Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот
Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот[1] нь XIII-XIV зууны үед хамаарах эртний хотын туурь юм.
Байршил
[засварлах | кодоор засварлах]Энэ дурсгал Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, Хангайн нурууны баруун өмнөд үзүүр Хан Хөгшин ууланд оршино. Хубилайн цэргийн хот нь одоогийн байдлаар 3 хэсгээс бүрдэж байна. Үүнд:
- Хан Хөгшин уулын зүүн суга Их модны ам,
- Бага модны амны гурван хэсэг газар барьсан том хэрэм,
- Их модны амны адгийн Цагаан толгойн өвөрт буй нутгийнхан “Дарь эхийн сүм” хэмээн нэрлэдэг барилгын үлдэц зэргээс бүрддэг.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Энэ хот цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй, түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Хубилайн цэргийн хотын гурван хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагүй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлэн үйлдсэн нь илэрхий байдаг ажээ. Эртний хотын энэ үлдцийг 1926 онд оросын эрдэмтэн П.К.Козлов үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан нангиад бичээсийн гэрэл зургийг татаж, орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд тэрээр өөрийн нийтэлсэн орчуулгад үндэслэн хотыг Хубилай, Аригбөх хоёрын Монголын хаан ширээг булаалдсан XIII зууны хоёрдугаар хагасын түүхэн үед буюу 1275 онд байгуулсан хэмээн үзсэн байдаг. Харин Ц.Хандсүрэнгийн нягтлан тодотгож шинээр уншсан нь өмнөх орчуулга ба уншилтын алдаа мадгийг залруулж уг хөшөөг 1275 онд бус 1278 онд босгосныг тодруулжээ. Ингээд он цаг, үйл явдлыг нягтлахад уг хөшөө болон хэрмийн үлдэгдэл нь Хубилай, Аригбөх нарын тэмцлийн үед бус харин түүнээс арай хожуу үед холбогдох нь тодорхой юм. Учир нь Аригбөхийг Хубилайд бууж өгсний дараа Зүч, Өгөдэй, Гүюгийн угсааны ноёд Хубилайн эсрэг босон тэмцжээ. Хубилай Өмнөд Сүн улсыг дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. Уг бослого тэмцлийг даруулахаар Хубилай хаанаас томилон илгээсэн их цэрэг нь Хан Хөгшин ууланд хөшөө босгон үйл явдлаа алдаршуулж хот цайз байгуулжээ.
Гэрэлт хөшөөний бичээс
[засварлах | кодоор засварлах]Судлагааны тойм
[засварлах | кодоор засварлах]Тус балгасаас олдсон хөшөө нь өдгөө Түүхийн музейд хадгалагдаж байна. Бичээст хөшөөг Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан экспедиц 1926 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дахь Хөгшин Тээлийн эртний нэгэн хотын туурийн дэргэдээс олжээ. 91 см өндөр, 62 см өргөн, 18.5 см зузаан, 20 мөр бичээс, 306 хятад үсэгтэй энэ хөшөөг Н.Сэр-Оджав 1957 онд Улаанбаатарт авчирчээ. Х.Пэрлээ 1965 онд хөшөө олдсон газраар хайгуул хийж ирээд Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж байсан уг хөшөөний бичээсийг нанхиадаар хуулбарласан эхийг монголчилсон эхийн хамт хэвлүүлжээ. П.К.Козлов хөшөө бүтсэн үеийг 1275 он гэж тодорхойлсон бол Ц.Хандсүрэн 1278 онд бүтээсэн хэмээн залруулсан байдаг. Залруулах болсон гол учиг нь бичээст дурдсан Жи Юанийн 15 он гэсэн тооллоос үүдэлтэй. Жи Юаний 15-р он нь 1264 оноос эхэлдэг. Харин Козлов 1260 оноор тооцож алдаа гаргасан.
Хөшөөний бичээс
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Нутгийн хүмүүс “Хөгшин тээлийн балгас” гэдэг