Бүгд Найрамдах Польш Ард Улс
Бүгд Найрамдах Польш Ард Улс (польш: Polska Rzeczpospolita Ludowa, товч. PRL), БНПАУ гэж товчилдог, 1944-1989 онуудад оршин тогтнож байсан Төв Европ дахь нэгдмэл социалист Бүгд найрамдах улс бөгөөд орчин үеийн Бүгд Найрамдах Польш Улсын өмнөх залгамж улс юм.
БНПАУ тэр үед тусгаар тогтносон ЗХУ-ын ойрын холбоотон байсан бөгөөд эхлээд 1942-1948 онд коммунист үзэлтэй Польшийн Ажилчны Нам (польш. Polska Partia Robotnicza, PPR), дараа нь 1948-1989 онуудад Польшийн Ажилчны Нэгдсэн Нам (польш. Polska Zjednoczona Partia Robotnicza, PZPR) тус улсыг нэгдсэн удирдлагаар хангаж байв. Варшавын гэрээний байгууллагын гол гишүүн орнуудын нэг байсан.
Польшийн нутаг дэвсгэрийг 1944-1945 онд Германы эзлэлтээс чөлөөлсөн. Эхэндээ тус улсыг Зөвлөлтийг дэмжигч Польшийн Үндэсний эрх чөлөөний хороо, Болеслав Берут (польш. Bolesław Bierut, 1892-1956) тэргүүтэй Ардын Крайова Рада удирдаж байв. 1946 оны 6-р сард тус улсад бүх нийтийн санал асуулга болж, парламентын Дээд танхим "Сенат"-ыг татан буулгаж, социалист шинэчлэлийг явуулахыг олон нийт зөвшөөрсөн байна. 1947 оны 1-р сард Сеймийн парламентын сонгууль болж, зүүний намууд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Хэсэг хугацааны дараа түр зуурын "Бага Үндсэн хууль" (польш. Mała Konstytucja z 1947) батлагдаж, үүний дагуу тус улсын албан ёсны нэрийг "Бүгд Найрамдах Польш Улс" (Rzeczpospolita Polska) гэж хадгалж үлдсэн байна. 1952 онд тус улс байнгын Үндсэн хуультай болж "Бүгд Найрамдах Польш Ард Улс" гэсэн албан ёсны нэрийг баталсан байна.
1956 онд Болеслав Берут нас барж төрийн эрхийг Владислав Гомулка авсан.
1970 онд Эдвард Герек тус улсыг удирдаж эхэлсэн. Тэр нийгэмтэй харилцан буулт хийхийг оролдож, католик сүмтэй хамтран ажиллахыг дэмждэг зөөлөн улстөрч байсан (ялангуяа тэрээр Польш гаралтай ламтан II Иоанн Павелыг тус улсад ирэхийг зөвшөөрсөн).
1970-аад оны эцэс гэхэд тус улсын эдийн засгийн байдал муудаж эхэлсэн нь коммунизмын эсрэг шинэ үзэл санааг бий болгож, Герек нам доторх нэр хүнд, ЗХУ-ын улс төрийн удирдлагын итгэлийг алдаж 1980 оны 9-р сард түүнийг албан тушаалаас нь авсан байна.
Э.Герекийг богино хугацаанд Станислав Каня сольсон бөгөөд тэрээр мөн эсэргүүцэгч үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцээр хийх гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Хүч хэрэглэхгүйгээр улс орны нөхцөл байдлыг сайжруулж, дэглэмийг бэхжүүлэх боломжгүй гэдгийг ухааран 1981 оны 10-р сард Польшийн Ажилчны Нэгдсэн нам тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, хатуу улс төрч Войцех Ярузельскийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилов. 1981 оны 12-р сард тэрээр тус улсад цэргийн байдал тогтоосон тул сөрөг хүчнийг хэсэг хугацаанд дарж, "Эв санааны нэгдэл"-ийг түр нууц байдалд оруулсан байна.
1983 оны 7-р сард цэргийн байдлыг цуцалсан. Цэргийн байдал тогтоосон нь нийгэм дэх эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж, засгийн газрын эсрэг үзлийг улам ихээр бадраасан юм. 1988 оны 5-р сард эхэлсэн ажил хаялт Засгийн газрыг сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн. 1989 оны 2-р сараас 4-р сар хүртэл "Дугуй ширээний хэлэлцээр" Варшавт болж, Польш улс ардчилсан улс болох эхэлэл тавигдсан байна. Ингээд Ерөнхийлөгчийн институц, Сенатын институц сэргэсэн юм. Хэлэлцээрийн дараа Сейм болон Сенатын анхны сонгууль 1989 оны 6-р сард болсон. Үр дүнгээс 1989 онд дахин хууль ёсны болсон "Эв санааны нэгдэл (Солидарность) нам" Сейм дэх суудлын 35%, Сенатын 100 суудлын 99-ийг авчээ. В.Ярузельский 1989 оны 7-р сард орчин үеийн Польшийн анхны ерөнхийлөгч болсон. 1989 оны 12-р сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар социализмын бүх зүйлийг устгаж, "Бүгд Найрамдах Польш Улс" хэмээх нэрийг улсдаа буцааж авсанаар Бүгд Найрамдах Польш Ард Улс оршин тогтнохоо больжээ. 1990 оны 1-р сард Польшийн Ажилчны Нэгдсэн намыг татан буулгасан түүхтэй.
Войцех Ярузельски 1990 оны 12-р сар хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад сонгуульд "Эв санааны нэгдлийн" удирдагч Лех Валенса ялалт байгуулж шинэ Польшийн Ерөнхийлөгч болсон юм.