Эрдэнэс Тавантолгой ХК
Эрдэнэс Тавантолгой ХК | |
---|---|
![]() | |
Эрх зүйн хэлбэр | ХК |
Төв байр | Монгол Улс,Улаанбаатар |
Салбар | Ашигт малтмал |
Бүтээгдэхүүн | Нүүрс |
Цахим хуудас | https://ett.mn/mn |
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой нүүрсний ордод хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Монгол дахь хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани юм. Тус компани нь сайн чанарын нүүрсний Тавантолгой брэнд бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Цанхи, Ухаа худагийн талбайд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцогийн талбайд нарийвчилсан болон урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойн талбайд эрэл үнэлгээний ажил гүйцэтгээд байна. 2020 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 8 талбайд хамаарах нүүрсний нөөцийн хөндлөнгийн үнэлгээг АНУ-ын Стантек компани хийж ордын нүүрсний нийт нөөцийг 7.075 тэрбум тонн сайн чанарын коксжих болон эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Цанхийн уурхайгаас эрчим хүчний зориулалт бүхий 9.1 сая.тн, коксжих шинж чанартай 105 сая.тн, нийт 114 сая.тн нүүрс олборлоод байна. 2023 оны байдлаар Цанхи болон Бортээгийн уурхай нь жилийн нийт 30 сая.тн нүүрс олборлох хүчин чадалд хүрсэн бөгөөд 2027 онд төсөл бүрэн хүчин чадалдаа хүрч ил уурхайгаар жилд 50 сая.тн нүүрсийг олборлож эхлэх юм. Цаашид ордыг цогцоор хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх бодлогын хүрээнд судалгааны түвшин багатай бусад хэсгийн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэх замаар ил болон далд уурхай хосолсон байдлаар олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Бүтээгдэхүүний нөөц, өнгөрсөн онуудын олборлолт борлуулалтын тоон мэдээлэл
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 118 удаагийн биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр, БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаалав. Үүнээс 8.6 сая тонн хатуу коксжих нүүрс, 12.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 4.4 сая тонн нь эрчим хүчний нүүрс, 51.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлов. 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулж, экспортод гаргав.
2025 он гарснаас хойш өнөөгийн байдлаар 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, нийт 51.2 мянган тонн баяжуулсан нүүрс биржээр арилжаалаад байна. Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг ба Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.
Өнгөрсөнд болсон томоохон үйл явдлын тойм
2022 дугаар 10 сард онцгой дэглэм тогтов.
2023 онд хил нөхцөлөөр биржээр нүүрсийг арилжаалж эхлэв.
2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж байсан бол 2024 онд Улс, орон нутгийн төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, өмнөх оноос татварын хэмжээ 17.9 хувиар өсөв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлов.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Төсөл мэндэлсэн 2010 он хүртэлх түүх
[засварлах | кодоор засварлах]Тавантолгойн нүүрсийг авч ирэх даалгавартай манж элчийг түдгэлзүүлэх тухай захидлыг Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Г.Чагдаржав онд бичсэн байдаг. Энэ бол тус орд газрын тухай анхны бичмэл баримтуудын нэг юм. Гэвч төрийн мэдэлд сүүлд 1936 онд шилжжээ. Тэр үеэс хойш Зөвлөлтөөс Монгол руу геологийн томоохон судалгааны баг удаа дараа ирж Тавантолгойн ордыг судалж шинжилж байсан. Анхны судалгааны багийг К. Д. Помазков удирдаж монголын анхны геологич Ж.Дүгэрсүрэн[1] хамтарч “маш сайн чанарын коксжих нүүрс байх боломжтой” хэмээн дүгнэж байв. Зөвлөлтийнхний 1965 он хүртэл үргэлжилсэн 25 жилийн судалгааны тайланд Тавантолгойн нүүрсний тухай дэлгэрэнгүй баримт олон тусгасан байдаг.
Тавантолгойн ордын хайгуул, судалгааны ажил хэдий олон жил үргэлжилсэн ч дэлхийд санал болгож, хамтарч олборлоход шаардлага хангахгүй байсан. Тиймээс 1974-1975 онд Болгартай хамтарч илүү дэлгэрэнгүй хайгуул, шинжилгээний ажил зохион байгуулсны дүнд олон улсын тавцанд анх удаа танилцуулах боломж бүрджээ. Улмаар тухайн үеийн ЭЗХТЗ-д (Эдийн засгийн харилцан туслалцах хамтын зөвлөл) багтах долоон оронд санал тавьсан ч бүгд татгалзав. 1988 онд БНАСАУ-ийн тэргүүн Ким Ил Сон , 1990 онд Хятадын удирдагч Ли Пэн, 1993 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б. Н. Ельцин нарын айлчлалыг тохиолдуулж, мөн 1992 онд Энэтхэгт тус тус санал тавьсан ч амжилт олоогүй.
Тавантолгойн орд газарт Монголын Геологийн гуравдугаар анги хэмээн нэрийдэх болсон хайгуул судалгааны үндэсний баг 1978-1990 онуудад ажиллуулсан нь ордыг ашиглалтад бэлдсэн том амжилт болжээ. Улмаар Японтай хамтарч 1993-1995 онд Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж, олон улсын семинар зохион байгуулснаар Тавантолгойг дэлхийд сурталчилж эхэлсэн юм. Ийнхүү 1997 онд олон улсад тендер зарлахад Англи, Америк, Канад, Австралийн компаниуд санал ирүүлснээс Америк-Канадын Норвест компани шалгарч нарийвчилсан судалгаа хийв. Тус судалгааны дүнд Тавантолгойн орд газар ЖОРК стандартаар 7.4 тэрбум тонн геологийн нөөцтэй бөгөөд коксжих нүүрс нь олон улсын чанарын шаардлага хангана гэж баталсан ажээ. Гэвч олборлолт эхлүүлэхэд дэд бүтэц хангалтгүй бөгөөд шинээр байгуулахын тулд 1.5 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэж тооцов.
Үүний дараа 1998 онд анхны гадаад сонирхогч BHB Billiton компани Тавантолгойн лицензийг авч ажлаа эхлүүлсэн хэдий ч нэг жилийн дараа дэд бүтэц хөгжөөгүй, дэлхийд нүүрсний ханш унасан гэх шалтгаанаар лицензээ буцааж тушаагаад Монголыг орхиж одсон түүхтэй. Үүнийг эс тооцвол Тавантолгойн орд газрыг монголчууд өөрсдөө ашигласаар ирсэн.
Өмнө нь тус ордын нэг хэсгийг орон нутгийн “жижиг” Тавантолгой компани ашиглаж байсан. Олон улсын компаниуд нэгэнт хамтраагүй тул “жижиг” Тавантолгой компани үйл ажиллагаагаа өргөжүүлсээр 2004 онд анхны 256 тонн нүүрсээ Хятад руу экспортод гаргав. Энэ үед дэлхийд нүүрсний ханш эрс өсөж байсан тул бүгд Тавантолгойн орд руу анхаарлаа хандуулж эхэлжээ. Улмаар 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтоол гарч “Эрдэнэс МГЛ” ХК байгуулагдсан бөгөөд тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгойн ордын 49 хувиас Ухаахудагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан юм. Удалгүй олон улсад орд хамтран ашиглах тендер зарлахад найман орны 15 том компани санал ирүүлснээс эцсийн шатанд Хятад, ОХУ, Америкийн компаниуд шалгарсан. Гэвч энэ үед засаг солигдож тендерийн ажил сунжирсан бөгөөд эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй шалтгаанаар хамтын ажиллагаа эцэслэсэн юм.
Үүний дараа 2010 оны аравдугаар сарын 20 өдөр алдарт 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулжээ.
Ер нь үе үеийн Засгийн газар Тавантолгойн ордыг гадаад компаниудад эзэмшүүлэх ажил эхлүүлдэг боловч сонгууль тохиох тоолонд ажил зогсож улмаар бүтдэггүй байсан. Өнгөц харахад бүтэхгүй байгаа мэт боловч эцэстээ Монголчуудын эзэмшилд үлдсэн нь зөв замаа олсон гэлтэй.
Бартаат он жилүүд буюу 2011-2016 он
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрсөн өдөр 2010 оны аравдугаар сарын 28 өдөр тохиодог.
Гэвч энэ компанийн үйл ажиллагаанд улс төржилт хүчтэй нөлөөлсөөр ирсэн тул анхнаасаа цэвэр бизнес зарчмаар хөгжсөн гэж хэлэхэд бэрх. Үүний анхны жишээ бол “Чалко трейдинг Хонконг лимитэд” компанитай байгуулсан Хятад руу нүүрс нийлүүлэх гэрээ болно. Тус гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оны зун анхны экспортоо хийсэн байдаг. Харамсалтай нь, 2012 оны сонгуулийн өмнөх үе таарч улс төрчид иргэдэд бэлэн мөнгө тараах зорилгоор Чалкотой байгуулсан гэрээний урьдчилгаанд авсан 350 сая ам.долларыг нь “Эх орны хишиг” [2] нэрийн дор сонгогчдод тараагаад дуусгасан юм. “Чалкод төлөх өр” гэх хэллэг үүнээс эхлэлтэй.
Компанийн санхүү ийнхүү хүндэрснээс гадна дэлхийд нүүрсний ханш унаж Чалкотай байгуулсан хатуу гэрээний “чанар” танигдаж эхлэв. Тус гэрээнд тусгасны дагуу Хятадад нийлүүлэх нүүрсний үнийг Хятадын дотоод индексээр буюу үндсэндээ Чалкогийн хэлснээр тогтоож байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК алдагдалд оржээ. Нэг тонн нүүрс олборлох өртөг 58 ам.доллар байхад нүүрсээ тээвэрлэж аваачаад нийлүүлэх үнэ нь 53 орчим ам.доллар байв. Эцэст нь компани зөвхөн Чалкогийн өрийг барагдуулахын тулд ажиллах болов. Тэрчлэн 2011 онд “Макмахон Холдингс”-той байгуулсан гэрээ тэдэнд мөн адил дарамт болж байсан юм. Гадаад орчин туйлын таатай үед өөдрөгөөр харж байгуулсан эдгээр хатуу гэрээ нүүрсний ханш унах үед маш хүнд ачаа болж улмаар Зүүн Цанхийн уурхай хэд хэдэн удаа зогсохоос аргагүйд хүрч байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ үед зоригтой алхам хийсэн нь “Хөгжлийн банк”-аас 200 сая ам.доллар, бусад арилжааны банкуудаас 150 сая ам.долларын зээл авч Баруун Цанхийн уурхайг нээсэн явдал юм. Тухайн үед “Монгол уурхайчид” нэгдэл[3] харьцангуй хямд хөлсөөр олборлолт хийж өгөхөөр тохирсон нь томоохон дэмжлэг болж удалгүй Чалкогоос гадна 28 компанитай 10 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ шинээр байгуулж чаджээ. Товчхондоо Баруун Цанхийн уурхайгаар хямралыг гаталсан гэж хэлж болно. Тухайн үед улс төрчид Баруун Цанхийг нээх эсэх асуудалд тодорхой хариу шийдвэр өгөхгүй хойшлуулж, булзааруулж байсан тул удирдлагууд уурхайгаа чимээгүйхэн нээж ажлаа эхлүүлсэн тухай тэр үед гэрч болсон сэтгүүлчид өгүүлдэг. Баруун Цанхийн уурхайг 2012 оны аравдугаар сард нээсэн боловч албан баримтад 2013 онд нээлтээ хийсэн гэж тэмдэглэх болсон нь ийм учиртай гэдэг.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах тухай 2008 оноос яригдаж эхэлсэн[4]. Гэвч улс төрийн эргэж буцсан олон шийдвэр гарч, нийгэмд “нарийн, өргөн цариг” гэх маргаан дэгдэж, эцэст нь концессын гэрээ гурван ч удаа буцсан зэрэг асуудлаас болж тус төсөл 2020 он хүртэл царцсан юм.
Энэ үеийн онцлох үйл явдал бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг монгол улсын иргэн бүрт хувааж эзэмшүүлсэн ажил мөн. 2012 онд нийт 3 тэрбум хувьцааг иргэн бүрт хуваарилж тооцоход 1072 гэдэг тоо анх мэндэлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2014 онд БНСУ-ийн төрийн өмчит “КОГАЗ” компани, Монголын “Элгэн” компаниудтай хамтарч метан хий ашиглах төсөл эхлүүлсэн. Тус төслөө 2016 онд хамаарал бүхий компани “Эрдэнэс Метан”-д шилжүүлсэн бөгөөд өдгөө туршилтын үйлдвэрээ байгуулж амжилттай ажиллаж байна. Метан хийн нөөцийн хэмжээ одоогоор 40 сая тонн гэж тогтоогдоод байна.
Үсрэнгүй хөгжлийн жилүүд буюу 2017-2020 он
[засварлах | кодоор засварлах]2016-2017 оны үед БНХАУ-ын нүүрсний дотоод бодлого, олон улсын нүүрсний ханш зэрэг гадаад нөхцөл байдал Монголын талд ашигтайгаар эргэсэн. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” 2017 оны гуравдугаар сард Чалкогийн өрийг 100 хувь барагдуулж дуусгав[5]. Улмаар хатуу гэрээгээ “нүүр бардам” шинэчлэх боломж бүрджээ. Чалкогийн өрийг тэглэснээс хойш борлуулалт нэг жилийн дүнгээр 13 хувиар өсөж, орлого 2.5 дахин, улсад төлсөн татвар, хураамжийн дүн 3.4 дахин нэмэгдэв. Удалгүй Хөгжлийн банк болон бусад банкнаас авсан зээлийн өрөө хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан бөгөөд 2018 он дуусахад дотоод, гадаадын ямар ч өргүй компани болсон байлаа.
2012 онд иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны үр шим иргэдийн хэтэвчинд орох боломж одоо бүрджээ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ашгаас нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож 2020 онд нийт иргэдэд ноогдол ашиг[6] анх удаа тараав. Өмнө нь, голдуу сонгуультай холбоотойгоор төр иргэдийн хувьцааг худалдаж авах ажиллагаа хэд хэдэн удаа зохион байгуулж байсан тул анх иргэдэд эзэмшүүлсэн 20 хувь өдгөө 18 орчим хувь болж буурсан байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж 2018 онд байгуулсан “Тавантолгой түлш” ХХК нь утаагүй түлш буюу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж Улаанбаатар хотыг бүрэн хангасны дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж үздэг. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулж олон жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208 км төмөр замын ажлыг урагшлуулж өдгөө 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин 2020 онд байгуулагдсан "Зүүнбаян төмөр зам" ХК нь өдгөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг барьж буй. Дээрх хоёр төмөр замын төсөлд 7000 орчим хүн, 4000 орчим техник ажиллаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг 2.3 тэрбум ам.доллараар тэлэх тооцоо бий.
Компанийн удирдлагын талаарх товч мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Удирдлага Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Х.МӨНХЖАРГАЛ
Хяналтын менежер
Н.ПУНЦАГ
Бүтээмжийн менежер
Б.МӨНХБОЛД
Бизнес хөгжил хариуцсан менежер
С.БАЯРМӨНХ
Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал
Э.ТҮВШИНЖАРГАЛ
Ерөнхий нягтлан бодогч
Ш.ЦОГЗОЛМАА
Уул уурхай, технологийн газрын дарга
Ч.АЛТАНБАГАНА
Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга
О.ЦЭРЭНДОНДОГ
Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга
Ц.АНХ-ОД
Барилга, дэд бүтцийн газрын дарга
Б.БОЛД-ЭРДЭНЭ
Худалдан авах ажиллагааны газрын дарга
Н.ЦЭРЭНСАМБУУ
Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
Г.ГАНТУЛГА
Хууль, эрх зүйн газрын дарга
Э.УЯНГА
Захиргаа, удирдлагын газрын дарга
Н.АНУН
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь
Салбарын захирал
Л.ДОРЖСҮРЭН
Үйлдвэрлэл, техникийн газрын дарга
А.ДАВААХҮҮ
Тээвэр логистикийн газрын дарга
М.МЯНГАНЖАДАМБА
Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын дарга
Э.БЯМБАДОРЖ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга
Б.БАТСАЙХАН
Шуурхай удирдлага, мэдээллийн технологийн газрын дарга
Г.СЭРЖХОРОЛ
Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга
А.БААТАРХҮҮ
Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга
Ө.НЯМАА
Хариуцлагатай уул уурхай
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд “Чанарын баг” байгуулж олон улсын гурван стандарт хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд:
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дараах 2 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн:
- Нийцлийн менежментийн тогтолцоо ISO 37301:2021
- Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016
Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг Нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлж буй Монгол Улсын анхны компани болсон юм.
Түүнчлэн цаашид:
- Нийгмийн хариуцлагатай ISO 26000
- Мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэгч ISO 27001 стандартуудыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
ЭТТ ХК шилэн дансны хуулийн дагуу санхүүгийн бүх мэдээллээ ил тод тавьдаг. Тэрчлэн өөрсдийн санаачилгаар үйл ажиллагааны хүрээний бүх гэрээг вэбсайт дээрээ нээлттэй байршуулж эхэлжээ.
Нийгмийн суурь үйлчилгээ хүний эрх, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд
[засварлах | кодоор засварлах]ЭТТ ХК ажилтнуудынхаа цалинг үе шаттай нэмсээр одоо Монголын хамгийн өндөр цалинтай ажил олгогч болжээ. Тухайлбал, үйлчилгээний ажилтан гар дээрээ сард 1.6 сая төгрөг, инженерүүд 4-5 сая ба түүнээс дээш цалинтай ажиллаж байна. Түүнчлэн, жилийн урамшуулал тооцохоос гадна уурхай сул зогссон ч ажилтнуудаа сарын цалингийнх нь 70-90 хувиар тогтмол цалинжуулдаг аж. Мөн 2018 оны есдүгээр сараас эхэлж компанийнхаа 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 480 мянган төгрөгийн тэтгэмж олгох болсон бөгөөд ажилтнуудаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулдаг.
Боловсролын чиглэлээр олон төрлийн сургалт тогтмол зохион байгуулдаг. Одоогоор ажилтныхаа магистр, бакалаврын төлбөрт дэмжлэг үзүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 584 оюутанд [7] сургалтын тэтгэлэг олгоод буй. Мөн 200 гаруй ажилтнаа Сингапур, Малайз, ОХУ, Хятад, Солонгост сургалтад хамруулсан. Орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл бэлэглэдэг.
Эрүүл мэндийн чиглэлээр Цогтцэций сумын өрхийн эмнэлгийг тохижуулж тоног төхөөрөмж хандивлаж, нөлөөллийн бүсийн иргэдийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулсан. Түүнчлэн ковид цар тахалтай тэмцэх ажилд зориулж орон нутагт 52 сая төгрөг хандивлаад байна.
Орон нутгийн хөгжил, дэд бүтэц байгуулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд
[засварлах | кодоор засварлах]2018 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан” байгуулж 32 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Улмаар 170 гаруй сая төгрөгөөр “Шинэ Баянбүрд” хэмээх ногоон цогцолбор байгуулж, онцгой хүчний байгууллагуудад хүч сайтай автомашинууд хандивлаж, усан спортын барилгын ажилд 5 тэрбум төгрөг хандивласан мэдээлэл байна.
Гэвч онцлох бүтээн байгуулалт нь “Эрдэнэсийн хот” буюу сургууль, цэцэрлэг, дэд бүтэц бүрэн шийдсэн 51,000 хүн ам оршин суух хүчин чадалтай уурхайчдын хот байгуулах төсөл юм. Мөн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тусгасан авто зам, төмөр замын төслүүдийг дурдах нь зүйтэй.
ЭТТ хангамжаа аль болох дотоодын үйлдвэрлэгчдээс тэр дундаа орон нутгаас авахыг эрмэлздэг. Улмаар нутгийн иргэдээс бараа, үйлчилгээ авах арга хэмжээ зохион байгуулахад 112 орчим сая төгрөгийн худалдан авалт хийгджээ. ЭТТ компани улсын хэмжээнд 2019 онд 2 тэрбум төгрөг, 2020 онд цар тахалтай холбоотойгоор 1 тэрбум төгрөгөөр дотоодын бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан тооцоо бий. Тэрчлэн түүх, соёл, уламжлалт мал аж ахуй хамгаалах ажлын хүрээнд “Монгол баатарлаг туульс”[8] 10 боть ном хэвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлж байна.
Байгаль орчин
[засварлах | кодоор засварлах]Говь нутаг маш ширүүн уур амьсгалтай, өвөл зуны улиралд 40 хэмийн халуун, хүйтэн агаар ээлжлэн солигдож байдаг тул байгаль орчны нөхөн сэргээлт тэр дундаа усны асуудал хүнд байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК говийн хөрсөн доорх баялгийг авсныхаа дараа нөхөр сэргээлт хийхдээ одоогийн шаргал говийг ногооруулж, говийн бүсийн усны асуудлыг бүрмөсөн шийдэх том зорилт тавьжээ. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Амьтны судалгааг говийн 20 цэгт үргэлжлүүлэх явцдаа шаардлагатай тохиолдолд зэрлэг амьтдад мөс, өвс тэжээл тавьж өгөх, шувуудыг цахилгааны шонд өртөж эндэхээс сэргийлж үргээгч байрлуулах зэрэг ажил гүйцэтгэж буй.
- Ус хангамжийн судалгааны явцад гүний ус ашиглалтын шинэ эх үүсвэр нээсэн. Цаашид Орхон, Хэрлэн, Онги зэрэг голын урсцад өөрчлөлт оруулах замаар говь руу ус татах томоохон төсөл яригдаж байна. Тэгэхдээ дээрх голын экологид ердөө нэг хувийн нөлөө үзүүлэх хэмжээнд урсцыг өөрчлөх юм.
- Говьд ургуулах олон наст ургамал, модны судалгааны хүрээнд туршилтын талбай байгуулсан. Одоогоор бүх газрыг хамруулаад нийт 100 мянга орчим мод [9] шинээр тарьж ургуулсан байгаа. Цаашид энэ тоог нэмэхээр их хэмжээний үр нөөцөлжээ.
- Орон нутгийн “Өв соёл” сантай хамтарч түүхийн 14 дурсгалт газрыг хамгаалалтдаа авч арчилгааг хариуцаж байна.
- Тоосжилтыг бууруулах ажил өрнүүлсний дүнд 10-50 хувиар багасгаж чадсан бөгөөд цаашид илүү үр дүнд хүрэхээр төлөвлөжээ.
- Утаагүй түлшний үйлдвэрийг 90.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгуулсан. Үр дүнд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буураад буй. Цаашид багадаа 80 хувиар бууруулах зорилт тавьжээ.
- Эцсийн байдлаар нөхөн сэргээлт хийсэн талбай одоогоор гараагүй бөгөөд техникийн нөхөн сэргээлт эхэлсэн байна.
Хамаарал бүхий компаниуд
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 81 орчим хувийг түүний толгой компани болох “Эрдэнэс Монгол” ТӨХК, Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Харин 18 орчим хувийг монгол улсын иргэд хувааж эзэмшиж байна. Охин, хараат, санхүүжигч дөрвөн компани бий.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь эзэмшдэг ба хамаарал бүхий компаниуд
- Гашуунсухайт авто зам
- Тавантолгой Төмөр зам
- Тавантолгой дулааны цахилгаан станц
2010 оны УИХ-ын 39 дугаар тогтоол, Засгийн газрын 272 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг байгуулав. Тус компани нь сайн чанарын нүүрсний Тавантолгой брэнд бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Цаг тоолол
[засварлах | кодоор засварлах]- 2010 он
Монгол Улсын Их Хурал (УИХ)-аас 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн ордыг ашиглах зарчмуудыг тусгасан тогтоолыг баталж, Цанхийн зүүн талбайд нээсэн Тавантолгойн чулуун нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах буюу нүүрс олборлох, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, нэмэлт хайгуул хийх, олон улсын зах зээлд хүргэх зорилго бүхий “Эрдэнэс Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 272 дугаар тогтоолоор Эрдэнэс Тавантолгой компанийг байгуулахаар болов. 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой” ХК анх 42 ажилтан, 1 экскаватор, 5 автосамосвалтой үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
- 2011 он
Монгол Улсын Засгийн газрын 98 дугаар тогтоолоор компанийн нийт хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргав.
Цанхийн зүүн уурхайн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулан олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэв.
2011 оны 08 дугаар сар Америкийн Нэгдсэн Улсын “Norwest” компани Жорк стандартад дүйцүүлэн ордын нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тооцов.
- 2012 он
2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Цанхийн баруун хэсгийн уурхайн ТЭЗҮ-ийг батлав. Мөн оны 11 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг ‘’ Монголын Төмөр Зам’’ ТӨХК-д олгов.
2012 оны 04 дугаар сар Монгол Улсын бүх иргэнд 1,072 ширхэг хувьцааг эзэмшүүлэв. Аж ахуйн нэгжүүдэд худалдав.
- 2013 он
Цанхийн баруун хэсгээс жилд 20 сая тонн нүүрс олборлох шинэ ТЭЗҮ батлах хөрс хуулалт эхлүүлж, Төрийн өмчийн хорооны 2013 оны 3 дугаар сарын 55 тоот тогтоолоор ‘’Шинэ төмөр зам’’ тусгай зориулалтын охин компани байгуулав.
- 2014 он
Метан хий ашиглах ‘’Эрдэнэс Тавантолгой,’’ ‘’Элгэн,’’ ба БНСУ-ын ‘’Когаз’’ компанийн хамтын ажиллагааны төсөл эхлэв.
- 2015 он
Таван толгой ордын Бортээгийн хэсэгт метан хийн туршилтын үйлдвэр нээв.
- 2016 он
“Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжиж иргэдийн гар дээрх 1072 хувьцааны тодорхой хэсгийг төр арилжин авав. Метан хийг ашиглах төсөл ‘’ Эрдэнэс Монгол’’ компанид шилжив.
2016 оны 06 дугаар cард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойшхи олборлосон нүүрсний хэмжээ 20 сая тоннд хүрэв.
- 2017 он
Монголын топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэв.
- 2018 он
2018 оны 08 дугаар сард Тавантолгойн ордын нөөцийн нэгдсэн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж 6.3 тэрбум тонн нөөц тогтоов.
2018 оны 10 дугаар сард Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг барагдуулав.
- 2019 он
Засгийн газрын 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэв.
Загийн усны хоолойг баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн системд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж дуусав.
2019 оны 06 дугаар сард уурхайг Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулав.
2019 оны 09 дүгээр сард ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001:2018 ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэв.
- 2020 он
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь эзэмшсэн Зүүнбаян төмөр зам ХХК, Тавантолгой дулааны цахилгаан станц ХХК-иуд байгуулагдав.
2020 оны 09 дүгээр сард анх удаа 2.5 сая хувьцаа эзэмшигчид хувьцааны ногдол ашиг тараав.
2020 оны 11 дугаар сард компани 70 сая дахь тонн нүүрс олборлов.
- 2021 он
ЭТТ бонд гаргав.
2021 оны 03 дугаар сард компанийн дунд хугацааны А6-20 бизнес төлөвлөгөө боловсруулж батлуулав.
2021 оны 03 дугаар сард нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.
2021 дугаар сарын 10 сард “Тавантолгой нүүрс” ХХК-ийн 51 хувийг эзэмшихээр болов.
- 2022 он
2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоов.
Нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, усан хангамжийн төслүүдийн барилгын ажлыг эхлүүлэв.
ISO 37301:2021 нийцлийн удирдлагын тогтолцоо, ISO 37001:2016 авлигын эсрэг удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэв.
- 2023 он
Хил нөхцөлтэйгөөр биржээр нүүрсийг арилжаалж эхлүүлэв.
“Тэрбум мод” хөдөлгөөний анхны ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК батлуулав.
Цогтцэций сумын “Шинэ суурьшлын бүс”-ийн төлөвлөгөөг хүлээлгэн өгөв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулав.
Уурхайчдын “Эрдэнэс хотхон” ашиглалтад орж нээлтээ хийв.
“ЭТТ” бондын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэв.
- 2024 он
“Эрдэнэс Тавантолгой” ХК 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кемп”-ийн бүтээн байгуулалтыг “Олон улсын стандартын шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, стратегийн ач холбогдол бүхий цогцолбор бүтээн байгуулалт” үндэслэлээр “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжлөв.
Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.
2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ-бондын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 178.9 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 981.6 тэрбум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж эхлэв. Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгуулан, худалдан авагч талд хүргэж өгөв.
Монгол Улсад анх удаа бүрэн автомат, инженерийн байгууламж бүхий жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг ашиглалтад оруулав.
”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2024 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 100 га талбайд 80 мянган заг, Өмнөговь аймгийн Номгон, Цогт-Овоо сумдад 70 га талбайд 56 мянган заг, Богдхан уулын дархан цаазат газарт 35 га талбайд 46 мянган шинэс мод тарилаа.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Доктор Ж.Дүгэрсүрэн[permanent dead link] Цаг уур орчны шинжилгээний газар.
- ↑ Эх орны хишиг (Memento 6. Аравдугаар сар 2023 цахим архивт) uuluurhai.mn
- ↑ “ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙНХАН “МОНГОЛ УУРХАЙЧИД”-ТАЙ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА (Memento 7. Арванхоёрдугаар сар 2022 цахим архивт) "Монгол уурхайчид" mglnews.mn
- ↑ Archive copy (Memento 26. Гуравдугаар сар 2022 цахим архивт) Тавантолгой төмөр зам ХХК
- ↑ “Чалко” болон TTJVСо-ийн өрийг дарснаа мэдэгдэв mongolianminingjournal.com
- ↑ 1072 хувьцааны ноогдол ашиг Montsame agency
- ↑ Оюутнуудад сургалтын тэтгэлгийн батламж гардууллаа news.mn
- ↑ МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬС”-ИЙН ТУХАЙ ТАНИН МЭДЭХҮЙН МЭДЭЭЛЭЛ Засгийн газрын агентлаг
- ↑ Элсэн говьд 100 мянган мод тарина (Memento 6. Аравдугаар сар 2023 цахим архивт) unen.mn