Таж Махал

Таж Махал*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Таж Махал
Улс ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Төрөл Соёлын
Шалгуур i
Дугаар 252
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1983  (7-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Таж Махал (Хиндүс хэл: ताज महल; Перс хэл/Урду хэл: تاج محل, англи:- Taj Mahal ) нь Энэтхэг улсын Агра хотод Жамна голын эрэг дээр орших бунхан-сүм бөгөөд "Доголон Төмөр"-ийн удам Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махал нас барахад зориулан бариулжээ.

Таж Махал нь Моголын уран барималын буюу архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Хорин хоёр мянга орчим уран дархан, гар урлаач, барималчдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд барьж эхлээд 1653 онд дуусгасан байна. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

Гантиг чулуу өдрийн нарны гэрэлд-цагаан, үүрээр нар мандах буюу жаргах үед-ягаан, сарны гэрэлтэй шөнө мөнгөлөг харагддаг онцлогтой юм.

Энэхүү сүмийн дотор шах, түүний хайрт эхнэр хоёрын бунхан байралдаг. Үнэн хэрэгтээ тэр хоёрыг оршуулсан газар нь бунханы доор газрын гүнд байдаг ажээ. Бунханыг 1630-1652 онуудад барьсан гэж үздэг.

Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд Эзэнт улсын өнцөг булан бүрээс авчирсан урчуудыг уг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гарыг нь тас цавчсан гэдэг домог байдаг (давтан ийм гайхамшиг бүтээлгэхгүй гэж). Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд Эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, уран барималчийн нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Таж Махалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм.

Энэхүү гайхамшигт сүм-бунханыг үзэх гэж ирдэг жуулчдын хөл тасардаггүй бөгөөд жил бүр 3-5 сая гаруй хүн ирж үздэг ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Таж Махал – Викимедиа дуу дүрсний сан