Jump to content

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн байгуулагдсан 1961 оны анхны хурал. Белград хот.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (англи. Non-Aligned Movement) —Цэрэг, улс төрийн аль нэг эвсэлд нэгдэхгүй байх зарчим дээр тулгуурлаж дэлхийн 120 орныг нэгтгэсэн олон улсын байгууллага.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг 1961 оны 9-р сард Белградын бага хурлаар 25 орны санаачилгаар албан ёсоор байгуулжээ. Хөдөлгөөнийг байгуулахын өмнө 1955 онд болсон Бандунгийн бага хурал, 1956 онд Югославын Иосип Броз Тито, Египтын Гамаль Абдель Нассер, Энэтхэгийн Жавахарлал Неру нарын гурван удирдагч нар зөвлөлдөх уулзалт хийж уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах тухай ярилцсан байна.

2011 оны 5-р сарын байдлаар дэлхийн 120 улс, түүний дотор Европын 1 - Беларусь (гэхдээ ХАБГБ-ын цэргийн байгууллагын гишүүн), Ази 37, Африк 53, Америк 26, далайн 3 улс тус хөдөлгөөний гишүүн юм.

Аргентин, Армен, Босни ба Херцеговин, Бразил, Казахстан, Киргиз, Хятад, Коста Рика, Мексик, Парагвай, Орос, Сальвадор, Серби, Тажикистан, Украин, Уругвай, Хорват, Монтенегро, Өмнөд Судан зэрэг 19 улс ажиглагчийн статустай.

НҮБ, АСЕАН, Африкийн холбоо, Дэлхийн энх тайвны зөвлөл, Арабын улсуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын 9, үндэсний эрх чөлөөний 2 байгууллага мөн ажиглагч статустай ажээ.

2019 оны 10-р сард Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 18 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалт Азербайжаны нийслэл Баку хотноо болсон.