Jump to content

Фридрих Энгельс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Энгельс-с чиглүүлэгдэв)
Фридрих Энгельс 1840-оод он

Фри́дрих Э́нгельс (Герман: Friedrich Engels; 1820 оны 11 дүгээр сарын 28-нд Пруссын Барменд төрсөн -1895 оны 8 дугар сарын 5-нд Британий Эзэнт гүрний Лондон хотод нас барсан) германы улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, түүхч болон ажил хэрэгч хүн байсан. Марксизмыг үндэслэгчдийн нэг бөгөөд Карл Марксын бүтээлийн хамтрагч, нэгэн үзэл санаатан, дотны нөхөр нь байсан.

1848 онд тэрээр Карл Маркстай хамт Коммунист тунхаглалыг бичсэн. Үүний зэрэгцээ тэрээр өөрөө болон (голчлон Маркстай) хамтран хэд хэдэн бүтээл туурвиж, улмаар Марксыг судалгаа хийж, "Капитал"-ыг бичих явцад санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Марксыг нас барсны дараа Энгельс хоёр, гуравдугаар ботийг хянан засварлаж хэвлүүлжээ.

Фридрих Энгельс вестфалийн Бармен хотод 1820 онд сүлжмэлийн үйлдвэрлэгч Фридрих Энгельс ахмад (1796—1860)-ын гэрт төрсөн. Эх нь Элизабет Франциска Мауриция Энгельс, төрсөн овог нь ван Хаар (1797—1873). Фридрих 8 эгч дүү нартай байсан.

1842 оны 11 дүгээр сард Энгельс Кёльн хотоор дамжин явахдаа анх Карл Маркстай «Райны сонин»-ны редакцид таарч танилцсан байна.

Энгельс бол Марксын нэгэн адил түүхийн материалист ойлголтыг үндэслэгчдийн нэг юм. Энгельс Маркстай хамт хөрөнгөтний улс төрийн эдийн засгийг диалектик-материалист дахин боловсруулах ажлыг хийсэн. Маркстай хамт диалектик материализм, түүхийн материалист ойлголт, шинжлэх ухааны коммунизмыг бий болгосны дараа Энгельс хэд хэдэн бүтээлдээ хатуу системчилсэн хэлбэрээр марксизмыг ертөнцийг үзэх үзлийн салшгүй хэсэг болгон тодорхойлж, түүний бүрэлдэхүүн хэсэг, онолын эх сурвалжийг харуулсан.

Маркс, Энгельс нар олон улсын ажилчны хөдөлгөөний хувьсгалын онол, практикийн нэгдмэл байдал чухал гэж үздэг байсан. Тэд пролетариатын хөтөлбөр, стратеги, тактикийг хамтран боловсруулж, хувьсгалт нам байгуулах, социалист хувьсгал хийж, пролетариатын дарангуйллыг тогтоох зайлшгүй шаардлагатайг үндэслэсэн. Маркс, Энгельс нар пролетарийн интернационализмыг сурталчлагч, ажилчин ангийн анхны олон улсын холбоо болох Коммунистуудын эвлэл, Нэгдүгээр Интернационалыг зохион байгуулагчид байжээ.