Jump to content

Шүхэр дайчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шүхэр дайчин (1672 онд нас барсан) бол Халимагийн хоёр дахь тэргүүлэгч тайш (1644-1661), Хо өрлөгийн ууган хүү бөгөөд залгамжлагч юм. Торгуудын Хэрэйд овгийн хүн. Тэрээр Оросын хааны протекторат (Өөрөөр хэлбэл автономит, вассал) болохыг хүлээн зөвшөөрсөн Халимагийн анхны удирдагч болно. Шүхэр дайчингийн үед халимагуудыг Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оруулж хууль ёсны дагуу гэрээ байгуулж баталгаажуулжээ.

1633 онд Шүхэр дайчин Ногайн ордыг бут цохисон эцгийнхээ аян дайнд оролцсон. 1644 онд Хо өрлөг үхсэний дараа Шүхэр дайчин Халимагийн ордын тэргүүн тайш болжээ. Тэрээр ногайн татарууд болон өөрийн дүү Луузан (Лувсан), Илдэн нарын улсуудыг захиргаандаа оруулав. 1646-1655 оны хооронд Шүхэр дайчин Далай ламд бараалхахаар Төвдөд хоёр удаа мөргөл үйлдсэн бөгөөд Далай лам 1655 онд түүнд хан цол хүртээх гэсэн ч тэрээр татгалзжээ.[1]

Тэрээр хаанчлалынхаа эхний арван жилд оросын хаантай байгуулсан гэрээгээ зөрчсөн. 1645-1647 онд халимагууд Кумыкийн захирагч Казаналп ба Бага Кабардын ноёдтой хамтран Кабарда руу довтлов. Эдгээр дайралтуудын нэгт нь халимагууд Шагин мурзагийн эхнэр хүүхдүүдийг олзлон авчээ. 1630 оноос 1771 он хүртэл халимагууд Оросын нутаг дэвсгэр рүү байнгын дайралт хийж байв.[2]

1649 онд Шүхэр дайчины элч нар Астраханы захирагчдаар дамжуулан Оросын хаант улстай гэрээ байгуулжээ. 1650-иад онд Орост нэгдэхийг эсэргүүцсэн өөрийн ах дүү Илдэн, Луузан нарыг ялсныхаа дараа Шүхэр дайчин Халимагийн бүх ард түмний удирдагч болсон байна.

1654 онд Шүхэр дайчин Төвдөд очиж мөргөл үйлдээд буцах замдаа Зүүнгараар дайрч, тэнд байсан өөрийн ач хүү Аюукийг Ижил мөрний нутагт авчрав.

Шүхэр дайчин шинээр авчирсан ач хүүгээ өөрийн биеэр сурган хүмүүжүүлжээ. XVIII зууны үеийн халимагийн түүхэн бичиг болох «Дөрвөн Ойрадын түүх оршвой» хэмээх сурвалжийн зохиогч Шүхэр дайчины ирээдүйн ханд хэлсэн сургааль үгсийг тэмдэглэжээ:

«Чи ноён болно гэж хэлж байна. Хэрэв чи ноён болохыг хүсэж байвал эх хүн хүүхэддээ ханддагийн адил харьяат албатуудтайгаа хэзээ энгийн харилцах, хэзээ тушаах, хэзээ халамжлахаа мэддэг байх ёстой. Хэрэв чи ноён хүний ​​эдгээр гурван дүрмийг үргэлж дагаж мөрдвөл мэргэн ухаанаар дүүрч, ноён болно».

1655 онд Шүхэр дайчин оросын хаанд үнэнч байх тангараг өргөж, Оросын өмнөд хилийг хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд хариуд нь Ижил мөрний баруун («крымийн») эрэг дагуу нүүдэллэх эрхтэй болов. 1655 оны 2-р сарын 4, 1657 оны 3-р сарын 30-ны гэрээний дагуу Шүхэр дайчин Оросын хүсэлтээр халимаг цэргүүдийг илгээж байх үүрэгтэй болжээ. Энэ үеэс эхлэн Халимагийн хант улс албан ёсоор Оросын хараат болсон байна. Орос-Польшийн дайны үеэр (1654-1667) оросын засгийн газрын хүсэлтээр Шүхэр дайчин Азов руу 10,000 цэрэг илгээсэн агаад энэ хүч татар-туркийн цэргийг ялж, тэднийг Украинаас ухран гарахад хүргэжээ.

1661 онд Шүхэр дайчин хүү Пунцагийн (Мончак) хамт крымийн татаруудын эсрэг амжилттай дайтав. Мөн онд тэрээр өндөр настай болсон тул өөрийн ахмад хүү Пунцагт дээд эрх мэдлээ шилжүүлжээ.

1663 онд Каспи хавийн зүүн хойд хэсгийн тал нутагт Хөндлөн увш (3,000 өрх), Даян-Омбо (1,000 өрх) хэмээх тайш нар ирэв. Хөндлөн увш, Даян-Омбо нар халимагийн тайш Пунцаг болон оросын засгийн газрын дээд эрх мэдлийг нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрч, Дон, Ижил, Яик (Урал) голын дагуух нүүдэлчдийг захирах эрхийг нь хүндэтгэн дагахаа илэрхийлсэн.

1660-аад оны сүүлээр хошуудын тайш Аблай өөрийн улсын хамт Зүүнгараас Уралын бүс нутагт иржээ. 1669 оны орчим тэрээр өөрийн авга ах Хөндлөн увштай Ижил хавийн халимагуудын (торгуудууд ба дөрвөдүүд) эсрэг эвсэл байгуулав. Тэд эхлээд дөрвөдийн тайш Даян-Омботой дайтсан ч удалгүй түүнтэй эвсэж холбоо байгуулжээ. Дараа нь Аблай, Хөндлөн увш нар Яик гол дээр нутаглаж байсан торгуудын улсууд руу довтолж эзлэн авав. Өндөр настай Шүхэр дайчин хошуудуудад олзлогджээ. Удалгүй Хөндлөн увш ба дөрвөдийн тайш нар эзлэгдсэн торгууд улсуудыг хэрхэх асуудлаар Аблайтай маргалдсан бөгөөд торгууд улсуудын нэг хэсгийн хамт зүүн зүгт орших алслагдсан нүүдэлчдийн нутаг руу нүүв.

1671 онд Хөндлөн увш хошуудын Очирт цэцэн ханд ялагдсан. Очирт цэцэн хан түүний улсууд болон дөрвөд, торгууд тайш нарын улсуудыг өөрийн мэдэлд оруулжээ. Олзлогдсон хүмүүсийн дунд Хөндлөн увш, бас торгуудын Шүхэр дайчин нар байв.

Тэр ондоо Очирт цэцэн хан өндөр настай Шүхэр дайчин, Хөндлөн увш нарыг Төвд рүү «хүндэт цөллөг»-т илгээж, тэд тэнд нас баржээ.

Өмнөх
Хо өрлөг
Торгуудын тайш
1644-1661
Дараах
Пунцаг хан
  1. "ДОКУМЕНТЫ->МОНГОЛИЯ->ЛУННЫЙ СВЕТ->СОЧИНЕНИЕ ГАБАН ШАРАБА->ТЕКСТ". www.vostlit.info. Татаж авсан: 2026-02-06.
  2. "Сырнев И. | Калмыки век назад | Журнал «География» № 12/2002". geo.1sept.ru. Татаж авсан: 2026-02-06.