АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (Англи: United States Secretary of State) — АНУ-ын Холбооны Засгийн газрын дээд албан тушаал.
1789 онд байгуулагдсан АНУ-ын Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Төрийн Департаментыг тэргүүлдэг хүн бөгөөд бусад орнуудын Гадаад харилцааны сайдтай үндсэндээ адил албан тушаал юм.
АНУ-ын Гүйцэтгэх Засаглалд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын дараа гуравдугаарт ордог албан тушаал бөгөөд түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч томилж АНУ-ын Сенат баталгаажуулдаг.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 210,700 ам.долларын цалин авдаг байна.
Амеркийн түүхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн албан тушаал хашиж байсан 6 хүн буюу Томас Жефферсон /1801-1809 онуудад/, Жэймс Мэдисон /1809-1817 онуудад/, Жэймс Монроу /1817-1825 онуудад/ Жон Куинси Адамс / 1825-1829 онуудад/, Ван Барен /1837-1841 онуудад/, Жэймс Бьюканэн /1857-1861 онуудад/ нар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй.
Тэрээр АНУ-ын Гадаад харилцааг хэрэгжүүлэх, Шилжилт хөдөлгөөний бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд АНУ-ын Төрийн департаментыг удирдах үүрэгтэй байдаг байна. Түүнээс гадна дээд түвшний дипломатууд болон Элчин сайд нарыг гадаад улс орнуудад томилох болон эгүүлэн татах бөгөөд бусад гадаад харилцаатай холбоотой асуудлуудаар Ерөнхийлөгчид зөвлөх үүрэг хүлээдэг.
Мөн улс орноо төлөөлж гадаад харилцаатай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ явуулж, гэрээ, хэлэлцээр байгуулах буюу зогсоох эрхтэй бөгөөд Олон улсын хуралд АНУ-ыг төлөөлдөг байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын гадаад бодлоготой холбоотой асуудлаар АНУ-ын Конгресс, иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээхээс гадна гадаад байгаа болон зорчих гэж буй АНУ-ын иргэдэд холбогдох үйлчилгээ үзүүлж, тэдний хилийн чанад дахь эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
2021 оны 1 дүгээр сарын 26-наас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар 1963 оны 4 дүгээр сарын 16-нд төрсөн Энтони Блинкен Ерөнхийлөгч Жо Байдены үед ажиллаж байна.