Jump to content

Солон угсаатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солон нь Эвенк гаралтай аймаг юм. Тэд гол төлөв Хар мөрний сав газар Хянганы нуруу, Хэрлэн голын сав дагуу мөн Лена мөрний эхэн хавиар эртнээс нутаглан, монголчуудтай харилцдаг байжээ. Тэдний зарим нь 10-13 зууны үед Кидан улсад захирагдаж, дараа нь Дагуур, Барга нарын дотор холилдон сууж байв. Манж нар 17-18 зууны эхэн хагаст Солон нарын заримыг эзэлж, эрчүүдийг нь цэрэгт татан Ойрадын хаант улсын эсрэг дайнд оруулж байв. Мөн манж нар Ил Тарвагатай, Шинжян болон Монголын баруун нутагт солон нарыг аваачин, цэрэг харуулд суулгажээ.

1732 онд Оросыг сэргийлэн нутаг орноо хамгаалах зорилгоор зарлигийг дагаж Хар мөрний жанжин Жүрхай Бутхагийн газраас орчон 359, солон 1636, дагуур 730, барга 275, бүгд 3000 цэрэг эрийг гэр бүлийн хамт Манжийн найман хошууны дүрмийн солон найман хошуу болгон зохион байгуулж, зүүн баруун хоёр гар, найман хошуу бүгд тавин сум болгож зүүн гарын дөрвөн хошууг Орос нэвтрэн ирэх замыг хөндөлдөн суурьшуулж, баруун гарын дөрвөн хошууг Халхын хязгаарыг хөвөөлөн Халх голд хүртэл нутагшин суурьшуулжээ. Солон найман хошууны дотор зүүн гарын шулуун хөх хошууны 1, 2, 3-дугаар сум ба Хөвөөт цагаан хошууны 2, 3-дугаар сум нь цул баргачуудаар бүрэлджээ.