Jump to content

Хөдөөгийн Пэрлээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөдөөд овогт Дамдины Пэрлээ
Академич Д.Пэрлээ
Төрсөн огноо1911
Сэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошуу (Одоогийн Хэнтий аймгийн Бин­дэр сум)
Нас барсан огноо1982
БНМАУ, Улаанбаатар хот
Оршин суугаа улсБНМАУ
ИргэншилБНМАУ
ҮндэсМонгол
СалбарТүүх, Археологи, Уран зохиол
БайгууллагаТүүхийн хүрээлэн
Төгссөн сургуульМУИС
Эрдмийн ажлын зөвлөхТүүхийн ухааны доктор
Эрдмийн бусад зөвлөхАкадемич
Нэр хүндтэй шагналуудАлтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1991 онд Монгол улсын төрийн шагнал

Хөдөөд овог Дамдины Пэрлээ (Пэрэнлэй-1911-1982) нь Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч хүн бөгөөд ард түмэндээ "Хөдөө"-гийн гэж алдаршсан хүн байв.

Пэрлээ (Пэрэнлэй) 1911 онд Богд Хаант Монгол Улсын Сэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Бин­дэр сумын нутагт Дамдингийнд төрсөн байна. Х.Пэрлээ 1926-1928 онд хошууны бага сур­гуульд, 1928 онд Багшийн сургуульд суралцаж багшийн мэргэжил­тэй болжээ.1929-1937 онд Хэнтий, Архангай аймагт бага сургуулийн захирал, багш, холбоочноор ажил­лаж байсан.

1937 онд хэлмэгдэж 10 жилийн ял авч шоронд орж 1941 онд суллагдсан бөгөөд сүүлд 1956 онд цагаатсан байна.

1945-1949 онд Монгол Улсын Их Сургуульд эчнээгээр суралцан төгсгөж, түүхч мэр­гэжил эзэмшжээ. 1941 онд тэр үеийн Шинжлэх Ухааны Хүрээлэн (одоогийн Шинжлэх Ухааны Ака­деми)-д судлаачаар орж насан өөд болтлоо Түүхийн хүрээлэнд эрдэм шин­жилгээний ажилтан, тасгийн эрхлэгчээр 40 гаруй жил тасралт­гүй ажиллажээ.

1957 оноос ЗХУ-ын Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт суралцаж 1959 онд БНМАУ-д анх эрдмийн зэргийг «Хятаны түүхээс» сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

1978 онд «Эртний монгол­чуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд» сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаал­сан байна. Д.Пэрлээ нь 1962 онд Дэлхийн өвөг түүхийн холбооны байнгын зөвлөлийн гишүүнээр, 1967 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр тус тус сон­гогдон ажиллажээ.

Д.Пэрлээ 1940-өөд оноос эртний монголчуудын угсаа гарал, соёл иргэншлийн түүхийн гол зангилаа асуудлыг багтаасан судалгааны нэгэн том чиглэлийг сонгон авч ажиллан «БНМАУ-ын түүх»-ийн нэгэн боть, «БНМАУ-ын түүх»-ийн гурвал зохиолын нэг үндсэн зохиогчоор ажилласан ба эрдэм шинжилгээний 20 гаруй ном, товхимол, 100 гаруй өгүүлэл туурвин, дотоод, гадаадад нийтлүүлж, Монголд төдийгүй, дэл­хийн дорно дахины судлалд нэрд гарсан эрдэмтэн болж чадсан байна.

Тэрээр 1982 онд нас баржээ.

  • «Онон Хэр­лэнгийн монголчууд» (1959)
  • «Монголын феодалын улс бай­гуу­лагдахын өмнөх Монгол улс, Хан­лигууд» (1966)
  • «Гурван мөрний Монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь» (1969)
  • «Төв аймгийн Авдарбаян сумын нутаг Хүйтний голд явуулсан археологийн ажлын тухай» (1942)
  • «Монголын эртний овог ястны түүхийг суд­лахад археологийн ач холбогдол» (1956)
  • «Монгол Ард Улсын археоло­гийн шинжилгээний товч тойм» (1963)
  • «Эртний монголчуудын үхэгс­дээ оршуулж байсан зан үйлийн асуудалд» (1956)
  • «Эртний монголоос шилжин нүүгсэд, тэдний улс түмнүүдийн их нүүдлийн түүхэнд холбогдох нь» (1966)
  • «Монгол аймгуудын нэн эртний дээдсийг эртний нүүдэлчдийн дундаас хайх нь» (1977)
  • «Хүн чулуун хөшөөний үүсэл хувьслыг судлах тухай» (1977)
  • «Монгол Ард Улсын эрт дундад үеийн хот суурины товчоон» (1966)
  • «Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь» (1975)
  • «Монголын хувьсгалын өмнөх түүх бичлэгийн асуудалд» (1958)
  • «Хэнтий аймгийн хураангуй түүх» (1973)
  • «Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн түүхийн найруу­лал» (1980)
  • «БНМАУ-ын түүх» дунд сургуулийн сурах бичгийг 2 удаа (1967, 1981)

Монгол улс Д.Пэрлээг Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, 1991 онд түүний судалгааны бүтээлүүдэд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгожээ.

Монгол судлал анх Монголд биш, гадаад орнуудад үүсч хөгжсөнийг XX зуунд эрчимтэй хөгжүүлж нутагшуулан Монгол улсыг дэлхийн Монгол судлалын төв болгоход гол үүргийг гүйцэтгэсэн монгол эрдэмтдийн нэг. Монголдоо анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан судлаач. 1959 онд "Хятан нар, тэдний монголчуудтай холбогдох нь" сэдвээр дэд эрдэмтний зэрэг, 1981 онд "Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн асуудалд" сэдвээр докторын зэргийг тус тус хамгаалсан. Монголын төдийгүй дэлхийн түүхийн шинжлэх ухааны эргэлтэнд "гурван голын монголчууд" хэмээх нэр томъёог анх оруулсан. Түүхийн шинжлэх ухааны хавсарга олон ухаан болох зоос судлал, тамга судлал, сурвалж судлал гэх зэргийн үндсийг тавигсдын нэг юм.

  • Монголын нэвтэрхий толь