Jump to content

Төрийн ёслолын газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Төрийн ёслолын алба-с чиглүүлэгдэв)

Монгол Улсын Төрийн ёслолын газар нь Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг нэгж юм. Энэ нэгж нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээ, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Монгол төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, илүү ёс төртэй болгох үүднээс 1970 оны 2 дугаар сарын 25-нд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд Анхны даргаар Ядамын Ширэндэв 3 хүний бүрэлдэхүүнтэй /"Буурал" хэмээх Цамба/ Ёслол үйлчилгээний тасгийг байгуулсан нь өнөөгийн Төрийн ёслолын албаны орчин үеийн эх суурь тавигдсан гэж үздэг. Энэ үед Нэгдүгээрт: МАХН-ын шугамаар ирж байгаа зочид төлөөлөгчид, ах дүү коммунист, социалист, ажилчны намын төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх, Хоёрдугаарт:- Нам, төрийн удирдагчдын ёслолын асуудлыг хариуцан зохион байгуулах, үндэсний хэмжээний баяр, ёслолын зохион байгуулах, Гуравдугаарт:- БНМАУ-ын АИХ, түүний тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шугамаар ирж буй зочин төлөөлөгчдийг хүлээн авахтай холбоотой ёслолын ажил, түүний дотор бэлэг дурсгалын сан байгуулж үйл ажиллагааг хариуцах үндсэн үйл ажиллагаа эрхэлж байжээ. 1970-1988 онуудад Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Ёслол үйлчилгээний тасгийн даргаар Я.Ширэндэв, Өлзийбаярын Сүх-Очир нар ажиллаж байсан байна. 1988 оноос хойш тус байгуулагын даргаад Чулууны Батжаргал ажиллаж байжээ.

Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, олон намын системд шилжиж, парламентын засаглатай болж улмаар манай улсын үндэсний үзэл сэргэж, гадаад харилцаа өргөжин тэлж төрийн ёслолын арга хэмжээг зохих байр сууринд хүргэх шаардлага урган гарсан байна. 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн ёслолын албыг байгуулах шийдвэр гаргаж баталсан байна. Мөн энэ үеэр Төрийн ёслолын журмыг баталж үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж байжээ.

Одоо энэ алба Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн бусад гол байгууллагын  ёслол, хүндэтгэлийн бүхий л ажлыг эрхэлж байна.

  • 1970- оноос Ядамын Ширэндэв
  • 1976-1988 оноос Ө.Сүх-Очир
  • 1993 оноос-2001 онуудад Төрийн ёслолын албаны анхны даргаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Чулууны Батжаргал ажиллаж байжээ.
  • 2002-2003 онд Р.Алтангэрэл /дарга/
  • 2004-2005 онд Д.Нямбаяр үүрэг /гүйцэтгэгч/
  • 2005-2009 онд О.Нямдаваа /дарга/
  • 2009-2011 онд А.Батсайхан /дарга/
  • 2012-2016 онд Ж.Сэрээжав /дарга/
  • 2017-2020 онд А.Жанцан /дарга/
  • 2021 оноос Э.Одмөнх /дарга/