Хангай сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сум байгуулагдсан түүх

1921 оноос өмнө эдүгээгийн Хангай сумын оршиж буй дэвсгэр нутгийг Халхын Сайн Ноён Хан аймаг Далай Чойнхор вангийн хошууны өвөр гол хамжлагын баруун сум хэмээн нэрийдэж байжээ. Гол хамжлагын баруун сум нь 11 багаар бүрдэж түүний 7 нь тайж нарын баг, 2 нь саарал адуу, бор адууны баг гэж аж ахуйн нэрээр, 2 нь хатгин, боржигон гэсэн овгийн нэрээр хаяглаж байв. Гол хамжлагын баруун сум нь умар дорно зүг өөрийн хошууны гол хамжлага Зүүн сумтай, өрнө зүг Эрдэнэ ван жонон бэйсийн хошуу, өмнө зүг Сэцэн чин вангийн хошуу, Шива ширээт гэгээний шавьтай зах залгаж оршиж байв.

Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн юм.

Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэгтэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум умраас өмнө зүг 45 км, өрнөөс дорно зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөт талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, заг, Гурван булаг, Баруун хойт талаараа Цахир, хойт талаараа Тариат, зүүн хойт,зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумтай зах залгаа оршиж байв.

Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46,8% эмэгтэйчүүд 53,2%, ард 96,3%, тайж 3,7 %, бүх эрэгтэйчүүдийн 9,2% нь лам нар байжээ. 1934 оны хавар явагдсан тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байлаа. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харъяаллаар хийхэд өрхийн тэргүүлэгчдийн 43-68 хувь нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж улс ороныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцжээ.



Хүн ам, малын тоог сонирхуулбал:

Он Баг Өрх Хүн ам Малын тоо Үүнээс үхэр 1926 6 158 675 12300 - 1933 8 709 2600 43500 - 1992 8 110 4499 78222 29538 1993 6 785 3494 47546 19558 2001 6 978 3501 46585 19499 2002 6 922 3477 42763 17609


Харин 2008 оны эцэст хүн амын тооллогоор 2805 хүн амтай, өрхийн тоо 890, нийт мал 77224 толгой малтай ба үүнээс 5014 адуу, 23517 үхэр, 25289 хонь, 23414 ямаатай болсон байна.

Газар зүй, байгалийн дурсгалт газар

Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн алаг царам уулс, ойт хээрийн бүсэд багтана. Нутгийн онцлог нь унаган төрхөөрөө байгаа уулсын хяр, олон сая жилийн өмнө унтарсан галт уулын үлдэгдэл, мөлгөр оройн нуранга асга нь зэрлэг янгир ямаа, аргаль угалзын хөл алдвал гулсан ойчих нарийн жим (тоом)-той нуранга асганы доод ирмэгээс үргэлжлүүлсэн хад асга байц цохио бүхий ойн өргөн зурвас, уулын бэл, хормойгоос эхлэн тарвага, зурам бужигнасан тал хээрийн дов толгод, уудам хөндийн гол горхи, нуур цөөрөмтэй байгалын хэд хэдэн бүсээс бүрдсэн сонин тогтолцоотой нутаг юм. Олон тооны гол, горхи, бас хэдэн арван булаг шандыг ай савандаа багтаасан. Тэрх, Гичгэнэ гол Хангай, Цахир, Тариат сумын нутгаар урсахдаа 609.800 га бэлчээр, хадлангийн талбайг усаар хангадаг юм.

Цасан малгайтай Дашдаваг, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат, Өндөр модот, Тахилгат хайрхан, Ноён хангай, Хатун хангай, Овоон энгэр, Шар магнай, Баясгалан, Тэмээн сүүл, Дээд, Доод Төмөрт, Тайхарын нуруу, Хушт, Өндөр Дэлгэрэнгүй, Өлзийт зэрэг уулсууд, Тэрх хоёр Гичгэнэ, Унтаа ямаат, Хөх даваа, Ноён хангай, Жаргалант, Хантрагат, Бүлээн, Мөрөн, Хөлөрт, Хужирт, Буйруутын голууд, Цэцэгт, Зоо хунт, Овоот, замаг зуусан чулуутай Бөөрийн зэрэг 30 гаруй нуур тойром, хол ойрдоо алдартай Ноён Хангай, Ёл Ангархайн, халуун, хүйтэн рашаан, Цагаан чулуут, Шариач, Хэсэг модны булаг, Гишингийн харз уснуудтай. Аль ч талаасаа харсан үелүүлэн босгосон гэмээр чулуун хана, хэрэм суврагууд гэмээр элдэв дүрсийн байц ханан хад, цохио бүхий Цурхат, Туулайн (хойт) үргэлжилсэн хяр, Ноён Хатун хангай, Цэцэгт нуур, Ангархай Ёл, Шунагар зэрэг олонд алдартай үзэсгэлэнт нутагтай. Эзэн байгалиас заяасан алт, уран, цагаан тугалга, төмрийн хүдэр, үнэт чулуу, барилгын түүхий эдийн баялагтай. Өндөр уулын ой, хуш, гацуур, торлог, далан хайлаас, тоорой, бургас, тэмээн сүүл зэрэг 30 гаруй модлог ургамалтай. Вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, алтангагнуур, цээнэ, барагшун, жамъянмядаг, таван салаа, бамбайн үндэс, гоньд, арц, даль, хөх шар дэгд, сөд зэрэг эмийн, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, нохойн хошуу, улаалзгана, чонын элэг зэрэг жимсний, зэрлэг сонгино, мэхээр, мангир, хүнхээл болон төрөл бүрийн мөөг,самар зэрэг хүнс тэжээлийн ургамал, олон зүйлийн өвс ногоо өнгө хослуулан ургана.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, согоо, бор гөрөөс зэрлэг гахай, цоохор ирвэс, шилүүс, мий, дорго, бор гөрөөс, мануул, бадангаа хүдэр, чоно, үнэг, хярс, өмхий үен, хэрэм, туулай, чандгана, тарвага, зурам, алагдаахай, сохдоо зэрэг 50 шахам хөхтөн амьтад бий. Тас хойлог, харцага, шонхор, шаазгай, шатар шаазгай, тоншуул, болжмор, алаг ятуу, цохируул, элээ, хэрээ, хон хэрээ, ахуунь, хун, галуу, өрөвтас, ангир, хавтгалжин, зуун хурга тэргүүтэй байнгын болон нүүдлийн шувуудын өлгий нутаг. Хайрс, алгана, могой загас, гутаар, зэвэг, цурхай зэрэг олон янзын загас жараахай элбэгтэй. Согоо гулсам Дашдагва, Ноён Хатун хангай, тахилгат Түмэнсант, уулсын хооронд Ноён хангайн халуун рашаан нь газрын гүний хагарал дагасан чулуурхаг хэсгээс оргилон гардаг азот, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч (бага) бүхий цацраг идэвхтэй, хүний биеийн ойролцоо халуунтай рашааны ундрагууд юм. Ойр орчны аймаг сумдын иргэд эрт дээр үеэс эхлэн энэ нутагт ирж, сэрүүн сайхан агаарт нь ядаргаагаа тайлж самар жимс, эмийн ургамал түүж дотрын элдэв өвчин сав суулгаас эхлээд үе мөч, нүд, хамар хоолойгоо эндхийн рашаанаар эмчлүүлдэг уламжлалтай. Дээхнээ эзэд, ноёд хатагтай, аги, гүнж, орчин үед төр засгийн сайд, дарга нар өргөө цагаан гэр, бариулж тухлан өвчин эмгэгээ эдгээн илааршдаг.

Социализмын үеийн хэт хувьсгалчид олон жилээр ажиглаж бүтээсэн эрдэмтэй маарамбуудын тайлбар бичиг (пайз)-үүдийг хураан авч шатаан устгаснаар ямар рашаан юунд ашигтайг мэдэхэд хүндрэл учруулж рашаан усны тогтолцоог мэдэх олны нүдийг сохолсон үнэн баримттай. Гэвч нилээдгүй хөөцөлдсөний дүнд мэргэжлийн ажилтан, эмч, нутгийн олны чармайлтаар сувилгаа эмчилгээний зориулалт тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангай уул Цэцэг нуурын сав” газрыг Улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн Үндэсний цогцолбор газар болгосон нь нутгын зон олны сэтгэлд нийцсэн билээ.

Хөшөө дурсгал

Хангай сумын нутагт олон мянган жилийн эртний хүмүүсийн суурьшин амьдрах хэв ёс орогнож байсан Хэцийн дархан овоохой, Бэлчирийн өндөр овоохой, Хүүшийн агуйг 1956-1958 оны үед ШУА-ын архелогчид олж тогтоожээ. Бүдүүн Гичгэний эхний хүн чулуун хөшөө:Өндөр уулсын хөндийд тэгш дэвсэг газар ялимгүй баруун тийш хазайсан нэгэн чулуун хөшөө бий. Энэхүү чулуун хөшөө нь баруун гараа нугалан энгэртээ хундага барьсан бөгөөд задгай энгэртэй дээлтэй, нарийн бүсэлжээ.Энэ хүн чулуу он цагын хувьд 6-8-р зууны үеийн Түрэгийн үед холбогдоно.



Хөшөө дурсгалын байрлал

Бүлээний хүн чулуу: Тэрх багын төвийн бүрээний аманд Унтаа ямаантын авдрант хөшөө: Тэрх багын Хэжлүүрийн талд Хөлөртийн амны улаан хэрэгсүүр: Тэрх багын Хөлөртийн аманд Хөшөө чулуу: Хужиртын баруун эхийн ам Чандмань толгойн хэрэгсүүр: Чандмань толгой Зоогийн хүрээний балгас: Ар Баясгалан баг Өлийн амны хиригсүүр: Ар Баясгалан багын Өлийн аманд Ихрийн хөшөө чулуу: Ноён хангай багын ихрийн аманд Хөшөө чулуу: Ноён хангайн аманд Хөшөө чулуу: Ноён хангай багын Шариачын аманд Ноёнхангайн рашаан: Ноён хангай уулын хормойд Гүнгийн мухарын хиргисүүр: Ноёнхангай багын сумын төв Тэрхийн голын хойно Хавчигийн амны зэс өнгөт хүн чулууны хөшөө: Баян-улаан багын Хавчигийн аманд Цэцэгт нуур: Баян-улаан багын Хавчигт Хүн чулуу: Бүдүүн Гичгэний аманд Цуурай: Цуурайн ам Хэцийн дархан овоохой: Хэцийн эхэнд Бэлчирийн өндөр овоохой: Бэлчирийн эхэнд Хүүшийн агуй: Хүүш жалгат Саальчин хөшөө: Сумын төвд (Улаанбаатарчуудын 1989 онд барисан бэлэг) Бага тайхир чулуу: Асгат нарийний эхний нуруунд Овоот нуур: Нарийн гичгэнд


Боловсрол, соёл урлаг

1930-1931 онд Хангай суманд зуны түр бага сургууль 90 сурагч, 2 багштай хичээллэж байсан бөгөөд тус сургуулийг санхүүжүүлэхэд улсаас 21000 төгрөг зарцуулж үүний дүнд 1931-1937 онд 317 хүн шинээр бичигтэн болов. Эдний 15 нь эмэгтэйчүүд, 21 нь ядуу лам нар, 48 нь жижиг гар урчууд байснаараа онцлог юм. Ингэснээр Хангай сумын насанд хүрсэн бүх хүний 11 хувь нь уншиж бичиж чаддаг болов. 1937-1939 онд “Ардын бичиг үсэг” нэртэй бага сургууль болгон захирлаар нь Ц.Сандагдорж, багш Дэлгэрдалай нар ажиллаж байв. Төр засгаас 1934-1937 онд Тариат чиглэлийн бага сумдын бага сургуулиудийн сурагчдын тоог нэмэгдүүлж, Хангай сумын бага сургуулийн эхийг 1936 оны намар 20 сурагч, 2 гэртэйгээр Зоо хэмээх газар нээж 1938 онд Зоогоос Сүүл толгойд нүүлгэн суурьшуулав. Хөдөлмөрчдийг үндэсний бичиг үсэгт сургах талаар засгаас авч явуулсан эрэмбэ дараатай арга хэмжээ орон нутагт хэрэгжин биелснээр 1939 онд Хангай сумын насанд хүрэгчдийн 60 хувь нь бичиг үсэгт тайлагдав.

1965 онд 7 жилийн дунд сургууль болоход 300 гаруй сурагч, 15 багштай болсон байв. 1967 оноос 8 жилийн сургууль болж 2003 онд 530 сурагч, 30 шахам багш, 20 ажилчинтай, хөдөлмөр-политехникийн сургалттай хичээллэж байна. Сургууль нь 480 суудал бүхий хичээлийн байр, 130 ортой дотуур байртай, иж бүрэн үзүүлэн таниулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, аймагтаа томд орох биеийн тамирын заалтай болжээ. Сумын төвөөс алслагдсан Тэрх багт салбар бага сургууль нээж 3 бүлэгт 60-аад сурагч, 3 багштай хичээллүүлж байна.

Хангай сум Сумын төв нь Хунт, аймгийн төвөөс 230 км зайтай оршдог. 942 өрх, 3167 хүн амтай, 80871 толгой малтай /2011 оны байдлаар/, Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх 6 багтай, 3330 км2 нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, хойд, урд Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөдийнүүд, Ноён Хангай хэмээх рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газар, мөн Хатан Хангай уул, Ноёны суудал хэмээх газар бий.