Jump to content

Ядамжавын Дашпунцаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ядамжавын Дашпунцаг (1932 оны 4 сарын 25-нд Завхан аймгийн Их-Уул сумын Ар тасархайд төрсөн) нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолтой хүн юм.

Дашпунцаг Зартын бага сургуулийг дүүргээд Намын дээд сургуулийг нягтлан бодогч, мэргэжлээр төгсөж, Их-Уул сум нэгдлийн тоо бүртгэгч, Их-Уул сум нэгдлийн гүйцэтгэх захиргааны орлогч, нарийн бичгийн дарга (1953-1958), Худалдаа нэгтгэлийн ангид нягтлан бодогч (1959-1962), Их-Уул сумын Монгол Ардын Хувьсгалт Намын үүрийн дарга (1963-1965), Их-Уул сум нэгдлийн дарга (1965-1966), Тосонцэнгэл хотын намын хорооны нарийн бичгийн дарга (1970-1972), Тэс сумын нэгдлийн дарга (1972-1974), Нөмрөг сум нэгдлийн дарга (1974-1981), Их-Уул сум нэгдлийн дарга (1981-1990)-аар тус тус ажиллаж байв.

Тэрээр Их-Уул сум нэгдлийн даргаар ажиллахдаа нэгдлийнхээ орлогын гол эх үүсвэр болсон үхэр сүргийн таваарлаг чанарыг сайжруулж, бүтээгдэхүүнийх нь хэмжээ, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарснаар үхэр сүргээсээ жилд саяас дээш төгрөгийн цэвэр ашиг олдог, олон бүтээгдэхүүнээрээ улсын чанарын алтан медальтай аж ахуй болгож, улмаар 1989 оны 11 сарын 11-нд төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнагджээ. Мөн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа (1981, 1986), ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэргүүний нэгдэлчин (1991) цолоор шагнагдаж байсан бөгөөд аймгийн депутатаар 5 удаа, аймгийн намын хорооны гишүүнээр 6 удаа, Ардын их хурлын депутатаар 1 удаа тус тус сонгогдон 37 жил тасралтгүй удирдах албан тушаал хашсан хүн юм.