Jump to content

Улу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улу буюу Ваньянь Юн (1123 оны 3 сарын 29 – 1189 оны 1 сарын 20) нь зүрчидийн Алтан улсыг 1161 оноос 1189 оныг хүртэл захирч байсан хаан юм. Түүний зүрчид нэрийг Улу (烏祿[1]), хятад нэрийг анх Сюй (褎), гэж байсныг хаан болсны дараа Юн (雍[2]) гэж өөрчилсөн.

Тэрбээр Алтан улсыг үндэслэгч Агуда хааны гуравдугаар хөвүүн Элидуо буюу Зоняогийн хөвүүн. Түүний эх нь хятаджсан Бохай угсааны сурвалжит угсааны эмэгтэй байсан. Түүнийг 12 настай байхад эцэг нь нас барсны дараа эх нь зүрчид ёсыг дагаваас нөхрийнхөө ах дүүгийн аль нэгтэй гэрлэх ёстой байсан ч, сахил хүртэж гэлэнмаа болсон. Улугийн боловсрол, ертөнцийг үзэх үзэлд ээжийнх нь хятад хүмүүжил, боловсрол хамгийн их нөлөө үзүүлж байжээ. Улу нас биед хүрсний дараа зүрчидийн улинда овгийн эмэгтэйтэй хуримлаж, цэргийн албанд зүтгэж байсан. Улугийн энэ эхнэрийн заавар зөвлөгөө Дигунай хааны хядлагад өртөхөөс аварч байсан. 1161 онд Дигунай хаан Алтан улсын армийг удирдан Сүн улстай байлдаж, Тандаогийн далайн тулаанд зүрчидийн усан цэргийн хүч устгагдаж, Цайшигийн тулаанд зүрчидийн цэргүүд ялагдсан. Иймээс 1161 оны 12 сарын 15 нд Алтан улсын цэргийн хүрээнд бослого гарч, Дигунай хааныг алж, Улуг хаанд өргөмжилсөн.

Тэрбээр Хаан болсны дараа Сүн улстай хийж байсан дайныг зогсоож, найрамдлын гэрээ байгуулсан. Хайлин вангийн үед хэрэгжүүлж байсан хятад соёлыг ивээн тэтгэх, дэлгэрүүлэхийг шууд эсэргүүцээгүйч, өмнөх шиг идэвхитэй дэмжихгүй, харин өөрийн зүрчид соёл, уламжлалыг хадгалах, дэлгэрүүлэхийг чухалчлан, хятадын сонгодог зохиолыг зүрчид хэл рүү орчуулах, зүрчид хэл сурах сургууль байгуулах гэх мэтийн ажилыг анхаарч байжээ. 1173 онд "зүрчин улсын хөвүүдийн сургууль" (女真國子學) гэх байгууллагыг нээж, тус сургуулийн салбарыг улс орон даяар байгуулсан. 1174 оноос хааны ордны харуулууд зөвхөн зүрчин хэлээр ярьж бичихийг тушааж, хятадаар ярихыг хоригложээ. Гэвч түүний эдгээр оролдлого нь амжилттай болж чадаагүй.

Мөн хятадтай хийсэн дайнд ялагдаж зүрчидийн цэргийн хүч чадал урьдын адил байхаа больж суларсанд шүүмжлэлтэй хандаж, цэргийн бэлтгэл сургуулилтийг хийхийн тулд намар өвлийн ав хомрогыг жил бүр тогтмол явуулахыг анхаарч байсан. Тухайн үеийн Алтан улсын нийгэмд зүрчидийн зарим томоохон ноёд их хэмжээний газар эзэмшиж байсныг хурааж авч, дундаж давхрагын зүрчид өрхөд тариалангийн газар хуваан өгсөн. Гэсэн хэдий ч тэдгээр зүрчид айл өрхүүд уг ажлаа өөрсдөө бус хятад боолоор хийлгэж, бүх ажлаа тэднээр хийлгэн өөрсдөө зугаа цэнгэлд умбаж эхэлсэн нь Алтан улсын эдийн засаг, санхүүгийн гол хүч болох газар тариалан, гар урлал, цэргийн салбарт хятад иргэд зонхилох нөлөөтэй болж эхэлсэн нь Улу хааны санаачилсан бодлогоос зөрсөн. Түүний хаанчлалын үед ядуувтар зүрчин өрхүүд хүүхдээ боол болгон зарж, газраа хятад иргэнд түрээслүүлж олсон мөнгөөр нь тансаглаж, баян зүрчин өрхүүд жаргалдаа ташуурч, тансаглахаас өөрийг хийхгүй байв. Энэ байдал нь даамжирсаар 1181 онд Улу хааны чихэнд хүрч, хаад ноёдын харц боолыг торгон хувцас өмсөх, хэт тансаглахыг хориглох, боол болсон зүрчин хүүхдийг боолоос чөлөөлж, гэрт нь буцаах, зүрчид нарыг ажил хийлгэхийг оролдож байсан.

1189 онд түүний ахмад хөвүүн Хутувагийн ууган хөвүүн Мадагэ нь тус улсын хаан болсон.

Эцэг эх:

  • Эцэг: Элидуо (訛里朵), хятад нэр нь Ваньянь Зоняо (完顏宗堯), нэхэн өргөмжилсөн цол нь Руйзун хуанди (睿宗)
  • Эх: Ли овогтон (李氏), нэхэн өргөмжилсөн цол нь Жэньи хатан (貞懿皇后)

Хатад, хүүхдүүд:

  • Миндэ хатан, Улинда овгийн эм (明德皇后烏林荅氏, ?-1152)
    • Ваньянь Юнгун (金顯宗 完顏允恭, 1146 – 1185), ахмад хөвүүн. Зүрчид нэр нь Хутува (胡土瓦).
    • Ваньянь Шүнянь, Жао ван (趙王 完顏孰輦), дэд хөвүүн
    • Ваньянь Шелу, Юэ ван (越王完顏斜魯), гутгаар хөвүүн
    • Югуо гүнж (豫國公主), ууган охин. Рэньгуо гүн Угулунь Юаньжонтай (任國公 烏古論元忠) гэрлэсэн.
  • Гуаншянь хатан, Ли овогтон (光獻皇后李氏, ?-1181)
    • Ваньянь Юндао, Жэнла ван (鄭剌王 完顏永蹈, ?-1193), 6-р хөвүүн
    • Ваньянь Юнжи, Вэйшао ван (衛紹王 完顏永濟, ?-1213), 7-р хөвүүн
    • Ваньянь Юндэ, Лү ван (潞王 完顏永德), 8-р хөвүүн
    • Ханьгоу гүнж (韓國公主), 2-р охин. Пусань Күйтэй (僕散揆) гэрлэсэн.
  • Жан овогт татвар эм (元妃 張氏)
    • Ваньянь Юнжун, Гаоли ван (鎬厲王 完顏永中, ?-1194), 4-р хөвүүн
    • Ваньянь Юнгун, Юэжунжянь ван (越忠簡王 完顏永功, 1154 – 1221), 5-р хөвүүн
  • Жаои татвар эм, лян овогтон (昭儀 梁氏)
    • Ваньянь Юнчэн, Южуншянь ван (豫忠獻王 完顏永成, ?-1204), 9-р хөвүүн
  • Цайрэнь татвар, Шимо овогтон (才人 石抹氏)
    • Ваньянь Юншэн, Күй ван (夔王 完顏永升, ?-1213), 10-р хөвүүн
  • Тодорхойгүй
    • Яньгуо гүнж (兗國大長公主), 3-р охин. Пуча Хуша (蒲察胡沙)-тай гэрлэсэн.
    • Угуо гүнж (吳國公主), 4-р охин. Танкуо Гун (唐括貢)-тай гэрлэсэн.
    • Шугуо гүнж (蜀國公主), 5-р охин. Танкуо Дин (唐括鼎)-тэй гэрлэсэн.
    • Ваньгуо гүнж (宛國公主), 7-р охин. Улинда Фу (烏林荅復)-тай гэрлэсэн.
    • Сигуо гүнж (息國公主). Тушань Гонби (徒單公弼)-тай гэрлэсэн.
    • Цогуо гүнж (曹國公主)
    • Вэйгуо гүнж (衛國公主). Пуча Пүсүле (蒲察蒲速烈)-тэй гэрлэсэн.
    • Нэр тодорхойгүй гүнж, 14-р охин. Хэшилиэ Жушэннү (紇石烈諸神奴)-тэй гэрлэсэн.
    • Зэгуо гүнж Чанлэ (澤國公主 長樂). Пуладу (蒲剌睹)-тай гэрлэсэн.
Өмнөх
Дигунай
Алтан улсын хаан
1161-1189
Дараах
Мадагэ
  1. "金史/卷6 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-08-07.
  2. "金史/卷6 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-08-07.