Jump to content

Шавкат Мирзиёев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шавкат Мирзиёев

Шавкат Миромонович Мирзиёев (узбек. Shavkat Miromonovich Mirziyoyev; 1957 оны 7-р сарын 24-нд ЗХУ-ын Бүгд найрамдах Зөвлөлт Узбек Улсын Жизак мужийн Заамин тосгонд төрсөн) — Узбекистаны төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2016 оны 12-р сарын 14-нөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Узбекистаны Зэвсэгт хүчний Дээд Ерөнхий Командлагч.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд (2003 оны 12-р сарын 12-ноос 2016 оны 12-р сарын 14-нд). Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч (2016 оны 9-р сарын 8-наас -12-р сарын 14 хүртэл) байсан.

Мирзиёевийн ерөнхийлөгчийн албан тушаал очоод Узбекистаны улс төр, эдийн засгийн тогтолцоонд олон либерал шинэчлэл хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хөрш Төв Азийн орнуудтай харилцаагаа сайжруулж, улс төрийн хоригдлуудыг сулласан байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Заамин суурингийн орос хэлээр сургадаг 60 дугаар дунд сургуульд сурч төгсөөд Ташкент руу явж, Ташкентын Усжуулалт, нөхөн сэргээлтийн дээд сургуульд элсэн орж, 1981 онд механик инженер мэргэжлээр төгссөн байна. Дээд сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа үлдэж, 1981-1992 онд эхлээд бага эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, дараа нь техникийн шинжлэх ухааны нэр дэвшигчийн зэрэг хамгаалж, сургуулийнхаа тэргүүн проректороор ажиллаж байсан.

1980-аад оны сүүлээр ЗХУ-ын Коммунист намд элссэн.

Тэрээр 2003 оны 12-р сарын 12-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ албан тушаалыг 2016 он хүртэл хашиж байхдаа Мирзиёев Бүгд найрамдах улсын улс төрийн хүнд жингийн тоглогч болж чаджээ.

2016 оны 12-р сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Шавкат Мирзиеев 88,61 % санал авч, 87,89 % ирцтэйгээр ялалт байгуулсан. 12-р сарын 13-нд Сенатын тогтоолоор түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөөд 12-р сарын 14-нд тэрээр тангараг өргөж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан байна. Тэрээр 2021 оны 10-р сард Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод байна.