Jump to content

Цэвээний Зандраа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэвээний Зандраа (1919 оны 11-р сарын 17-нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотноо төрж, 2009 онд нас барсан) - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын анхны мэргэжлийн кино зохиолч, баримтат кино найруулагч.

Ц.Зандраа 1936 онд Багшийн сургуулийг төгсөөд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, Санхүүгийн техникумд багшилж байсан.

1941 оноос Кино үйлдвэрт ажилласан.

1943 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн босгыг алхаж ирээдүйн амьдрал үйлсээ энэ урлагтай холбожээ.

Дээд сургууль төгсөж ирээд үндсэн мэргэжлээр нь ажиллуулах болсон ч цаг үеийн шаардлагаар баримтат киноны найруулагчаар давхар ажиллуулах боллоо.

1951 онд өөрийн орны 30 жилийн хөгжлийн түүхийг харуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээх бүрэн хэмжээний 9 бүлэг анхны өнгөт баримтат киног Зөвлөлт улсын баримтат киноны төв студитэй хавсран найруулагч М.Трояновскийн хамт бүтээсэн.

1954 онд өөрийн зохиосон “Шинэ жил” киногоо найруулж, 1955 онд “Гэм нь урдаа” кино зохиолоо бичсэн.

1962 онд Монголын кино урлагт анх “Хоёр найз” хэмээх хүүхэлдэйн киног туршин хийж байсан бол 1966 онд ”Эртний нутгийн солонго” кинондоо Сүхбаатар жанжны амьд сэрүүн байх үеийн дүрийг Москвагийн дүүрэгт багтдаг “Красногорск” тосгоны “Баримтат киноны төв архив”-ын сан хөмрөгөөс олж хийсэн нь түүхэнд үлдэх гавьяа юм.

1965 онд “Гэмшил зэмлэл” 2 бүлэг киноны зохиолыг бичиж өөрөө найруулсан бөгөөд  анхаарал болгоомжгүй байвал ямар аюул, их хохирол авчирч болохыг сэрэмжлүүлжээ.

1971 онд “Миний Монгол” нэртэй бүрэн хэмжээний баримтат киног ЗХУ-тай хамтран хийхээр 1970 оны хавар Ц.Зандраа, П.Лувсанцэрэн нар бичсэн зохиолоо Москвад очиж хамтран ажиллах уран бүтээлчид болон холбогдох хүмүүст танилцуулж, санал солилцох зорилгоор очсон. Ф.Киселев, Ц.Зандраа нарын бүтээсэн ”Миний Монгол” 7 бүлэг баримтат кино бол Монгол Улсын 50 жилийн хөгжлийн онцлог үйл явдлыг он дарааллын түүхэн баримтаар баталгаажуулан гаргасан нэг ёсны тайлан байлаа.

Тэрбээр Бадрахын Сумхүүгийн "Хань", Гомбожавын Жигжидсүрэнгийн "Хүний амь" кинонд туслах дүр бүтээсэн юм.

“Үндэсний соёлын зам” сэтгүүл болон “Ардын үндэсний эрх” сонинд шүлэг өгүүллэгээ хэвлүүлж байсан. 1999 онд "Кино урлагийн үндэс" ном гаргаж байжээ.

Ц.Зандраагийн найруулсан уран бүтээлийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
  1. Монгол Улс - 1951 он
  2. Румыны жүжигчдийн концерт – 1953 он
  3. Шинэ жил - 1954 он
  4. Гэм нь урдаа - 1955 он
  5. МАХН-ын 13-р их хурал – 1958 он
  6. Улаанбаатар – 1960 он
  7. Төлөөр мал өснө – 1962 он
  8. Матад сумын соёл хөдөлмөрийн бригад – 1963 он
  9. Эртний нутгийн солонго – 1966 он
  10. Уран нугараач Норовсамбуу – 1967 он
  11. Мөнхийн холбоо – 1967 он
  12. Энх тайвны манаа – 1968 он
  13. Найрамдлын гэрээ хэлэлцээрийн 50 жил – 1971 он
  14. Афганистаны цог жавхлант Ван манай оронд – 1971 он
  15. Миний Монгол – 1971 он
  16. Нэхмэлчин Гүнжлхам – 1972 он
  17. Манай зохиолчид – 1973 он
  18. Шийдвэрлэх он – 1974 он
  19. Манай орны нэг өдөр – 1974 он
  20. Их ойн өдрүүд – 1975 он
  21. Фрунзийн фестиваль – 1975 он
  22. Хурц халдварт гепатит өвчин – 1975 он
  23. МАХН хоёр Их хурлын хооронд – 1976 он
  24. Эх орны төлөө – 1977 он
  25. Говь – 77-1978 он
  26. Найрамдал дружба -1977 он
  27. Социалист хамтын нөхөрлөл – 1979 он
  28. Халх голын 40 жил  – 1979 он
  29. Номин хөх тэнгэр – 1981 он
  30. Эрдмийн золбоо – 1981 он
  31. Манай холбоо өчигдөр, өнөөдөр – 1982 он
  32. БНСЧУ-ын соёлын өдрүүд манай оронд – 1983 он
  33. Энх тайвны төлөө- 1983 он
  34. Холбооны шугам кабелийн хамгаалалт – 1984 он
  35. Монгол кино – 50 жил – 1985 он.

Алтанбулаг сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгосон.