Jump to content

Хэрэглэгч:Megzer/Ноорог/Рахули далай ноён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рахули далай ноён (1584-?) бол Абахуй мэргэн ноёны Татарын Онгуй хатнаас модон бич жил[1] буюу 1584 онд төрсөн. Тэрбээр 1646 онд Сөнидийн Тэнгис мэргэн ван өөрийн харъяат хошууны бүх ардаар манжийн төрийн эсрэг босч, Халхын нутагт зугтан ирсэн. Түүний ардаас Нурхачи баатрын 14-р агь эркэ чин ван Додо манж, монгол цэргээр Тэнгисийг нэхэж довтолсон. Тэнгисийг халхын гурван ханы цэрэг өмгөөлөн туслахаар Түшээт хан Гомбодорж тус аймгийн хоёр түмэн цэргийг Рахули далай ноёноор, Сэцэн хан Шолой 3 түмэн цэргээ Бямбаар удирдуулж манжийн их цэргийг тосгуулан хөдөлгөж, Зажи булаг хэмээх газарт Халх-Манжийн цэрэг тулалдан Халхын цэрэг ялагдсан. Рахули далай ноён хэзээ нас барсан нь тодорхойгүй. 1653 онд түүний хөвгүүд Бунтар цөөхүр тайж, Бумбажав тайж, Бамбун эрдэнэ, Жамц тайж нар албат ноёд, харъяат өрх айлуудаа авч Чин улсад дагаар орсонд, Улаанцавын чуулганд газар заан өгч Халхын баруун гарын хошууг байгуулан өгч нутаглуулав.

Рахули далай ноён "...Бунтар цөөхүр, Бумбажав цогт тайж, Бамбун эрдэнэ, Жамц тайж, Сэржи далай дайчин, Гүрү мэргэн тайж, Ринчин тайж..."[2] гэсэн долоон хөвгүүн, "...Бадмасо, Доржимсо, Бомчо, Сүндэр, Чойсум..."[3] таван охинтой байсан. Бунтар цөөхүр тайж ихэнх ах дүү албат ардаа дагуулан 1653 онд Манжид дагаар ороход Эеэр засагч хааны зарлигаар түүнд засаг ноён, чин ван цол соёрхож, албат ардыг нь Улаанцавын чуулганд газар таслан өгч суулгаад Халхын баруун гарын хошууг байгуулан, захируулсан. Бунтарын үр хойчис нь уг хошууны засаг ноёд болсон. Хуучин нутагтаа үлдсэн Сэржи далай дайчин ноён 1688 онд говийн өмнөш зугтаж, манжид дагаар орсон. 1690 онд албат ардууд нь цэргийн агт хулгайлсан хэргээр шийтгэгдсэн. Түүний хүү Литар тайж 1693 онд Энх амгалан хааны өршөөлөөр засаг, тэргүүн зэргийн тайж өргөмжилж, Мэргэн ван Гүршихийн хошуунаас газар таслан өгч шинэ хошуу байгуулж, зүүн гарын умард хошууг байгуулсан нь хожмын Түшээт вангийн хошуу юм. Литар тайжийн удмаас хамгийн алдартай нь тусгаар тогтнолын хөдөлгөөний толгойлогчдын нэг Гадинбалын Чагдаржав билээ.

  1. Эртний монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой. УБ., 2006. т.103
  2. Асрагч нэртийн түүх. УБ., 2006.т.74
  3. Эртний монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой. УБ., 2006. т.107