Өрлүгтөмөр
Өрлүгтөмөр[1] (ханз: 月鲁帖木儿; пиньинь: Yuè lǔ tiē mù er) (?-1392) нь Юань улсын түшмэл асан, Мин улсын жянчан харуулын (建昌卫) дохигч түшмэл. Тэр бол 1392 оны Мин улсын эсрэг бослого гаргаж ялагдсан монгол угсааны ноён.
Тэрээр 1366 онд Төвлөн засах яамны юйчэн түшмэл болж, удалгүй пинжан жэнши түшмэлийн тушаалд дэвшсэн. 1367 онд Сычуанийн жянчан чөлгөөнд (建昌路; одоогийн Сычуанийн Шичан хот) цэрэг захирч суусан. Юань улс мөхөж, Мин улс Сычуанийн газрыг эзлэхэд бууж өгч дагаар орсон. 1382 онд Мин улсын цэргийн хүч Юньнань дахь монголын үлдэгдэлийг дайлахаар явах замдаа Жянчан харуулыг байгуулахад түүнийг дохигч түшмэл (指挥使)-ээр томилов.
1392 оны эхээр Өрлүгтөмөр бээр нэг түм гаруй цэрэг удирдан Мин улсын эсрэг бослого гаргаж, Хуйчуань, Жянчаниас хойно байх Сүжоуг довтлоход, хятад жанжин Лү И эсэргүүцэн байлдав. Тус жилийн 4 сард Жу Юаньжаны зарлигаар Лань Юй, Неэ Вэй, Шю Сыма, Чю Нөн нарт Нанжин хотын харуул болон Шэньси мужийн 15,000 цэргийг удирдуулж, Өрлүгтөмөрийн бослогыг даруулахаар илгээв. 1392 оны 7 сард Өрлүгтөмөрийн түмтийг Мин улсын арми Шуанланжай (双狼寨) гэх газарт бут цохин 1800 гаруй хүнийг барьж хороов. 11 сард Байшинжоуд (одоогийн Сычуаний Яньюань шянь) бүгсэн Өрлүгтөмөр тэргүүтэй хүмүүсийг олзолон Өрлүгтөмөрийг цаазалснаар бослогыг дарав.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Жан, Тиньюй (2018). Мин улсын судар (1-р боть). Translated by Ц, Цэрэндорж нар. Улаанбаатар. p. 80.