үглэл дуу зэрэг сонгодог дуурийн бүхий л төрлүүдэд түшиглэн зохиохдоо уртын дуу, хөөмэй зэрэг ардын язгуур урлаг, дуу бүжгийг рок хөгжмийн хэв маягтай нягт уялдуулан хослуулж хөгжмийн шинэ төрөл урсгал болох "рок дуурь"-ийг Монголын хөгжмийн урлагт төдийгүй Азид анх удаа гаргаж ирсэн юм.

Тэрээр соёл урлаг, боловсролын байгууллагуудад багшлахдаа залуу үеийг сурган хүмүүжүүлж, мэргэжлийн хөгжимчид, багш нарыг бэлтгэхэд өөрийн авъяас билэг, ур чадвараа бүрэн дайчлан ажиллаж Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Тайз дэлгэцийн бүтээл

  • Дуурь
    • "Чингис хаан" рок дуурь (Д.Ганзоригийн цомнол)
    • "Цогт тайж" дуурь (Д.Дашдондовын цомнол)
  • Уран сайхны кино (16 киноны хөгжим бичсэн)
    • "Амьдрал"
    • "Ахадсан ачаа"
    • "Жин дунгуй"
    • "Зүрх зогсохгүй"
    • "Миний охин ээждээ ир"
    • "Санан санан дурсана"
    • "Сүүгээр амилсан хорвоо"
    • "Худгийн мисс"
  • Дуу-хөгжмийн чуулбар
    • "Миний сайхан хөдөө"
    • "Намуун үдшийн бороо"
  • Бүжиг (10 бүжгийн хөгжим бичсэн)
    • "Галын бүжиг"
    • "Хатдын бүжиг"
    • "Хилчин"
    • "Хорин нэгэн Дарь-Эх"
    • "Хөдөөгийн залуус"

Дан хөгжмийн бүтээл

  • "Алтай" симфони найраглал
  • "Шанзны гоцлол" концерт (1972)
  • "Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт"
  • "Морин хуурын квартет"
  • Хийл, виолончель, төгөлдөр хуурын гурвал концерт
  • "Аяз" - эстрад найрал хөгжим

Дуулаачийн бүтээл