Jump to content

Аугаа Теодорих

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Теодорик-с чиглүүлэгдэв)
Теодорик

Аугаа Теодорих хэмээгч Флавиус Теодорикус буюу Дийтрих (Англи: Theodoric the Great) нь 454-526 оны хооронд амьдарч асан Остготуудын хаан бөгөөд тэрээр Италид Остготуудын хаант улсыг байгуулж, насан эцэслэх хүртлээ 52 жил хаан ширээнд суусан алдарт хаан юм.

Тэрээр Ромын эзэнт улсын алс зүүн хойд хязгаар муж, Дунай мөрний сав газар болох Паннонд, Готуудын хаан Теодемирын удам залгах хүү болон төржээ. Тэр цагт Готуудын хүч сул, Византийн хаанд захирагдаж байсан тул Tеодемир хаан хүүгээ 7 настайд нь барьцаа болгон Константинополь хотод хүргэн өгчээ. Теодорих 17 нас хүртлээ Константинопольд амьдарчээ. 474 онд 14 жилийн турш Византийн засаглал дор байсан түүний эцэг хаан нас нөгчиж, Теодорик хаан ширээг залган авчээ. Византийн хаан Зено готуудын шинэ хаанд “дайн” эсвэл “харъяат албат” гэсэн тулган шаардлага тавьжээ. Тэрээр арга буюу Зеногийн албат болжээ. 488 онд Византийн хааны зөвшөөрлөөр Теодорих Италид халдан довтлов. Тэрээр ромын анхны Варвар хаан Одоакртай удаа дараалсан тулаануудыг хийж, шийдвэрлэх тулаанд Равеннагийн ойролцоо бүслэн авч ялжээ. 493 онд Теодорих хаан Бүх Италийг байлдан дагуулсан бөгөөд Одоакр Остготын хаанд бууж өгсөн ч түүнийг цаазаар авчээ. Энэ үеэс эхлэн Теодорих хаан бүх Италийг захирах болж, Равеннаг нийслэлээ болгожээ.

Равенна дахь Теодорикийн бунхан

Тэрээр Италийг 33 жил захирсан бөгөөд энэ жилүүд нь үндсэндээ өөрийн шинэ хаант улсыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд зарцуулагдсан байна. Гэвч улс оронд нь энх тайван, таатай нөхцөл төдийлөн бүрдэж өгөхгүй л байв. Тэрээр Италид газар тариалан, худалдаа арилжааг хөгжүүлэхийг хүчээнгүйлэн хүсч байсан. Теодорих хаан Ариан Христийн шашинтан байсан боловч Христийн бусад урсгалуудыг хүндэтгэн ижил түвшинд авч үздэг байжээ. Тэрээр Ромчууд болон Готуудыг өөр өөр хуулиар зохицуулдаг байв. Мөн улс орноо удирдахад олон тооны алдартай хүмүүсийн хүчийг ашиглаж байсан байна. Тухайлбал Аникиус Боетиус, Флавиус Кассиодорус нар түүнд шадарлаж байсан ч түүнд үнэнч бус байх нь элбэг байв. Теодорихийн сүүлийн жилүүд нь Готуудын эсрэг үзэлт Византийн хаант Юстиниан I–ийн байнгын довтолгооны дарамтанд дор өнгөрсөн байна. Түүний хаан ширээг охин Амаласунта залгамжлан авч, өөрийн хүү Аталарикийнхаа хамт хамтран захирч байв. Теодорихт зориулсан гоёмсог сүрлэг бунхан Равеннад сүндэрлэн байдаг билээ.

 Commons: Аугаа Теодорих – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
-
Остроготын хаан
493-526
Дараах
Аталарик
Өмнөх
Одоакер
Италийн хаан
493-526
Дараах
Аталарик