Эв нэгдлийн талбай (Парис)

Эв нэгдлийн талбай буюу Конкордын талбай (франц. Place de la Concorde) — Францын нийслэл Парис хотын түүхэн дурсгал болсон төв талбай.
Уг алдарт талбай Парис хотын VIII дүүрэгт, Сена мөрний баруун эрэгт, хотын төвд Елисейн өргөн чөлөө болон Тюйлри цэцэрлэгт хүрээлэнгийн хооронд байрладаг. 1743 онд хааны эзэмшилд байсан газар нутгийг XV Луи хаан 1743 онд Парис хотод шилжүүлэн өгсөн тул энэ талбайг XV Луин нэрээр нэрлэдэг байжээ. Хаант засаглалыг түлхэн унагасны дараа үүнийг "Хувьсгалын талбай" гэж нэрлэдэг байгаад 1795 оны 10-р сарын 25-ны өдрийн шийдвэрээр Францын хувьсгалын төгсгөлд нийгмийн олон анги давхаргуудын эвлэрлийг бэлэгдэл болгон орчин үед "Эв нэгдлийн талбай" нэртэй болсон байна. 1937 онд уг талбайн цогцолборыг Францын түүхэн дурсгалт газруудын жагсаалтад бүртгэн авчээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]XV Луи хааны талбайг хаан өөрөө захиалж анх боссон байна. 1748 онд хотын удирдлага XV Луи хааны морьтой хөшөө босгохоор шийдвэрлэж 1753 онд төслийн уралдаан зарлахад Жак-Анж Габриэль, Габриэль Жермэн Бофран, Жан-Батист Валлен-Деламот, Жак-Жермэн Суффло болон итали Жованни Николло Сервандони нарын 12 уран барималчид оролцсон байна.

Талбайн барилгын ажил 1757-1779 оны хооронд хийсэн байна. Энэхүү "Плас дө ла Конкорд"-ын гол онцлог нь баруун талдаа Елисейн өргөн чөлөө, зүүн талаараа Тюилерийн цэцэрлэгт хүрээлэн, хойд талаараа барилгуудын тэгш хэмтэй хоёр хэсэгтэй бөгөөд гурван талаараа хязгаарлагдмал байдаг. Энэ талбай нь урд хэсэг Сена мөрний эрэг рүү харсан байдаг юм.
1792 оны 8-р сарын 11-нд буюу Үндэсний Конвенц хаант засаглалыг халсан тогтоол гаргасны дараах өдөр XV Луи хааны морьт хөшөөг суурин дээрээс нь буулгаж, хайлуулсан ажээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан "цуст талбай"-г "Хувьсгалын талбай" гэж нэрлэх болжээ. 1793 оны 8-р сарын 10-нд уран барималч Ф.-Ф. Лемотын гипсэн Эрх чөлөөний хөшөөг XV Луи хааны хуучин хөшөөний суурин дээр суурилуулсан бөгөөд энэ хөшөө нь 1800 он хүртэл энд байрлаж байжээ.
1827 онд X Шарль хааны зарлигаар талбайг XVI Луигийн талбай гэж нэрлэсэн боловч 3 жилийн дараа Бурбон угсааныхан нуран унасны дараа энэ шийдвэрийг цуцалж, 7-р сарын хаант засаг Конкордын бюу Эв нэгдлийн талбай гэсэн нэрийг сэргээсэн нь өнөөг хүрээд байна.
1831 онд Египетийн захирагч Мехмет Али египтийн Луксор хот дахь Фараон II Рамесесын сүмээс Францад 3 мянган настай хоёр 22.83 метр өндөр хоёр багана өгсөнийг 1833 оны 12-р сарын 21-нд Парист хүргэж өгсөн бөгөөд I Луи-Филипп хааны зарлигаар 1836 оны 10-р сарын 25-нд Конкордын талбайн төвд суурилуулсан (хоёр дахь багана нь Луксорт үлдсэн). Хөшөөний суурин дээр баганыг Египетээс Франц руу хэрхэн тээвэрлэхийг харуулсан диаграммууд бий. Баганы оройг 1998 онд нэмж алтадсан байна.