IV Иннокент
IV Иннокент (лат. Innocentius PP. IV, жинхэнэ нэр - Синибальдо Фиески, Лаваньи мужийн гүн, итал. Sinibaldo Fieschi; 1195 оны орчим Женовад төрж, 1254 оны 12 дугаар сарын 7-нд Неапольд нас барсан) нь 1243 оны 6 дугаар сарын 25-наас 1254 оны 12 дугаар сарын 7-нд нас бартлаа Ромын Пап байсан.
Залуу Синибальдо Парма болон Болоньягийн их сургуулиудад боловсрол эзэмшиж Болоньяд шашин-төрийн эрх зүй зааж байсан. Эрх зүйн мэргэжил эзэмшээд 1218 оноос Ромын буюу Ватиканы захиргаанд дээгүүр албан тушаал хашиж байжээ.
Ромын Папын сэнтийд залрахаас өмнө Синибальдо Гэгээн Ромын сүмийн дэд Канцлер (1226—1227) болон 1227 оны 9 дүгээр сараас "Сан-Лоренцо-ин-Лучина" сүмийн кардинал буюу Хамба байжээ.
1245 онд монголчуудын довтолгоонд санаа зовж IV Иннокент Зүүн зүгт дипломат Элч болох Францис гаралтай Жованни Плано Карпини нарын төлөөлөгчдийг илгээж байжээ. Төлөөлөгчид Их хааны нийслэл Хархорум хүрч байсан түүхтэй.