Сергей Миронов
Сергей Миронов (орос. Серге́й Нау́мович Миро́нов, жинхэнэ нэр нь — Мирон (Меер) Иосифович Король, 1894 оны 12-р сарын 11-нд Киев хотод төрж, 1940 оны 2-р сарын 22-нд Москвад нас барсан) — Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагын зүтгэлтэн, дипломат, 1937-1938 онд ЗХУ-аас БНМАУ-д суусан бүрэн эрхт төлөөлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1894 онд Киевт төрсөн, еврей гаралтай. Эх нь Бруха Мееровна Король (төрөхдөө Овруцкая, 1869-1918). Эцэг Иосеф (Нухим-Иос) Бензионович Король (1869-1919), сүүн бүтээгдэхүүний дэлгүүрийн эзэн байсан. 1900-аад оны эхээр гэр бүл Киев орчмын Мотыжин хотод амьдарч байсан.
Тэрээр 1913 онд Киевийн худалдааны сургуулийг төгсөөд Киевийн худалдааны дээд сургуульд суралцжээ. Үүний зэрэгцээ тэрээр хувиараа хичээл заадаг байжээ. С.Миронов Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон.
- 1915—1918 онд Оросын эзэн хааны Армид дэд ахлагч, ахлагч.
- 1918—1920 онд Улаан Армид орж байлдаж явсан.
- 1920—1921 онд 1-р Морин армийн Тусгай хэлтсийн тасгийн дарга (1921 онос Умард Кавказын цэргийн тойрог).
- 1921 онд Оросын Зүүн Өмнөд нутгийн Онцгой комиссын хэлтсийн дарга.
- 1921—1922 онд Хар далайн мужийн Онцгой комиссын орлогч дарга.
- 1922 —1925 онд Улс төрийн Ерөнхий газрын (орос. Главное Политическое Управление, товч. ГПУ) Умард Кавказ дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга.
- 1925 оноос Оросын Коммунист (большевик) намд элссэн.
- 1925—1928 онд Владикавказ тойргийн Улс төрийн ерөнхий газрын дарга.
- 1928—1931 онд Кубань тойргийн Улс төрийн ерөнхий газрын дарга.
- 1931—1933 онд Казахстан дахь Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга.
- 1934-1936 онд Днепропетров мужийн Дотоод хэргийн Ардын комиссар газрын дарга.
- 1937 оны 3-р сарын 14-нөөс 3-р зэргийн Улсын аюулгүй байдлын комиссар. Тэрээр ЗХУ-ын Дотоод яамны тусгай гурвалын нэг байв.
- 1937 оны 8-р сарын 19-нөөс 1938 оны 5-р сарын 3-ны хооронд Монгол дахь ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч.
- 1938—1939 онд ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссарын газрын II-р Дорнод хэлтсийн дарга.
1939 оны 1-р сарын 6-нд албан үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагджээ. ЗХУ-ын Дотоод, Гадаад яаманд Зөвлөлтийн эсрэг хуйвалдаанд оролцсон, тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан. 1940 оны 1-р сарын 16-ны өдрийн И.Сталины цаазаар авах ялын жагсаалтад Сергей Мироновын нэрийг оруулсан (Лаврентий Бериягийн гарын үсэг бүхий 346 хүний нэрсийн жагсаалтын №189).1940 оны 2-р сарын 21-нд ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөлөөс уг шийдвэрийг албан ёсоор баталж 1940 оны 2-р сарын 22-нд цаазлагджээ. Нөхөн цагаатгаагүй байна.