Jump to content

Сато Эйсакү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сато Эйсакү

Сато Эйсаку (япон. 佐藤 榮作 Сато: Эйсаку, 1901 оны 3-р сарын 27-нд Ямагучи аймагт төрсөн—1975 оны 6-р сарын 3-нд Токио хотод нас барсан) — японы Төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1964 оны 11-р сарын 9-нөөс —1972 оны 7-р сарын 7-ны өдөр хүртэл Японы Ерөнхий сайдаар ажиллсан. 1964 оноос 1972 онуудад Либерал-Ардчилсан намын дарга. 1974 оны Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн.

Засгийн газрын Танхимын Тэргүүн нарийн бичгийн дарга (1948-1949), Харилцаа холбооны сайд (1951-1952), Шуудангийн сайд (1951-1952), Барилгын сайд (1952-1953), Сангийн сайд (1958-1960), Худалдаа аж үйлдвэрийн сайд (1961-1962)). Хоккайдогийн хөгжлийн газрын дарга (1951-1952, 1962-1964), Шинжлэх ухаан, технологийн газрын дарга (1963-1964).

Тэрээр тэтгэвэрт гарсан төрийн түшмэл, сонирхогч яруу найрагч, "саке" архи үйлдвэрлэгч Хидэсүке Сато-гийн гурван хүүгийн отгон нь болж төржээ. 1924 онд Токиогийн их сургуулийг хууль зүйн анги төгссөн. Их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр би ирээдүйн намын хамтран зүтгэгч, Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Хаято Икэдатай танилцаж байжээ.

1923 онд Төрийн албан хаагчийн шалгалтыг амжилттай өгөөд 1945 он хүртэл Төмөр замын яаманд янз бүрийн албан тушаал хашиж байжээ. Дэлхийн 2-р дайнд Япон бууж өгсний дараа тэрээр Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн байна.

1948-1949 онд - Шигэрү Ёшидагийн 2-р танхимын ерөнхий нарийн бичгийн дарга. Ёшида дэлхийн 2-р дайн дууссаны дараа түүнийг Засгийн газарт оруулахыг оролдсон боловч нөлөөтэй байсан Америкийн эрх баригчид түүний авга ах Нобусуке дайны өмнөх Засгийн газрын гишүүн байсан бөгөөд дайны гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байсан тул Сатог томилохыг хориглосон байна.

1949 оноос хойш Сато Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн юм. 1949-1964 онд янз бүрийн салбарын сайдын албыг хашсан. 1953-1954 онд -Японы Либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга.

1958 онд Нобусукэ Киши Японы Ерөнхий сайд болж, дүүгээ Сангийн сайдаар томилов. 1960 онд түүнийг Сатогийн ангийн найз Хаято Икэда Ерөнхий сайдаар сольж, Гадаад худалдаа, аж үйлдвэрийн сайдын албан тушаалыг түүнд санал болгов. 1962 оны 7-р сард Сато албан тушаалаа орхиж, гадаадад томилолтоор явж, Франц, АНУ болон бусад том гүрнүүдийн удирдагчидтай уулзав. Дараа нь Икедатай санал зөрөлдсөн ч Сато 1963 оны 7-р сард албандаа буцаж ирэв. Сонгуульд ялбал Засгийн газраа толгойлохын тулд намын даргад өөрийгөө нэр дэвшүүлсэн. Хэдийгээр Икеда удирдлагыг хэвээр үлдээсэн ч эрүүл мэндийн шалтгаанаар 1964 оны 10-р сард огцрохоос өөр аргагүй болсон. Икеда хэсэг эргэлзсэний эцэст Сатог залгамжлагчаар томилж, 1964 оны 11-р сарын 9-нд парламент түүнийг Ерөнхий сайдаар томилсон байна.

1964 оны 11-р сараас 1972 оны 7-р сар хүртэл Сато эрх баригч Либерал ардчилсан намын дарга, ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүний үед эдийн засгийн өсөлт тогтворжсон. Үүний зэрэгцээ түүний гадаад, дотоод бодлогыг эсэргүүцсэн зүүний оюутны хөдөлгөөнтэй тулгарч байжээ.

Эйсаку Сатогийн Засгийн газрын гадаад бодлогын үндсэн чиглэл нь АНУ болон түүний холбоотнууд руу чиглэсэн, Япон-Америкийн цэрэг-улс төрийн холбоо, АНУ-тай эдийн засгийн харилцаа холбоог хадгалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн байв. Сато Япон улсын хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байв. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Японы түрэмгийлэлд өртөж байсан Өмнөд Солонгостой (1965) харилцаа хэвийн болж, дипломат харилцаагаа сэргээсэн байна.

1972 оны 7-р сард нам дотоод санал зөрөлдөөнөөс болж Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорчээ. 1975 оны 5-р сарын 19-нд Сато ресторанд үдийн хоол идэж байхдаа тархинд нь цус алдаж хоёр долоо хоногийн дараа тэр нас барсан байна.

Нобелийн шагнал

[засварлах | кодоор засварлах]

Сато Японы "Цөмийн зэвсгээс ангид байх гурван зарчим"-ыг тунхаглаж, 1974 оны Нобелийн энх тайвны шагналыг Ирландын нийгэм, улс төрийн зүтгэлтэн Шон Макбрайдтай хувааж авсан юм. Шагналыг хүлээн авах үеэрээ Сато ЗХУ, АНУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахыг уриалсан байна. Мөн атомын энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах олон улсын гэрээ байгуулах шаардлагатай байгаа талаар ярьжээ.