Jump to content

Чимбэгийн Сугар-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чимбэгийн Сугар-Очир (1956 онд төрсөн) нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой тэмээчин юм.

Чимбэгийн Сугар-Очир Баянхонгор аймийн Баянлиг суманд 1956 оны бичин жил Шинэ Ус хэмээх газар мэндэлжээ. Удам дамжсан тэмээчин тэрбээр Баянлиг сумын түүхэн дэхь цорын ганц Хөдөлмөрийн баатар нь юм. Таван настайгаасаа морь, тэмээ унаж сурсан Ч.Сугар-Очир ботго, тором хариулаж тусад орсон нь хожмоо сайн малчин, улмаар баатар цолд хүрэхэд нь нөлөөсөн гэдэг. Тэрбээр Баянлиг сумынхаа дунд сургуульд суралцаж улмаар цэргийн алба хааж ирээд 1977-1990 онуудад “Улаан оч” нэгдэлд тэмээчнээр ажиллажээ.

Хөдөө аж ахуйн нэгдэл тарж, мал хувьчлахад эм, эр нийлсэн 10 тэмээ өмчилж үлдсэн бөгөөд тэр цаг үеэс хойш 14 жилийн дараа хагас мянга болтол нь өсгөж, үржүүлсэн гавьяатай нэгэн.

Хоёр жилд ганцхан удаа ботголдог тэмээ бол таван хошуу мал дундаас хамгийн их тэвчээртэй, өл дааж, ган, зуд тэсвэрлэхдээ сайн зэрэг олон давуу чанартай боловч холын бэлчээртэй, эдлэж, сургахад бие томтой, чац томтой зэрэг маллахад чамгүй хүндрэлтэй. Ч.Сугар-Очир дан ганц тэмээ бус бод, бог нийлсэн 1000 гаруй малыг зэрэгцүүлэн маллаж ирсэн юм.

Ч.Сугар-Очир нийт 10-аад өрхийг малжуулсан бөгөөд нийт 500 гаруй малыг хүмүүст бэлэглэж байжээ. Гэргий Р.Нансалмаа нь Монгол улсад анх удаа 103 ботго бойжуулсан амжилтаараа 2006 онд “Алтан төлийн эзэн” болж байсан төдийгүй 10 хүүхэд төрүүлж, өсгөсөн юм. Өдгөө гурван хүү, нэг охин нь удам залган мал маллаж буй. Хос бөхт тэмээн сүргийн тоо толгой ховордож 200 гаруйхан мянгаар тоологдож байх үед Ч.Сугар-Очир тэмээг хамгаалах, тус амьтны ашиг шим, ач холбогдолын талаар өөрийн дуу хоолойгоо өргөж, тэмээг хамгаалах чиглэлээр чамгүй олон арга хэмжээг зохион байгуулалцаж ирсэн байдаг. Ламын гэгээний “Жижиг улаан” омгийн тэмээг өсгөж, үржүүлэн малын удмын санд бүртгүүлэх ажил ч түүний санал, санаачилгаар явагдаж байгаа. Ийн тэмээн сүргээ өсгөж яваа баатар маань бас шаггүй сайн уяач юм. Түүний уяж сойсон тэмээ нь сум төдийгүй бүсийн уралдаануудад хэдэнтээ айраг, түрүүг авч байжээ.

МУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин Ч.Сугар-Очирын дүү Аймгийн арслан, Алтангадас одонт Ч.Даваасүрэн, отгон дүү Аймгийн начин, Аймгийн алдарт уяач Ч.Бямбаа нар юм.

  • 2002 онд 631 тэмээ тоолуулан Улсын сайн малчин болж байсан.
  • 2002-2006 он хүртэл таван жилийн турш тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 7 сарын 6-ны өдрийн 200 дугаар зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолны эзэн болжээ.
  • 2003 оны “Улсын шилдэг малчин”-аар тодорсон төдийгүй эмнэг сургалтын төрлөөр “Спортын мастер” цол хүртэж байжээ.

Монгол улсын сайн малчин, хөдөлмөрийн баатар ЧИМБЭГИЙН СУГАР-ОЧИР