Эрдэнэбатын Балжинням

Эрдэнэбатын Балжинням (1968 оны 7-р сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн - 2021 оны 12-р сарын 16-нд нас барсан) - Монголын хөлбөмбөгийн алдартай тайлбарлагч юм.

2006 оны 6 сард болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ТВ9 телевизээр тайлбарлаж тайлбарлагчийнхаа замналыг анх эхэлсэн.

Файл:Э.Балжинням.jpg
Эрдэнэбатын Балжинням

Намтар[засварлах | кодоор засварлах]

1968 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд айлын ууган хүү болж төрсөн.

1976-1986 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын 10 жилийн дунд сургууль, 1986-1993 онд хуучнаар Гадаад хэлний дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр суралцаж төгссөн.

Тэрээр 1995-2007 оны хооронд Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд Орос хэлний багшаар ажиллаж байгаад 2006 оны хавар TV9 телевизэд орж хөлбөмбөгийн тайлбарлагчийн гараагаа эхлүүлж байжээ.

Э.Балжинням 2006-2010 оны хооронд TV9 телевиз, 2010-2013 оны хооронд C1 телевиз, 2013 оноос хойш SPS телевизэд хөтлөгч, тайлбарлагчаар ажиллаж байсан.

2006 оноос хойш тасралтгүй 16 жил ажиллахдаа дотоод гадаадын нийт 1000 гаруй тоглолтыг шууд тайлбарласнаас гадна 200 гаруй телевизийн баримтат болон намтарчилсан нэвтрүүлгийг үзэгчдэдээ бэлтгэн хүргэж монголын олон мянган залуусыг дуртай спорттой нь хамт байлгаж, олон мянган хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортын гайхамшгийг таниулж, мэдрүүлж, түүнд дурлуулсан гайхамшигтай өвөрмөц сөөнг хоолойтой, хөлбөмбөгийн спортыг сайн мэддэг, өвөрмөц үг хэлээр тайлбарладаг байжээ.

Тэрээр 2017 онд "Алтан гадас" одон, "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнуулжээ.

Нэвтрүүлгүүд:[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөгийн бестселлер +100 дугаар (SPS Телевиз).

Football Talk +200 дугаар (SPS Телевиз).

"Балжиннямтай өдөр" нэвтрүүлгийн +50 дугаар хөтөлсөн (Star TV).

Тайлбарласан хөлбөмбөгийн тэмцээнүүд:[засварлах | кодоор засварлах]

2006 оны Дэлхийн АШТ

2007 оноос 2021 он хүртэл Аваргуудын лиг

2008 оны Европын АШТ

2010 оны Дэлхийн АШТ

2012 оны Европын АШТ

2013 оноос 2021 он хүртэл Английн Премьер лиг

2014 оны Дэлхийн АШТ

2016 оны Европын АШТ

2018 оны Дэлхийн АШТ

2020 оны Европын АШТ

Бүтээл ном[засварлах | кодоор засварлах]

1. Миний л амьдрал (2022 он)

Дурсгал[засварлах | кодоор засварлах]

Э.Балжинням агсны хүүхдүүд “Эрдэнэбатын Балжинням сан” байгуулж “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” хэмээх шагналыг бий болгон Монгол Улсад хөлбөмбөгийн спортын хөгжлийн төлөө зүтгэж буй эрхмийг жил бүр шалгаруулахаар болсон байна.

2022 оны шагналыг “Стрэнжир Соккер Монголиа” компанийн ахлах дасгалжуулагч Нарантуяагийн Болор шалгарч цом, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулсан байна.

2023 оны шагналыг Сүхбаатар аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагч Цогбадрахын Өсөхбаяр Монгол улсдаа хөлбөмбөгийн спортын төлөө хийсэн ажил, хичээл зүтгэлээрээ шалгарч өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулжээ.