Хотонт сум
Хотонт сум
ᠬᠣᠲᠤᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Архангай аймаг |
Байгуулагдсан | 1923 он |
Сумын төв | Хотонт |
Газар нутаг | |
• Нийт | 2,417.4 км2 (933.4 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,349 |
• Нягтрал | 1.8/км2 (5/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Хотонт сум нь Архангай аймгийн сум юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Өнө эртэд Хотонт уул дулаан уул нэртэй байж хэмээнэ. Үнэхээр ч өврийн ам жалганд нь жавар салхинаас нөмрөлсөн дулаан тухтай олон өвөлжөө байдаг. Монгол газарт түрэг язгуурын Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн киргизүүдэд ялагдаж нийслэл Ордубалык (Ордубулиг, Балиглиг) хотоо шатаалган сүүтгүүлээд баруун зүг зугтан зайлжээ. Харин зарим овог хэсэг нь өөрийн гэх нутаг усаа орхиж эс тэвчин хоцорч Хиргисүүдийн эрхшээлд орсны дотор Уйгарын нэгэн хааны хатун, ой билиг төгс, гоо үзэсгэлэн тэгш Дой нэрт хатун ахайтанг харь солгой дайсан нь хүртэл хүндэлж нийслэлээс нь хойш хорь шахам мод газрын зайд орших нэгэн цагаан нуурын хөвөөн дэх орд харшид нь суулган үлдээв гэнэ. Он жил хангирч Дой хатун сүүдэр орхисон авч түүний нэр нөгөөх цагаан нууранд мөнхөрч Дойтын цагаан нуур хэмээн нэршмүй. Хатун ахайн шарилыг орчин тойрондоо өндөрт тооцогдох Дулаан уулын зүүн бага оргилын оройд оршуулж, дээр нь 5x6 метрийн хэмийн өрлөгтэй найман талтай чулуун бунхан орж мөхлөсөн байна. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болжээ. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатунт уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршин хэвшиж өдгөөг хүрсэн хэмээнэ.[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Архангай аймгийн 1931 оны цогц 35 сумын нэг. Аймаг байгуулагдахаас өмнө, хойно хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс нутгийн хил зааг тухай бүр шинэчлэгдсэн бөгөөд эдүгээ сумын нутаг дэвсгэр, хүн ам нь хуучны дөрвөн хошуу, сумын дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд : 1. Сүжигт бэйсийн хошуу буюу Хотонт уулын хошууны нутаг бүтнээрээ 2. Зоригт засгийн хошууны дийлэнх нутаг буюу Өндөр-Сант сумын нутгийн хагас 3. Илдэн бэйлийн хошууны хойт хэсэг буюу мөн Өндөр-Сант сумын нутгийн хагас 4. Заяын шавийн өмнөт захын хэсэг нутаг тус тус багтана.
Түүх соёлын дурсгал
[засварлах | кодоор засварлах]Уйгарийн хар балгас: Төв Азийн нүүдэлт ард түмний дунд VIII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Дойтын толгойн туйр: Сумын нутагт Шорвог нуур, Хунт нуур, Дойт нуур, Цагаан нуур гэхчлэн таван жижиг нуур буйн дунд хааш хаашаагаа холын бараа сайн харагдах Дойтын толгойн оройн тэгш талбайд энэ нуур бий. Гол барилгын дөрвөн буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голд нь ухаж нүх гаргасан баганын суурь чулуу хэд хэд бий. Дойтын толгойн туйрыг Өгөдэй хааны “Гэгэ- чаган орд” мөн болвуу гэж Монгол, Японы археологчид үзсэн байна. Төвийн болон сүүл толгойн буган чулуун хөшөө: Сумын төвд нилээд хэдэн хөшөө чулуу, баримал, хятад бичээстэй хөшөө болон хэд хэдэн буган хөшөө байдаг. Дөрвөлжингийн амны туйр: Улаан чулуу багийн нутаг, сумын төвөөс зүүн урагш 20 км зайтай Хархорин-Хотонтын төв замын баруун талд 2 км орчим зайтай Дөрвөлжингийн ам хэмээх уулын хуурай аманд нийт 8 дөрвөлжин хэлбэрийн суурь буй бөгөөд энд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр нилээд бий. Нутгийнхан үүнийг Түрэгийн үеийнх хэмээн ярина. Эрдэнэ уулын хадны зураг: Сумын төвөөс доош Жарантайн голыг уруудан 10-аад мод яваад голын хойдох үргэлжилсэн нүцгэн нуруунаас тасарч тусгаарласан, нилээд эгц өндөр, замын бартаатай толгойг Эрдэнэ уул гэнэ. Уулын оройн том жижиг их хадан дотор 10-аад Элгэн хадны нүүрэнд хадны эртний зураг бий. Дүвхан хийд: Өндөр Сант багийн төвөөс баруун урагш 10-аад мод газарт Их Булагийн амны эхэнд Дүвхан хэмээх битүү модтой үзэсгэлэнт өндөр уул бий. Түүний торгон орой нь түшлэг бүхий суудал мэт сонин тогтоцтой байц хадны өвөрт Дүвхан хэмээх төсөрхөн хийд бий. Үүнийг 1651 онд Өндөр гэгээн Занабазар номын бясалгал үйлдэхээр Чулуун хана туургатай жижиг сүм босгуулснаар үүдэлтэй гэдэг. 1773 оноос Занабазар гэгээний дурсгалд зориулж хурал ном хуруулж эхэлжээ. 1994 онд нурж эвдэрсэн энэ хийдийг улсын хамгаалалтанд авсан бөгөөд 2001 онд сэргээн ашиглалтанд оруулжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хуучин Сүжигт бэйсийн хошууны ард иргэд нь Чорос, Өөлд, Монгол, Харчу, Өндөрийх зэрэг цөөн хэдэн овогтой байжээ. Эл хэдэн овог болон түүх шастираас харвал хошууны ноёд тайж нар Өөлд угсааны язгууртан нар агаад албат иргэд нь халх өөлд холилдсон, хожмын үед бол бүр халхажсан болох нь илэрхий. 1931 онд хүн ам, газар нутгийн ихэнх нь хуучин Зоригт засгийн хошууны Өндөр-Сант сумын бүрэлдэхүүнд орсон хийгээд 1938 онд Төвшрүүлэх сум байгуулагдахад тэнд бас нилээд хэсэг нь шилжин оржээ. Энэ нь уг хошуу 1925 оноос хойш, гурван удаа өөр суманд хуваагдсан гэсэн үг юм.
2008 оны эцэст хүн амын тооллогоор 4809 хүн амтай, өрхийн тоо 1357, нийт мал 231909 толгой малтай ба үүнээс 12 тэмээ, 23652 адуу, 13993 үхэр, 96110 хонь, 98142 ямаатай болсон байна.
Байгаль, газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сумын нутаг нь Монгол Улсын төв, Хангайн их уулсын зүүн урд захын шувтрах хэсэг, Жарантай, Орхон голыг хавчин оршино. Газрын өндөр нь далайн төвшнөөс дээш 1300-2400м-ийн хооронд гэж үздэг. Нутгийн төв, зүүн, хойт хагас буюу дэвсгэрийн дийлэнхийг Орхон голын их хөндий тал, түүний цутгал жижиг гол горхи, Жарантайн голын сав газар, Хөөврийн хавийн үргэлжилсэн нүцгэн ухаа гүвээ эзэлнэ. Газрын хөрсний хувьд тайгын цэвдэгт карбонатлаг хүрэн ангилалд багтана. Цаг уур нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1 дүгээр сарын дундаж хүйтэн нь -20°С-21°С, 7 дугаар сарын харьцангуй дулаан нь +16°С-+18°С орчим бөгөөд жилд дундажаар 300-400мм хур тундас унадаг. Аймгийн баруун хойт талын хангайн сумдтай харьцуулбал арай орой хүйтэрч, эрт цас ханзран дулаардаг. Харин хаврын цагт хавсрага салхи ихдэж мал туйлдуулах нь элбэг.
Сумыг 1923 оноос эхлэн Хотонт уулын нэрээр дуудан хаяглах болжээ. Уг уул нэг их нэрт гарахаар том сүрлэг уул бус авч сумын нутаг дэвсгэрийн төв орчимд буй, тэр ойр тойрондоо өндөрт орох далайн төвшнөөс дээш 1800м өндөрт оршино. Сумын нутгийн 11,7 орчим хувийг ой мод эзэлдэг. Гол төлөв шинэс мод зонхилсон шилмүүст ойтой, уулын орой талаар хуш элбэг ургах агаад хормой бэлээр нь хус, улиас зэрэг навчит мод бага зэрэг тааралдана. Навчит мод ууландаа бага ургах авч харин Орхон, түүний цутгал жижиг гол горхийг дагасан шугуйд бургас, улиас шигүү ургана. Алаг өвс, ботууль, жижиг үетэн, хялгана, хиаг зонхилсон ойт хээрийн өвс ургамалтай, бамбай, нохойн хошуу, анис, алтан хундага, арц, алтан гагнуур, таван салаа, тарваган шийр, царван, жамъянмядаг, тэхийн шээг зэрэг олон арван эмийн ургамалтай. Мөн уул хаданд нь гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, мойл зэрэг жимсний ургамал, хушны самар, халиар, хуйцаа зэрэг хүнсний ургамал элбэг. Нам цагаан газар хээр тал, намаг чийгэнд цагаан мөөг, мангир, хүнхээл зэрэг хүнсний ургамал арвин ургана. Нутгийн баруун талын уул нуруу, ой хөвчид халиун буга, гахай, бор гөрөөс, хүдэр, хэрэм, чандага, туулай, жирх, солонго, үеэн болон чоно, шилүүс, нохой зээх, дорго, мануул зэрэг махлаг үслэг ан гөрөөс, араатан амьтан байдаг хийгээд 40-өөд он хүртэл хээр талд нь цагаан гөрөөс идээшиж байсан гэдэг.
Сумын ихэнх нутаг нь гол ус, булаг горхи элбэг учир бэлчээрийн усаар дутагдах аюул багатай. Харин хойт талын Дойт, Хөөвөр нуур орчмын газар нь урсгал гол горхи үгүй тул ундны усаар дутах авч худгийн усаар ахуйн хэрэгцээгээ хангана. Сумын нутгаар урсах хамгийн том гол нь Орхон, нутгийн зүүн захаар 40-өөд км зайд урсаад өнгөрөхдөө эл богино замд олон мянган мал сүрэг, хүн амыг цэнгэг тунгалаг ариун усаар ундаалаад зогсохгүй орчмын уур амьсгалыг зөөлрүүлдэг эрдэнийн өгөөмөр гол. Хархорин сумтай хил залгах Баянгол, түүнээс хойших тэмээн хүзүүний гол бие даан урсаж Орхон голд цутгадаг. Харин сумын нутагт багтаж бараг бүрэн урсгалаараа урсах хамгийн урт гол нь Жарантайн гол. Эртнийн түүх шастирт бол энэ голыг Зурамтай хэмээн нэрлэсэн байх бөгөөд дуудлага нь сунжирч өөрчлөгдсөөр Жарантай гэх болсон бололтой. Өндөр Сант багийн нутагт урсах Цагаан сүмийн гол нь Суварга хайрхан уулын зүүн салбарын үргэлжилсэн ой модтой уулсаас эх авсан хийгээд хойноос хийдийн гол ирж нийлнэ. Түүнээс доош баруун урдаас нь Их булгийн гол ирж Өндөр Сант багийн орчмоор Жарантайд нийлнэ. Цагаан сүмийн голоос нийлээд хойгуур Их бургаст, Бага бургаст 2 гол нийлж Хөх сүмийн гол болох бөгөөд Цагаан хошуу хавиар мөн Жарантайд цутгана. Баруунаар мөн Цагаан сүм- Жарантайд нийлнэ. Сумын төвийн баруун урд талын алсын уулсаас эх авсан Хужирын гол, Улаан чулууны гол Баян хошууны дээхэн нийлж, Чандганы амны цагаан эрэг орчимд Жарантайн голд цутгана. Бараа голтригоороо багааханд орох Жарантайн гол Өндөр Сант, Хотонт, Хөөвөр, Бургалтай дөрвөн багийн нутаг дамнан урсаж нийтдээ зуу шахам км урт замыг туулж Орхон голд цутгана. Сумын нутаг дэвгэрт нуур цөөрөм цөөн, Дойтын цагаан нуур, Хөөвөр гэх 2 шорвог нуур нутагтаа том гэгдэх агаад бас ширгэдэг, сэргэдэг Улаан хужир, Бага нуур зэрэг хэдэн жижиг нуур тойром бий. Төрөл бүрийн өвчин эмгэгийг анагаах чанартай халуун, хүйтэн хэд хэдэн рашаан булаг бий. Үүнээс хамгийн том нь цагаан сүм буюу Жарантайн голын дээд эх хавийн намгаас ундран гарах Жарантайн халуун ус. Усны дээд халууныг 60-70 градус орчим гэж бичдэг. Бас Чулуун даваа, Байшингийн булаг, Мухар булаг зэрэг гол төлөв дотрын өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаан бий. Нутаг дэвсгэрийн талбайн 1,8 хувийг эзлэх гол ус, нуур тойром намгийн усанд нь хурмасын цагаан хун, халтар галуу, бор нугаснаас гадна дэлхийн улаан номонд орсон цэн тогоруу хүртэл ирж зусдаг. Тал хээрийн газарт нь бөмбөгөр бор шувуунаас эхлээд үглээ шаазгай, хар хэрээ, сар, элээ, улаан хошуут, талын хар алаг турлайх зэрэг зүсэм зүйлийн шувууд өвөлжиж зусдаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Сумын нутаг дэвсгэрт Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэрийг тариа тарихад тохиромжтой газар хэмээн үздэг хийгээд үнэхээр ч Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг тааралдана. 1968 оноос газар тариалан эрхэлж үлдсэн тохиромжтой газраа хагалж, үр тариа, малын тэжээл төмж, хүнсний ногоо тариалж эхэлжээ. Нэгдлийн тариалангийн эргэлтийн талбай 80-аад он гэхэд 8,6 га-д хүрч жилд дунджаар 5,5 га-д тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд тариалангийн томоохон үйлдвэрлэлтэй нэгдлийн тоонд багтах болжээ. 1958 оноос төвийн эрчим хүчний өндөр хүчдэлийн системд холбогдсноор соёл, аж ахуйд нилээд дэвшилт хийх боломж олгосний нэг нь нэгдэл томоохонд орох үр тарианы механикжсан үтрэм барьж ашигласан явдал юм.
Боловсрол, эрүүл мэнд
[засварлах | кодоор засварлах]1923 оны 1дүгээр сард Хотонт уулын хошуу, Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургуулийн анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1925 онд Баянхошууны тэнхим нэртэй 2 багш, 25 сурагч, 2 гэртэй байгуулагдаж анхны захирал нь Жамбалчүлтэм байв.Анхны сургуулийн багшаар нь Сияанямбуу ( Бандихай) гэж хүн байсан бөгөөд Эрдэм номын мөр хөөсөн сүүлд Гандан тэгчилэн хийдээс Гавж цолыг нь өгсөн ба 1990 он гарч ардчилал гархад өв соёлын үнэт хосгүй зүйлсийг " бурхан ном судар" Хотонт сумын хийдэд хүлээлгэн өгсөн байдаг ба түүн дотор нь түүхийн хосгүй бүтээлүүд ч ордог байна. Хотонт сумын төвийн сургууль 1952 онд 8 жилийн, 1980 онд 10 жилийн сургууль болон өргөжив. Тэр жилүүдэд сургуулийн захирлаар Д.Цэдэнсодном, О.Дагвадорж, Ч.Доржбямба, Б.Дамдинбазар нар ажиллаж байжээ. Өдгөө тус сургууль 22 анги, 700 гаруй сурагчидтай, 35 багштай, захирлаар нь Б.Даариймаа ажиллаж байна. Харин Өндөр Сант баг нь өдгөө 8 жилийн дунд сургуультай, захиралаар нь Г.Пагмаханд ажилладаг. Одоогийн сумын төв, Их булагийн аманд 1936 онд Д.Тогооч хэмээх сувилагчтай нэг гэртэйгээр орчин үеийн хүн эмнэлгийн үүсэл тавигджээ. 1941-1961 оны хооронд нутгийн уугуул бага эмч Ө.Мядаг эрхлэн 20 гаруй жил ажиллажээ. 1962 онд их эмчийн салбар нээгдэж анхны их эмчээр Шарав ажилласан бөгөөд 1985 он хүртэл эмчилгээ боловсронгуй болж 15 ортой эмнэлэг болжээ. 1986 онд их эмч 3, лабратори 1, баг бүрт бага эмчийн салбар ажиллах болов. Өнөөдөр сумын хүн эмнэлгийн салбар 4, их эмчтэй төрөлжсөн нарийн мэргэжлийн төв болон өргөжсөн бөгөөд 6 баг бүрт бага эмчтэй, нийт 25 хүний орон тоотой ажиллаж 5000 гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ нутгаас мэс заслын алдарт 1, гавьяат эмч Л.Жамбалжав, хүн эмнэлгийн тэргүүний ажилтан эмч С. Дашжамц нарын нэрт хүмүүс гарчээ.