Jump to content

Сангидоржийн Сансаргэрэлтэх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сангидоржийн Сансаргэрэлтэх (1969 онд Улаанбаатарт төрсөн) нь Монголын хөгжмийн зохиолч.

Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолч, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Сангидоржийн удам залгасан уран бүтээлч юм. Тэрбээр 6-7 настайгаас хөгжимд дурласан. Гэхдээ өөрөө дурласан гэж хэлэхгүй. Түүний аав дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь хөгжимд оруулсан. Сансаргэрэлтэх болон түүний эгч дүү нар анхнаасаа л аавын хатуу шаардлагын дор хөгжмөө давтдаг байсан. Тэгээд сүүлд хөгжмийн зохиолчийн амьдралыг үзэх үзэл нь төлөвшөөд ирэх үедээ хөгжим бол агуу зүйл юм байна шүү гэдгийг илүү ойлгосон гэдэг. Тэрбээр хөгжмийн зохиолч болоогүй байсан бол зураач болох байсан гэдэг. Учир нь тэрбээр хөгжмөөс түрүүлж зурж байсан бөгөөд өөрийнхөө хүсэл сонирхлоор нилээд эрчимтэй зурдаг байсан.

Сансаргэрэлтэх 1989 онд Хөгжим Бүжгийн Дунд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр улаан дипломтой дүүргэж, мөн жилдээ Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр ЗХУ-ын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Алберт Леманы удирдлага дор суралцаж, 1995 онд тус сургуулийнхаа аспирантурт дэвшин суралцаж 1997 онд Урлагийн Магистр цолтойгоор төгсжээ. Мөн тэрээр Испанийн Мадрид хотын Хааны дэргэдэх хөгжмийн академид 1997-1999 онуудад үргэжлүүлэн суралцаж төгсгөсөн байна. Тэрбээр Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Монголын хөгжмийн зохиолчдоос төрийн соёрхолт Л.Мөрдөрж, С.Гончигсумлаа нарын дараа дүүргэсэн 3 дахь хөгжмийн зохиолч бөгөөд түүний эгч Саянцэцэг мөн л энэ сургуулийг дүүргэсэн төгөлдөр хуурч юм.

Уран бүтээлийн түүхэн замнал[1]

[засварлах | кодоор засварлах]

1999 онд эх орондоо ирсэн жилдээ "Төгөлдөр хуурын 1-р цомнол" нь оны шилдэг бүтээл болж, "Алтан Намар" хөгжмийн наадмын өргөмжлөлийг хүртсэн байна. 2000 онд Америкийн нэрт хөгжимчин Ёо-Ёо Магийн захиалгаар "Хар Хорин" зохиолыг бичиж, тэр жилдээ Америкт уригдан 2000-2003 онуудад “Торгоны зам” хөгжмийн наадамд ээлж дараалан уригдаж, түүний зохиолыг АНУ болон баруун Европын нэр бүхий танхимд тоглож байсан байна. 2003 онд АНУ-ын нэртэй, дорно дахины хөгжим судлаач Теодор Левиний урилгаар Нью-Хэмпшир муж улсын Дартмутын их сургуульд xөгжмийн зохиолчийн мэргэжлээр 6 сарын сургалтад уригдаж, хөгжмийн зохиолч Жон Абелтонтой электрон хөгжмийн зохиомжийг судалсан байна.

Түүний бүтээлүүд нь Орос, Герман, Польш, Испани, Голланд, Бразил, Хятад, АНУ, Швед, Украйн, Эквадор, Монгол зэрэг орнуудад тоглогдсон. Түүний төгөлдөр хуурт зориулсан 1 дүгээр цомнолыг АНУ-ын хэд хэдэн төгөлдөр хуурч урын сандаа оруулж CD гаргасан байна. 2012 онд тэрээр аав, УГЗ Ч.Сангидоржид зориулан “Хүн Байгаль Хоёр” төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концертыг бүтээж, 2013 онд Монгол ба Эквадорт тоглосон. Тэрээр найруулагч С.Бямбатай 2010 оноос хамтран, түүний найруулсан "Хүсэл шунал" баримтат болон "Алсын удирдлага" уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж, Бусан, Тайвань, Мексикийн олон улсын кино наадмын тэргүүн шагналыг тус тус хүртсэн болно. Мөн 2012 онд УДЭТ-ын найруулагч Төрийн Соёрхолт Наранбаатар найруулагчтай хамтран В. Шекспирийн Гамлет жүжгийн хөгжмийг бүтээсэн нь 2012 оны "Гэгээн Муза" наадмын шилдэг жүжгийн хөгжим шагналыг хүртсэн уран бүтээлч билээ. Тэрээр одоо АНУ-д ажиллаж, амьдарч байна.

Хилийн чанадад өөрийнхөө хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, өрөөлийн хүүхдүүдэд ч төгөлдөр хуур, хөгжим зааж байгаа С.Сансаргэрэлтэх Чингис хааны сэдэвтэй “Тэмүүжин”, “Жамуха”, “Хархорин” гээд гурван том симфони бичжээ. Мөн Чингис хааны холбогдолтой “Рубрукийн аялал”, “Өэлүн үжин ижий” гэх мэтчилэнгийн том хэлбэрийн зохиолууд туурвисан байна. 

Тоглосон уран бүтээлүүд[2]

[засварлах | кодоор засварлах]
  • 1993 - Хийл, төгөлдөр хуурын тоглолт
  • 1994 - Төгөлдөр хуурын тоглолт
  • 1995 - Симфони 1
  • 1996 - Винсент ван Гог хийлийн тоглолт
  • 1996 - Wind Quintet, flute, oboe, clarinet, French horn, bassoon
  • 1997 - Чавхдаст хөгжмийн дөрвөл
  • 1999 - Piano Works, Volume I
  • 2000 - Хар Хорим симфони тоглолт
  • 2003 - Wind of Memory тоглолт

Авсан шагнал урамшуулал

[засварлах | кодоор засварлах]
  • Монголын хөгжмийн зохиолчдын хорооны нэрэмжит шагнал
  • "Алтан намар-2008” оны шагнал
  • 2012 оны "Гэгээн Муза" наадмын шилдэг жүжгийн хөгжим шагнал
  • 2013 МУСТА болон "Алтан гадас" одон
  1. Зууны мэдээ сонин
  2. http://www.composers21.com/compdocs/sangidorj.htm