Jump to content

Чарльз Диккенс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэ бичлэгт цэгцлэл, найруулга хэрэгтэй.
Чарльз Диккенс

Чарльз Диккенс (англи. Charles John Huffam Dickens; 1812 оны 2 сарын 7-нд Английн Портсмут хотод төрсөн – 1870 оны 6 сарын 9-нд нас барсан) бол Английн шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгч бөгөөд Дэлхийн уран зохиолын сонгодог зохиолч. Тэрээр нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан зохиолч юм.

Усан боомтын доод албаны түшмэлийн хүү Чарльз бага балчир наснаасаа дутагдах гачигдахын зовлонг амсаж, эцэг нь өр төлбөрөөсөө болж шоронд орсон тул 10 настайгаасаа хар бор ажил хийн явснаа сүүлдээ сонины сурвалжлагч, Английн парламентад бичээчээр ажиллаж байсан нь түүний хувьд нэг ёсны их сургууль болж, хожим нь зохиолч болоход нь ихээхэн нөлөөлсөн байна. Түүний үзэл бодол төлөвшихөд Англид гарсан "Чартистуудын хөдөлгөөн", 1840-өөд оны Европ дахиныг хамарсан чөлөөлөх хөдөлгөөн эерэг нөлөө үзүүлжээ.

Чарльз Диккенс сонин хэвлэлийн газар ажиллаж байх үедээ Лондон хотын ядуусын хорооллынхны аж байдлыг дүрсэлсэн хэд хэдэн найруулал бичсэнээ Боз гэдэг хуурмаг нэрээр Бозын найрууллууд (1836) нэртэйгээр нийтлүүлсэн байна. Энэ номдоо Англид баян хоосны ялгаа зааг хэтэрхий гүнзгийрч, ядуу хүн хүний тооноос хасагдахад хүрээд байсныг харуусан бичсэн байдаг. Хүмүүсийн тухай бодол найруулалд "Лондон хотынхон хүний амьд явах, үхэх хоёрыг огт тоохоо больсон нь гайхмаар. Хүн нь хүнээ өрөвдөх, хайрлах, дайсагнахын аль нь ч алга. Хүн үхжээ л гэхэд тэр хүн одоо мартагдлаа гэж хэлэх ч арга алга. Учир нь, тэр хүнийг амьдад нь бас хэн ч дурсдаггүй байсан юм чинь" гэж бичсэн байна. Хүн гэдэг эрхэм нэр төр утга учраа алдсанд харуусан халаглах сэтгэлээ илтгэсэн энэ үг Диккенсийн уран бүтээлийн ерөнхий агуулгыг тодорхойлдог юм.

Түүний анхны томоохон бүтээл нь Пиквикийн клубын өөд болохын өмнөх тэмдэглэл (1837, The Posthumous Papers of the Pickwick Club) хэмээх наргиантай шог роман юм. Үүний араас Оливер Твист (1838), Николас Никелбийн амьдрал, адал явдал (1839,The Life and Adventures of Nicholas Nickleby), Мартин Чезлвит (1844) зэрэг этгээд адал явдлын тухай өгүүлсэн роман, нийгмийн асуудлуудыг хурцатган үзүүлсэн Домби, хүү хоёр (1848), Хүйтэн байшин (1853), Бэрх үес (1854), Бяцхан Доррит, гэмт хэрэг мөрдөгчийн тухай зохиолын элемент оролцсон Их горьдлого (1861), Бидний цөмийн нь найз (1865) зэрэг нийгэм-сэтгэхүйн романууд, Хуучны эд юмсын дэлгүүр (1841), Христийн мэндэлсэн өдрийн туужууд (1843-1846) зэрэг сургамжийн чанартай сентиментал роман, Барнаби Раж (1841), Хоёр хотын тухай тууж (1859) түүхэн роман, Дэвид Копперфилд (1850) хүмүүжлийн роман нь цувран гарсан байна.

Диккенс уран бүтээлийнхээ гучаад жилд арван таван роман, хэд хэдэн тууж, жүжиг, найрууллын ба өгүүлэгийн түүвэр (жишээ нь, Америкт аялсан тухай Америкын тэмдэглэлүүд) зэргийг бичсэн бөгөөд бас Гэрийн уншлага, Бүтэн жил хэмээх утга зохиол, уран сайхны хоёр сэтгүүл эрхлэн гаргаж байжээ. Диккенс бас жүжиглэх их авъяастай хүн байсан тул сонирхогчдын театруудад тогтмол оролцон тоглож, завсар чөлөөнд нь өөрийнхөө зохиолоос жүжиглэн уншдаг байсан аж.

Тэрээр уран бүтээлийнхээ сүүлийн таван жилд гадаадын улс орнуудад уригдан очиж, зохиолоосоо уншдаг байсан бөгөөд сүүлдээ хүнд өвчин туссаны улмаас хамгийн сүүлчийнхээ томоохон бүтээл болох Эдвин Друдын нууц романаа дөнгөж оруулаад дуусгаж амжилтгүй 1870 онд насан өөд болсон байна.

Диккенсийн цаг үеийнхээ гол гол хэрэг явдлыг "хуучин англи" уламжлалаар уран элэглэл, хошигнол, заримдаа бүр ингүүн шог, егөөдөл оруулан үнэн зөв дүрсэлж, бурангуй явдал, олох идэхийн шунал, хүчирхийлэл, шүүхийн булхайг уудлан илчилж, нийгмийн доод түвшинд байсан жирийн олныг өмгөөлж хамгаалсан зохиол бүтээл нь Английн уран зохиолын түүхэнд нэгэн чухал үе болон үлдсэн юм.

Wikisource: Charles Dickens – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд (englisch)
 Commons: Charles Dickens – Викимедиа дуу дүрсний сан