Jump to content

Чуваандоржийн Молом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чуваандоржийн Молом - (Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөртөд 1932 оны 7-р сарын 17-ны өдөр төрсөн-2008 онд нас барсан) Монголын төр, нийгмийн зүтгэлтэн.

Ч.Моломын төрж өссөн нутгийг тухайн үед Цэцэрлэг Мандал аймгийн Зая-ын шавь хошуу гэж нэрлэгддэг байв.

Тэрээр 1944-1951 онуудад Улаанбаатар хотын Худалдааны техникумд сурч “Худалдааны эдийн засагч” мэргэжил эзэмшсэн. Улмаар 1955-1959 онуудад ЗХУ-ын Москва хот дахь Г.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд суралцаж “Онц” дүнтэй төгссөн.

Ч.Молом нь ажил хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн Хоршоодын холбоонд ажиллаж эхлүүлсэн бөгөөд улмаар 1959-1962 онуудад худалдаа бэлтгэлийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга, 1962-1963 онуудад мөн яамны орлогч сайд, 1963-1968 онуудад Хүнсний яамны сайд, 1968-1972 онуудад ЗХУ-д Монгол улсын Элчин сайдын яаманд “Худалдааны төлөөлөгч” байсан.

1972-1980 онуудад МАХН-ын Төв Хорооны “Худалдаа тээвэр, холбоо хариуцсан хэлтэс” -ийн эрхлэгч, 1980-1984 онуудад Худалдаа бэлтгэлийн яамны сайд бөгөөд Монголын Эд хэрэглэгчдийн хоршоололын Төв Холбооны дарга, 1984 оноос Ардын Хянан Шалгах Хорооны даргаар тус тус ажиллаж байв.

1992 онд Монгол улсын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдож байснаас гадна Шинэ 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад өөрийн хувь нэмрийг оруулж байсан хүн.

Ч.Молом сайд ажил хэрэгч, зарчимч, хүнлэг чанараас гадна ярих илтгэх, нягтлах, тооцохыг чухалчилдаг, хашир, тооцоот хүн байсан.

Ч.Моломын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1982 онд "Сүхбаатарын одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон Ардын Хувьсгалын ойн медалиудаар шагнаж байсан юм.