Хятад-Төвөдийн дайн
Хятад-Төвөдийн дайн (англи. Sino-Tibetan War of 1930–1932. Chinese: 康藏糾紛; pinyin: Kāngcáng jiūfēn, lit. Kham–Tibet dispute), —1911 оны Шинхайн хувьсгалын дараа Монголчуудын нэгэн адил тусгаар тогтнолоо олж авсан Төвөд улс болон Бүгд Найрамдах Хятад Улсын (монголоор. Дундад Иргэн улс) хооронд 1930-1932 онд болсон зэвсэгт дайн /зарим судлаачид мөргөлдөөн гэдэг/ юм.
Урьдчилсан нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]1911 оны Шинхайн хувьсгалын дараа Төвөд, Манж Чин улсаас тусгаар тогтнолоо зарлан тунхагалсан байна. Хэдийгээр дараа нь бий болсон Хятадын Засгийн газар Төвөдийг Бүгд Найрамдах Хятад улсын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг байсан болов ч Хятад эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл өрнөж байснаас Төвөдийг хүчээр нэгтгэх боломж байгаагүй ажээ. 1917-1918 онд Төвөд, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны дараа Хөх мөрний дээд урсгалыг (Жиньша гол гэж мөн нэрлэдэг) дагуу түр тусгаарлах шугам татсан байна. Хилийн шугамын бүсэд Бээжин, Наньжин, Лхас аль нь ч нөлөө үзүүлдэггүй байсан бөгөөд энд орон нутгийн овог аймгууд, цэргийн захиргаа өөрсдийн үзэмжээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг байжээ.
Дайны өрнөл
[засварлах | кодоор засварлах]1930 оны 6-р сард Төвөдийн Засгийн газрын хяналтанд байдаггүй боловч төвөд оршин суугчидтай Бери хошууны тэргүүний тушаалаар Ньяронг сүмийг эзлэн авчээ. Ньяронгийн лам нар өөр нэг сүмийн лам нарын тусламжтай сүмээ буцаан авчээ. Гэтэл 1930 оны 6-р сард Биру хошууны удирдлага Сикан мужийн дарга, хятадын цэргийн дарга Лю Вэньхуэй-гаас туламж гуйсан байна. Улмаар хятад цэргүүд лам нарыг дорхоноо хөөн зайлуулахад цаад лам нар нь Лхасаас тусламж гуйжээ. Төвөдийн Арми Бери хошуунд ирээд хятадын цэргийг хөөж чадсан байна. Үүний дараа хятадын тал зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох санал тавьсан ч амжилтгүй болжээ.
Төвөдийн тал амжилтанд хүрлээ гэж ойлгоод дэврүү сэтгэлээр цааш урагшилж төвөд оршин суугчидтай суурин тосгоныг эзлэсэн байна. 1932 онд төвөд цэргүүд Чинхай мужийн Юйшу хэмээх томоохон тосгон руу довтолход Чинхай мужийн дарга Ма Буфан төвөдийн цэргийг бут цохиж Чинхай мужаас хөөн гаргасан байна. Үүний зэрэгцээ Лю Вэньхуэй мөн сөрөг довтолгоон зохион байгуулж төвөдүүдийг хөөж гаргасан байна. 1932 оны 8-р сар гэхэд хятадын цэргүүд маш хурдан довтлож эхэлсэн учир 13-р Далай лам Британий Энэтхэгийн Засгийн газарт хандаж тусламж гуйсан байна. Их Британий дарамт үзүүлсэний улмаас Дундад улсын Нанкин дахь Засгийн газар цэргүүддээ гал зогсоох тушаал өгсөн байна.
1933 онд Ма Бунфан, Лю Вэньхуэй нар тус тусдаа төвөдийн талтай гал зогсоох тухай хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Үүнээс хойш төвдийн тал Жиньша голыг нэвт гарахыг оролдоогүй ажээ.