Чойгивийн Сангидорж
Чойгивийн Сангидорж (1939-2012) — Монголын нэрт хөгжмийн зохиолч. Ч.Сангидорж нь 1939 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Чойгивийн 3-р хүү болон мэндэлсэн ажээ.
Бага дунд сургууль, Улаанбаатар хотын "Хүн эмнэлгийн техникум"-ын эм зүйчийн анги, 1962-1966 онд Багш нарыг Бэлтгэх Сургуулийн хөгжмийн багшийн анги, ЗХУ \хуучин нэрээр\-ын Казахстаны Алма-Ата хотын Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжмийн мэргэжлийн ангид тус тус суралцсан бөгөөд 1978 онд УБДС-ийг хөгжмийн багшийн мэргэжлээр суралцаж төгссөн байна.
Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж нь 1960 -аад оны дунд үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Хатан тунамал Туул" зэрэг нийтэд алдартай 500 гаруй дуу, "Хамгийн сайхан ээж", "Хүүгийн бодол" зэрэг 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл туурвиж ард олныхоо хүртээл болгосон юм. Түүний дуун уран бүтээлүүд нь байгаль эх дэлхий, элбэрэл журам, гүн хүндэтгэлийн утга агуулга шингэсэн уянга аялгуугаараа сонсогчдийн таашаалыг байнга хүлээсээр ирсний зэрэгцээ мэргэжлийн болон ардын авьяастнуудын дуулах ур чадварыг хөгжүүлэхэд их хувь нэмэр болсоор иржээ. Тэрчлэн анхны "Морин хуур 87" наадмыг Д.Банзрагчийн шүлгээр аялгуулсан "Монгол далай" дуугаараа тэргүүлж байсан бол, 2002 онд Ай. Төмөр-Очирын шүлгээр аялгуулсан "Дэнхэр цэнхэр тогоруу" дуугаараа тус наамдын тэргүүн шагналыг 2 дахь удаагаа хүртэв. Мөн "Зулай цагаан Алтай", "Монгол далай" зэрэг дууных нь хөшөөг орон нутагт нь босгон мөнхөлсөн юм.
Ч.Сангидорж нь "Хирошима 1945", "Рихард Зорге" зэрэг симфони уран сэтгэмж, "Халх гол" симфони найраглал, симфони удиртгал, төгөлдөр хуурын сонатууд, ардын дууны 60 гаруй найруулга, прелюди 50 гаруй, жүжиг киноны хөгжим зэрэг дан хөгжмийн олон арван бүтээлүүдийг туурвиснаас төгөлдөр хуурт зориулсан 3,4, 11 дүгээр сонатууд нь өөрийн гэсэн өвөрмөц дуурьсал,хэм хэмнэлийн эрхэмлэг шинж, арвин баялаг өнгө будаг, шинэлэг өнгө аясаараа бусдаас тод ялгардаг юм.
Ч.Сангидорж нь соёл урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан багш, сурган хүмүүжүүлэгч төдийгүй, сургаж бэлтгэсэн олон шавь нар нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагт хийгээд боловсролын байгууллагуудад үр бүтээлтэй ажиллацгааж байна.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж 2003 онд "Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн" цол, "Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон", "Боловсролын Тэргүүний Ажилтан", "Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгүүд, "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн шагнал", "Байгаль орчны Тэргүүний ажилтан", Говь-Алтай аймгийн "Хүндэт иргэн" -ээр тус тус шагнасан байна.
Ч.Сангидорж 2012 оны 3-р сарын 21-нд АНУ-ын Вашингтонд таалал төгссөн.
- Монголын хөгжмийн зохиолч
- Хөгжмийн багш
- Эм зүйч
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Казахстаны их сургуулийн төгсөгч
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн
- Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
- Говь-Алтай аймгийн хүндэт иргэн
- Монголчууд
- 1939 онд төрсөн
- 2012 онд өнгөрсөн