Jump to content

Цэдэн-Ишийн Жамба

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жамба мээрэн хэмээн нутаг орондоо алдаршсан Цэдэн-Ишийн Жамба (1873-1938) нь Монголын төрийн зүтгэлтэн юм.

Тэрээр Түшээт хан аймгийн Түшээтханы хошуу буюу одоогийн Булган аймгийн Гурванбулаг суманд 1873 онд Цэдэн-Ишийн хоёр дахь хүүхэд болж мэндэлжээ. Ц.Жамба (нутгийнхан нь түүнийг Амбаа хэмээн авгайлдаг байжээ) монгол, манж үсэгтэй сэхээтэн хүн байсан тул Түшээт хан аймгийн Түшээтханы хошууны мээрэн болжээ. Мээрэн гэдэг нь одоогийн ЗДТГ-ын даргын албан тушаалтай дүйх албан тушаал юм.

Жамба мээрэн хошуу тамгын газрынхаа санхүү, цэргийн хэргийг голлон эрхэлж байжээ. Түшээтхан Доржсүрэнхоролжав дөрвөн насандаа хан ширээнд суусан тул Эрдэнэзуу хийдийн Майдар эргэх ёслолыг үзүүлэхийн тулд Жамба мээрэн ханыгаа моринд дүүрээд явж байсан гэдэг.


Түшээтхан Дашнямын хөвгүүн Доржсүрэнхоролжав бээр феодал хэмээгдэн 1929 он, 1931 онд мал хөрөнгөө хураалгаж, Архангай аймгийн хорих газарт хоригдоход Жамба мээрэн ч мөн хамт хоригджээ.

Эрдэнэзуу хийдийн их цорж Агваанчүлтэмжамц, Түшээтхан Доржсүрэнхоролжав, Жамба мээрэн гурвыг Архангай аймгийн шоронд хорьсон байхад нь П.Гэндэн сайд очиж суллажээ. Энэ явдал П.Гэндэн сайдыг буруутгах нэг үндэслэл болсон юм гэдэг. Жамба мээрэнгийн зээ хүү Д.Осорын ярьснаар, Жамба мээрэн Архангайн шоронгоос суллагдсаныхаа дараа Батсуурийн төвд хэдэн хүүхдэд бичиг үсэг зааж байжээ. Үүндээ ч их сэтгэл өег байсан гэдэг.


1937 оны их хэлмэгдүүлэлт Жамба мээрэнг тойрсонгүй. 1937 оны зун Жамба мээрэнг Бэлчир хэмээн газарт нутаглаж байхад нь нэгэн өдөр багийн дарга нь ирээд "Мээрэн гуай таныг маргааш ирж баривчлах юм шиг байна. Та нэг арга бодно байгаа" гэж хэлээд явжээ. Гэрийнхэн нь жаал жуул юм төхөөрөөд бүрэнхий болоход Жамба мээрэнг мордуулжээ. Жамба мориндоо богцтой юм ганзагалаад баруун хойд зүг рүү явсан юм гэдэг. Гэвч шөнөдөө "Би ер нь ганцаараа хаа ч хүрэх юм билээ дээ" гэсээр буцаж иржээ. Маргааш нь хоёр морьтой хүн ирээд Жамба мээрэнг Батсуурийн төв рүү авч явжээ. Нөгөөдөр нь Архангай руу хэдэн морьтой хүн явж байхыг харвал Мээрэн Жамбын дээлийнх нь ханцуйг ард нь холбон уяж морь унуулаад хөтөлчихсөн хэдэн буутай хүн авч явж байхыг зээ хүү Д.Осор харжээ. Есөн настай зээ хүү нь өвөөгөө хамгийн сүүлийн удаа харсан нь энэ байжээ.

Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сумын мээрэн Цэдэн-Ишийн Жамбад Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №19 дугаар тогтоолоо[permanent dead link]р бүх хөрөнгийг хурааж, буудан алах ял оноож, төрийн улсынхаа төлөө нэг насаа зориулсан 65 настай мээрэнг хилсээр хороожээ.

Түшээт хан аймгийн Түшээтханы хошууны мээрэн Цэдэн-Ишийн Жамбыг Улсын Дээд шүүхийн цагаатгалын комиссын 1992 оны долдугаар сарын 06-ны өдрийн №109 дүгээр тогтоолоор[permanent dead link] цагаатгасан юм.

Тэрээр Ламжавын Дугар хэмээх эмэгтэйтэй ханилж,

  1. Жамбын Цэрэн (1899),
  2. Жамбын Гүнсэнпагма (1900),
  3. Жамбын Дондогдорж (1903),
  4. Жамбын Бат-Очир (1906),
  5. Жамбын Норжмаа (1909),
  6. Жамбын Рапил (1912),
  7. Жамбын Буяндэлгэр (1915),
  8. Жамбын Дашдондог (1917) гэдэг найман хүүхэд төрүүлж өсгөжээ.
  1. Өндөр өвөг Ш.Цэдэн-Ишийн 4 дэх үеийн зээ Д.Осорын хэлж бичүүлсэн "Угийн бичиг"
  2. Ж.Болдбаатар (МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор), Сансрын Баатарын өлгий, Халхын хүйс Гурванбулаг нутаг. (Булган аймгийн Гурванбулаг сумын тайлбар толь). -УБ., 2011, (21.5х.х)[permanent dead link]
  3. УДШ-ийн албан ёсны цахим хуудас[permanent dead link]