Тагнуул (кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тагнуул
Найруулагч: Томас Алфрэдсон
Продюсер: Тим Бэван
Эрик Фэлнэр
Робин Слово
Зохиол: Брижит О’Коннор
Питэр Стауган
Дүрүүдэд: Гэри Олдман
Колин Фөрт
Том Харди
Жон Хөрт
Тоби Жонс
Марк Стронг
Бэнэдикт Күмбэрбач
Сиаран Хиндс
Хөгжмийн
зохиолч:
Албэрто Иглэсиас
Зураглаач: Хойтэ ван Хойтэма
Эвлүүлэгч: Дино Жонсатэр
Студи: StudioCanal
Working Title Films
Нээлт: 2011 оны 9 сарын 5 (Венецийн Кино Наадам)
2011 оны 9 сарын 16 (Их Британи)
Хугацаа: 127 минут
Улс: Их Британи
Франц
Хэл: Англи
Төсөв: $21 сая
Орлого: $80 630 608

Тагнуул (англ. Tinker, Tailor, Soldier, Spy; шууд орчуулга – Засварчин, Оёдолчин, Цэрэг, Тагнуул) — Англи, Франц улсуудын хамтарсан тагнуулын сэдэвтэй кино. Киноны зохиолыг Жон лэ Каррын 1974 онд хэвлэгдсэн Tinker, Tailor, Soldier, Spy номоос сэдэвлэн Питэр Стауган, Брижит О’Коннор нар бичиж, Томас Алфрэдсон найруулжээ. Гол дүр Жорж Смайлэйд Английн жүжигчин Гэри Олдман, бусад дүрүүдэд Колин Фөрт, Том Харди, Жон Хөрт, Тоби Жонс, Марк Стронг, Бэнэдикт Күмбэрбач, Сиаран Хиндс нар тоглосон. Кинонд 1970-аад оны эхээр Британийн тагнуулын албаны удирдлагад ажилладаг Зөвлөлтийн мэдээлэгчийг илрүүлэхээр мөрдөж буй талаар өгүүлдэг.

Киног Британийн Working Title Films компани бүтээж, Францын StudioCanal компани санхүүжүүлжээ. Тус киног Венецийн 68 дахь удаагийн Олон Улсын Кино Наадам дээр анх гаргасан бөгөөд үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авсан бүтээл болсон. Энэ кино дэлгэцнээ гарснаас хойш Британид гурван долоо хоног дарааллан ашиг орлогоороо тэргүүлж байв. Жүжигчин Гэри Олдман тус кинонд бүтээсэн дүрээрээ 2012 оны Британи (BAFTA) болон Америкийн Кино Академийн шагналд (Academy Awards) Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн.

Үйл явдал[засварлах | edit source]

1973 он. Британийн Тагнуулын Алба “Цирк” (“the Circus”)-ийн тэргүүн Контрол туршуул Жим Придог мэдээлэл худалдахыг хүссэн Унгарын генералтай уулзуулахаар Унгар руу илгээнэ. Гэвч ажиллагаа бүтэлгүйтэн, зугтаж байсан Придо Унгарын тагнуулынханд буудуулдаг. Үүнээс болж Контрол, өөрийн баруун гар Жорж Смайлэйгийн хамт ажлаасаа халагдах бөгөөд өвчтэй байсан Контрол удалгүй эмнэлэгт нас бардаг.

“Цирк”-ийн шинэ тэргүүнээр Пэрси Аллэлайн, түүний орлогчоор Билл Хэйдон, ойрын хамтрагчдаар нь Рой Бланд, Тоби Эстэрхайс нар ажиллаж эхлэв. Тэд Зөвлөлтийн нууц албаны онц чухал мэдээллийг өөрсдийн нууц мэдээлэгчээр дамжуулан авсан гэж бардацгаадаг. Witchcraft гэж нэрлэсэн нууц материалыг анх авчрахад нь Контрол, Смайлэй хоёрын хэн хэн нь итгэхгүй байсан юм. Аллэйлайн энэхүү нууц материалаа Америкчуудад дамжуулж, үүний оронд АНУ-ын тагнуулын мэдээллийг солилцдог.

Энэ үеэр урвагчид сэжиглэгдэж буй Рики Тарр тагнуулын албыг хариуцсан нарийн бичиг Оливэр Лэйконтой утсаар ярьж “Цирк”-ийн удирдлагад Зөвлөлтийн мэдээлэгч байгааг хэлнэ. Тэтгэвэртээ суусан Смайлэйг энэ хэргийг мөрдүүлэхээр Оливэр Лэйкон дуудаж уулзах ч тэрээр ажлаасаа халагдсан учир татгалздаг. Харин Контрол өмнө нь мөн мэдээлэгчийн талаар ярьж байсныг Смайлэйд хэлэхэд зөвшөөрч мэдээлэгчийг олохоор болдог. Смайлэй мөрдлөгийнхөө ажилд жижигхэн баг бүрдүүлж, Контрол тэр хоёрын дараахан тагнуулын албанаас гарсан хүмүүстэй уулзаж эхэлдэг. Тэдний нэг Конни Сакс Лондон дахь Зөвлөлтийн соёлын атташе Алексей Поляковыг туршуул гэж буруутгаснаасаа болоод ажлаасаа халагджээ. Нөгөө нэг нь Придог буудуулдаг шөнө жижүүрлэж ажилласан Жэрри Вэстэрби. Болсон явдлын талаар Смайлэйд мэдэгдэхээр гэр рүү нь утасдсан боловч томилолтоосоо ирээгүй байсан тул эхнэрт нь энэ талаар дуулгажээ. Үүний дараахан Хэйдон шөнийн 1 цагийн үед клубт байхдаа мэдээ бичдэг туузнаас Придо буудуулсныг мэдээд ирлээ гэсээр ирснийг хэлжээ. Клуб шөнийн 1 цаг гэхэд хаачихсан байдаг тул Хэйдон энэ мэдээг өөрийн нууц амраг, Смайлэйгийн эхнэрээс сонсож ирсэн байв.

Сураггүй алга болоод байсан Рики Тарр өөрийнх нь гэрт нуугдаж байхыг Смайлэй гэртээ ирээд мэдэв. Алга болохоос нь өмнө түүнийг Стамбул руу Зөвлөлтийн туршуул Борисыг мөшгүүлэхээр илгээжээ. Харин Борисын эхнэр Ирина жинхэнэ туршуул бөгөөд Зөвлөлтийн мастер тагнуул Карлагаар удирдуулсан мэдээлэгч “Цирк”-т байгааг хэлж, энэ мэдээллээ худалдан өөрөө Баруунд гарах сонирхолтой байгаагаа хэлдэг. Тарр энэхүү мэдээллээ Лондон руу илгээсэн ч түүнийг буцаж ирэхийг л шаарджээ. Гэтэл оросууд урьтаж, Борис болон Стамбул дахь Британийн тагнуулын төлөөлөгчийг алж, Иринаг Орос руу аваад явахыг Тарр харсан байдаг. Ийнхүү Таррыг урвагч, алуурчнаар сэжиглэсэн учир тэр зугтахаас өөр аргагүйд хүрснээ Смайлэйд хэлдэг. Ингээд Смайлэй мөрдлөгийн багт ажиллаж буй тагнуулын албаны ажилтан Питэр Гуиллиамаас Таррын мэдээ явуулсан өдрийн жижүүрийн дэвтрийг хулгайлуулдаг. Гэтэл дэвтрийн хуудаснаас тухайн өдрийн хуудсуудыг урж авсан байдаг учир Таррын хэлээд байгаа мэдээлэгч үнэхээр байгаа нь батлагддаг.

Будуулсан Жим Придо үхээгүй харин оросууд Англи руу буцаасныг мэдээд Смайлэй түүнийг олж уулздаг. Унгар руу явсан зорилго нь мэдээлэгчийн нэрийг мэдэх байсан гэдгээ Придо энэ үеэрээ хэлдэг. Контрол мэдээлэгч хэмээн сэжиглэж буй хүмүүстээ хоч өгсөн байдаг: “Засварчин” буюу Аллэйлайн, “Оёдолчин” буюу Хэйдон, “Цэрэг” буюу Блэнд, “Ядруу” буюу Эстэрхайс, “Гуйлгачин” буюу Смайлэй. Придог орост аваачин эрүүдэн шүүж, англичууд өөрсдийнх нь мэдээлэгчийн талаар хэр зэрэг мэдэж байгааг мэдэх хүсэлтэй байсныг тэр Смайлэйд хэлдэг.

Аллэйлайн, Хэйдон, Блэнд, Эстэрхайс нар Witchcraft материалын хариуд Британийн тагнуулын мэдээллүүдийг Поляковтой нууц байшинд уулзаж өгдөг байсныг Смайлэй олж мэднэ. Ингэх учир нь оросууд Поляковыг КГБ-ийн үнэнч туршуул гэж бодоосой гэсэндээ тэдэнд үзүүлэх онц ач холбогдолгүй материалууд өгдөг байжээ. Гэвч Поляковт жинхэнэ чухал тагнуулын мэдээллийг тэдний нэг нь өгөөд байгааг хэн ч мэдсэнгүй. Witchcraft хэмээх материал нь үнэн хэрэгтээ Америк, Британичуудыг хуурах өгөөш байсныг Смайлэй олж тогтоодог. Эстэрхайсыг айлгаж байж Поляковтай уулздаг байшингийн хаягийг Смайлэй мэдэж аваад тэнд очин мэдээлэгчийг барихаар шийднэ. Ингэхдээ Таррыг Парис дахь Британийн тагнуулын газар руу илгээж, тэндээс “мэдээлэгчийг мэднэ гэсэн мэдээ явуул” гэдэг. Үүнийг дуулсан мэдээлэгч Поляковтай дариухан уулзаж, Таррыг замаасаа зайлуулахыг Карлагаас хүснэ гэдгийг тооцоолжээ. Смайлэй нууц байшинд Поляковтай уулзахаар ирсэн хүн Хэйдон болохыг мэдэж мэдээлэгчийг баривчилна. “Цирк”-ийн байцаалтын төв Сарратад хоригдож буй Хэйдонтой уулзахаар Смайлэй очиход Карлагийн заавраар тэр эхнэртэй нь амрагийн холбоо тогтоосноо хэлдэг. Ингэснээр Смайлэйд ямар нэг сэжиг төрүүлэхгүй гэж Карла түүнд зааварлажээ. Унгар руу явахаасаа өмнө Придо өөрийн дотны найз Хэйдон дээр ирж Контролын өгсөн даалгаврыг хэлжээ. Учир нь тэр Хэйдоныг мэдээлэгч гэдгийг мэдэж байв. “Цирк” Хэйдоныг оросуудтэй солилцоо хийхээр төлөвлөж байсан ч Придо түүнийг буудаж алдаг. Смайлэй “Цирк”-ийн тэргүүн болж кино төгсдөг.

Дүрүүдэд[засварлах | edit source]

Кино бүтээх явц[засварлах | edit source]

Санаа[засварлах | edit source]

Кино зохиолын эхний хувилбарыг бичсэн Питэр Морган Working Title Films-д зохиолыг нь кино болгохыг хүсчээ. Морган дараа нь хувийн шалтгаанаар киноны зохиолчоор ажиллахаас татгалзсан ч гүйцэтгэх продюсэрээр ажиллажээ. Түүний бичсэн эхний ноорог дээр үндэслэн Питэр Страуган, Брижит О’Коннор нар кино зохиолыг бичсэн байна. 2009 оны 7-р сарын 9-нд Томас Алфрэдсон киноны найруулагчаар ажиллахаар тохирсон бөгөөд энэ нь түүний англи хэл дээрх анхны бүтээл юм. Киног бүтээх 21 сая ам.долларыг Францын StudioCanal санхүүжүүлсэн. Киног бүтээх үед хавдраар нас барсан кохиолч Брижит О’Коннорт энэхүү киногоо зориулсан байна.

Жүжигчид[засварлах | edit source]

Найруулагч анх Гэри Олдманыг гол дүр Жорж Смайлэйд шалгаруулж авахдаа “түүний царай энэ дүрд яг тохирсон” гэж байжээ. Бусад дүрд олон жүжигчнийг шалгаруулж байсан ч зураг авалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө албан ёсоор гэрээ байгуулсан жүжигчин нь Гэри Олдман ганцаараа байв. Түүний дүрд өмнө нь Дэвид Түйлисийг тоглуулах талаар ярьж байжээ. Рики Таррын дүрд Майкл Фассбэндэрийг тоглуулах гэсэн ч түүний X-Men: First Class киноны зураг авалттай давхцаж, оронд нь Том Хардийг тоглуулжээ. 2010 оны 9-р сарын 17-нд жүжигчдийн бүрэлдэхүүнд Марк Стронг багтсаныг мэдэгдэв. Пэрси Аллэйлайны дүрд тоглох байсан Жарэд Харрис энэ үеэр Sherlock Holmes: A Game of Shadows кинонд тоглох байсан учир татгалзжээ. Түүний оронд Тоби Жонс тоглох болсон юм. Зохиолч Жон лэ Карр кинонд үдэшлэгийн хэсэгт олны дунд гардаг.

Зураг авалт 2010 оны 10-р сарын 7-оос 12-р сарын 22-ны хооронд үргэлжилжээ. Студийн зураг авалтуудыг Лондоны хойд хэсэгт орших Милл Хиллийн армийн хуаран байсан газар авчээ. “Цирк”-ийн доторх зураг авалтыг Лондоны баруун хэсгийн Кэнсингтон Олимпиагийн Блит Хауст авсан. Жим Придогийн буудуулдаг кафений зургийг Будапештийн Париши Удварт авчээ. Мэрлиний нууц байшингийн зургийг Хаггэрстонд авсан бол Смайлэйгийн усанд сэлдэг зургийг Хампстийд Хийт болон Хампстийд Пондст авчээ. Мөн Ливэрпүүл Стрийт буудлын ойролцоох Айлэй зочид буудлын доторх зураг авалтыг Лондон дахь Вилкин Стрийтэд авчээ. Номон дээр гардаг Чехославакийн үйл явдлыг Унгарт болгон өөрчилсөн нь санхжүүжилтийн 20%-ийг эргэн төлөхөөс болжээ. Зураг авалтын багийнхан Будапешт таван өдрийг өнгөрүүлсэн бол Зул сарын баярын өмнөхөн Стамбулд есөн өдрийн зураг авалтаа дуусгажээ. Энэ кинонд найруулагч Алфрэдсон өмнөх кинон дээрээ хамтран ажилласан зураглаач Хойт ван Хойтэма, эвлүүлэгч Дино Жонсатэр нартай мөн хамтарч ажилласан.

Зураг авалтын дараа[засварлах | edit source]

Киноны эвлүүлгийг дуусгахад зургаан сар шаардагджээ. Киноны төгсгөлд явдаг дуу нь Хулио Иглэсиасын “La Mer” хэмээх франц дуу. Жорж Смайлэй ганцаараа байхдаа энэ дууг сонсож зураг авахуулсныг эвлүүлгийн явцад хасчээ.

Киног анх 2011 оны 9-р сарын 5-нд Венецийн 68 дахь удаагийн Олон Улсын Кино Наадам дээр толилуулжээ. Их Британид гаргах эрхийг StudioCanal UK эзэмшиж 2011 оны 9-р сарын 16-аас кино театруудад гаргаж эхэлжээ. АНУ-д гаргах эрхийг Universal Pictures авч зохиогчийн эрхийг нь Focus Features-д шилжүүлжээ. Focus киног АНУ-д 2011 оны 12-р сарын 9-нд гаргахаар зэхэж байсан ч 2012 оны 1-р сард нэгэн зэрэг 800 театрт гаргахаар хойшлуулсан байна.

Ашиг орлого[засварлах | edit source]

Тагнуулч кино Британид гурван долоо хоног дарааллан хамгийн өндөр орлоготой кинонуудыг тэргүүлсэн. 2012 оны 1-р сарын байдлаар тус кино 80 630 608 ам.долларын ашиг олжээ.