Jump to content

Хавтгай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хавтгай
Хавтгай
Хавтгай
Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Тэмээнийхэн (Camelidae)
Төрөл: Тэмээ (Camelus)
Зүйл: Camelus ferus
Өнөөгийн тархац
Өнөөгийн тархац

Хавтгай (Шинжлэх ухааны латин нэршил: Camelus ferus) нь Монголын Говь болон Шинжааны Такламаканы цөлд амьдардаг, нэгэн зүйл зэрлэг тэмээ. Энэ амьтныг хоёр бөхт тэмээний дээд өвөг гэж зарим судлаач үздэг. Саяхан болтол гэрийн тэмээ зэрлэгшиж хавтгай болсон гэх үзэл эрдэмтдийн дунд давамгайлж байсан хэдий ч сүүлийн үеийн митохондрын ДНХ-ийн судалгаагаар 1.9%[1] ялгаатай гарсан нь тэднийг 0.7-1.5 сая жилийн өмнө,[2][3] тэмээг гэршүүлэхээс эрт үед тусдаа зүйл болон салж тусдаа зүйл болж хөгжиж ирсэнийг гэрчилж байна. Ийнхүү хуучин хоёр бөхт тэмээний нэг дэд зүйл (Camelus bactrianus ferus) гэгдэж байснаа одоо тусдаа зүйлд тооцогдох болсон байна.[3][4][5][6]

Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэжээвэр тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хөл, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдорын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн. Зүс нь гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан өнгөтэй. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Өвдөг тойг өвчүүний саарь бараг мэдэгдэхгүй зэрэг олон ялгаатай. Бие 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см урт, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг.

Хавтгай Төв, Дундад Азийн говь цөлд түгээмэл тархацтай байжээ.[7] Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дэлгэр тархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг. Монгол дахь хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамран байршдаг. Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урьд говиор тохиолдоно.

Хавтгайны амьдарлын онцлог
[засварлах | кодоор засварлах]

Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд хүртэл ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд, V-VIII сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа бэлгэ боловсорч үржилд орно. Жил өнжиж төллөнө. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Хавтгай, гэрийн тэмээ хоёрын дундаас гарсан эрлийз тэмээг бэсрэг гэж нэрлэдэг.

Ногооны сөл тасарсан үед баянбүрд, булаг шандны ойр бэлчээрлэж байгаад, ногоо ургахаар алслана. 5-10 өнжиж ус ууна. Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна. V-VI сард гуужна. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэнэ. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрдөн өнжин хонон хэвтэнэ. Холч хараатай, үнэрч, соргог.

  1. Silbermayr, K.; Orozco-terWengel, P.; Charruau, P.; Enkhbileg, D.; Walzer, C.; Vogl, C.; Schwarzenberger, F.; Kaczensky, P.; Burger, P. A. (2010-06-01). "High mitochondrial differentiation levels between wild and domestic Bactrian camels: a basis for rapid detection of maternal hybridization". Animal Genetics (англи хэлээр). 41 (3): 315–318. doi:10.1111/j.1365-2052.2009.01993.x. ISSN 1365-2052.
  2. Ji, R.; Cui, P.; Ding, F.; Geng, J.; Gao, H.; Zhang, H.; Yu, J.; Hu, S.; Meng, H. (2009-08-01). "Monophyletic origin of domestic bactrian camel (Camelus bactrianus) and its evolutionary relationship with the extant wild camel (Camelus bactrianus ferus)". Animal Genetics (англи хэлээр). 40 (4): 377–382. doi:10.1111/j.1365-2052.2008.01848.x. ISSN 1365-2052. PMC 2721964. PMID 19292708.
  3. 3.0 3.1 Burger, Pamela Anna (2016-04-05). "The history of Old World camelids in the light of molecular genetics". Tropical Animal Health and Production (англи хэлээр). 48 (5): 905–913. doi:10.1007/s11250-016-1032-7. ISSN 0049-4747. PMC 4884201. PMID 27048619.
  4. Burger, P., Silbermayr, K., Charruau, P., Lipp, L., Dulamtseren, E., Yadmasuren, A. and Walzer, C. (in press). Genetic status of wild camels (Camelus ferus) in Mongolia.
  5. See, for example: Hare (2008) and Potts (2004)
  6. Cui, Peng; Ji, Rimutu; Ding, Feng; Qi, Dan; Gao, Hongwei; Meng, He; Yu, Jun; Hu, Songnian; Zhang, Heping (2007-01-01). "A complete mitochondrial genome sequence of the wild two-humped camel (Camelus bactrianus ferus): an evolutionary history of camelidae". BMC Genomics. 8: 241. doi:10.1186/1471-2164-8-241. ISSN 1471-2164. PMC 1939714. PMID 17640355.
  7. "Хавтгай (Baabarpedia)". Internet Archive. 2007-11-09. Эх сурвалжаас архивласан огноо 2007-11-09. Татаж авсан: 2022-10-27.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)