Jump to content

Зурагт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Телевизор-с чиглүүлэгдэв)
Филипсийн 3D зурагт, дэлгэцийн диагоналийн хэмжээс 107 см (42 инч)

Зурагт (Орос: Телевизор) гэдэг нь телевизийн өргөн цацалтыг хүлээн авч дуу авиаг сонсгож, дүрсийг үзүүлэх зориулалт бүхий төхөөрөмж юм. (Латин: Tele-алс хол, vision-үзэгдэх, харагдах) бөгөөд Монгол хэлнээ энэ үгийг зурагт гэж буулгажээ.

Зурагт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түгээмэл дэлгэрсэн бөгөөд өнөө үед цахилгаанаар хангагдсан газарт гэр ахуйн тавилга, хэрэгслийн зайлшгүй нэгэн төрөл болдог. Зурагт нь радиогаас суурь авч бүтээгдсэн ба хожим нь компьютер, гар утас зэргийн суурь болсон юм.

Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд зурагт бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Рудольф Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзон долгионы тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анхлан радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг.

1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.

1900 оны 8 дугаар сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм.

1907 онд гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчмыг боловсруулжээ. Зурагтын цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь зурагт гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч зурагтын материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.

1953 онд өнгөт телевизор анх бүтээгдсэн.

Орчин үед уламжлалт дэлгэцээс илүүтэйгээр шингэн болор, плазма, гэрлийн тусгалт дэлгэц бүхий зурагтууд өргөн хэрэглэгдэж байна.

Зурагтын дэлгэцийн технологийн ерөнхий дөрвөн төрөл

  • CRT
  • LCD (LCD дэлгэцийн олон төрөл янз байгааг QLED, квантын цэгт, LED, LCD TN, LCD IPS, LCD PLS, LCD VA гэх мэтээр нэрлэдэг.)
  • OLED
  • Plasma