Jump to content

Тэмээн жингийн цуваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тэмээн жингийн цуваа бол тэмээн жин тээсэн цуваа ачаатай тэмээг хэлдэг. С.Жамбалдоржийн (1997) тодорхойлсноор, тэмээн жин хоногт 10–16 цаг, цагт 3–4 км-ын хурдтай явдаг бөгөөд жингийн цуваанд 20-30-аас 200-1000 хүртэл атан тэмээ, 200 гаруй жинчин оролцдог ба аян жингийн нэг удаагийн замын урт 20 өртөө (600 км) хүртэл байвал ойрын, 50 өртөө (1500 км) бол холын, үүнээс дээш бол алсын аян жин гэдэг байна.

Монголчууд 2000 гаруй км хүртэл алсын замд жин тээдэг байжээ. Жинд 7– 17 насны атан тэмээг хэрэглэдэг. Жил бүрийн 11 сарын 1-нээс дараа жилийн 4 сар хүртэл аян жинд явдаг байжээ.

Тэмээг Монголчууд эрт дээр үеэс ачлага уналганд ашиглаж нүүх суух, алсын аян жин тээх, ачих, тэргэнд хөллөх, унаж эдлэх зэргээр нүүдлийн ахуй амьдралд зохицуулан ашиглаж ирсэн уламжлалтай.

Ази Европыг холбосон худалдааны буюу Торгоны замын гол тулгуур нь тэмээ, тэмээний цуваа байсныг түүх гэрчилнэ. Энэхүү торгоны замыг хөгжүүлэхэд Чингис хааны үеийн Монголын эзэнт гүрэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 13-р зуунд Монголд "Тэмээ ачааны яам" гэгчийг байгуулж байжээ. Тэмээ холын замд тээвэрлэх, дайнд зэвсэг ачих, олз тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тул Тэмээний яамыг байгуулжээ[1].

1941 онд Ховд аймгийн Манхан сумаас Борондангийн Лувсан тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. Аялал 12, нэгдүгээр сарын хахир хүйтнийг дамнан үргэлжилсэн учир тэмээчид хоёр тэмээний голд хэвтэр засан жавар тачигнасан өвлийн хүйтэн шөнийг өнгөрөөдөг байж

Монголчууд Хятадын нутгаас цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөхдөө нэг удаагийн жингийн цуваанд мянга хүртэл тэмээ явдаг, нэг тэмээ нуруундаа 200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 км замыг туулдаг байжээ. “Жангар” цайны замын соёлын өвийн наадмын хүрээнд 2023 оны 9 сард “Тэмээн жин тээх” уралдааныг зохион байгуулж байв. Тус уралдаанд Манхан, Зэрэг, Жаргалант сумдаас 5 багийн 10 жинчин, 60 тэмээтэйгээр оролцож байжээ. Тэмээн жингийн цуваа 41 км газрыг туулсан байна.

Монгол ёс заншил, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан Дорноговь аймгийн Хамарын хийдээс Улаанбадрах сум уруу ном тээсэн тэмээн жингийн аялал 2018 оны 12 сарын 06-нд явж байжээ.

Баяжихын бэлэгдэл

[засварлах | кодоор засварлах]

Д.Өрнөхдэлгэрийн "Монголчуудын тэмээн жингийн соёл" өгүүлэлд "Нэг зуун тэмээгээр жин тээх үед «Гүл шар» гэж нэрлэгдсэн гуулин хонхыг зүүдэг. Нэг удаад нэг зуун тэмээгээр тээх нь баяжихын бэлгэдэл гэж жинчид бэлэгшээдэг, замд тохиолдогсод ч тэдэнд хүндэтгэл үзүүлдэг байна" гэжээ.

Монгол улсын эстрадын ууган хамтлагуудын нэг "Соёл-Эрдэнэ" хамтлаг "Тэмээн жингийн цуваа" дуу гаргасан байдаг.

"Тэмээн жингийн цуваа" дуунд:

"Тэмээн жингийн тэргүүн цуваа

Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй

Тэнүүн говийн тэнхээт алхаагаар

Тэнгээ тээгээд наашлан айсуй" гэж гардаг.

Ном тээсэн жингийн цуваа А.Эрдэнэ-Очир найрагчийн нутгийг зорилоо

ХОВД: Тэмээн жингийн цуваа 41 км газрыг туулна

ФОТО: Тэмээн жингийн цуваа

Тэмээн жингийн цуваа

  1. Hovd university; Urnukhdelger, D. (2021). "Монголчуудын тэмээн жингийн соёл". Nomadic civilization: historical research. 1 (3): 41–52. doi:10.53315/2782-3377-2021-1-3-41-52. Archived from the original on 2024-05-28. Татаж авсан: 2024-05-28.