Клод Моне
Оскар Клод Моне (франц:-Oscar-Claude Monet;* 1840 оны 11 сарын сарын 14-нд Парист; † 1926 оны арванхоёрдугаар сарын 5-нд Живернид, төрөхдөө Оскар-Клод Моне) -францын зураач, импрессионизмын эцгүүдийн нэг. Импрессионизмыг түүний “Сэтгэгдэл. Мандах наран” гэсэн бүтээлийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг. XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн импрессионизм гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичиж, зурдгаараа онцлогтой гэж урлаг судлаачид хэлдэг. Клод Монегоос өмнө хэн ч хэзээ ч ногоон навчис дээрх гэрэл сүүдрийн тоглолт, үүлсийн гайхамшигт хэлбэр, хэн нэгний зурвасхан инээмсэглэлийг дуу алдаж, гайхмаар яг тэр агшинд нь зогсоон дүрсэлж чадаагүй юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Зураач 1840 оны 11 сарын 14-нд талх баригч Клод-Адольф Моне, дуучин Луиза Жюстин Обре-гийн гэр бүлд Францын Парис хотноо мэндэлжээ. Хүүг таван настай байхад гэр бүл нь ахиу мөнгө олохоор францын умард нутгийн Нормандын Гавр (франц. Le Havre — боомт) хотноо шилжин суурьшсан байна. Тухайн үед эцэг нь хүүгээ мухлагийнх нь бизнесийг үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч Клод худалдаа сонирхсонгүй. Орон нутгийн коллежид суралцаж байхдаа шог зураг зурах хорхойтой болж. Хүү багш нараа шоглож зурсныхаа шанд таагүй байдалтай нүүр тулж байсан ч шантарсангүй. Аав, ээж нь хүүгийнхээ хүслийг хорьсонгүй, зурах дуртай нагац эгч нь хөрөнгө санхүүгээр дэмжиж байлаа. 15 насандаа тэр Гавр хотноо сайн шог зураач гэсэн алдартай болжээ.
1860 онд Моне цэрэгт татагдаж Алжирт очоод ходоодны халдварт өвчин тусч хамаатан эгчийн санхүүгийн тусламжтайгаар цэргийн албанаас чөлөөлөгдөж жилийн дараа гэртээ иргэж иржээ.
Моне их сургуульд Урлагийн факультетэд элсэн орсон боловч тэндхийн уран зургийн арга барил түүний урамыг хугалсан байна. Сургуулиа орхиод удалгүй тэрээр Чарльз Глейрийн зохион байгуулсан зургийн урланд оржээ. Студид байхдаа тэрээр Огюст Ренуар, Альфред Сислей, Фредерик Базилл зэрэг үе тэнгийн авьяаслаг уран бүтээлчидтэй танилцсан байна.
1866 онд зурсан Камилла Донсиерийн хөрөг ("Камилл, эсвэл ногоон даашинзтай эмэгтэйн хөрөг") Моне-д алдар нэр авчирсан юм. Камилла сүүлд 1870 оны 6 дугаар сарын 28-нд алдарт зураачийн эхнэр болжээ. Тэд Жан (1867), Мишель (1878 оны 3-р сарын 17) гэсэн хоёр хүү төрүүлсэн байна.
1870 онд Франц-Пруссын дайн эхэлсний дараа Моне Англи руу явж, Жон Констебль, Уильям Тернер нарын бүтээлүүдтэй танилцжээ. 1871 оны хавар Монегийн бүтээлийг Английн Хатан хааны Академийн уран зургийн үзэсгэлэнд оролцохыг зөвшөөрөөгүй байна. 1871 оны 5 дугаар сард тэрээр Нидерландын Заандам хотод амьдрахаар Лондонг орхин очиж хорин таван зураг зурсан байна.
Залуу зураач маань Эжен Луи Будентэй танилцаагүй бол хүүгийн хувь тавилан хэрхэх байсныг таахад бэрх. Хүү шог зургаа зардаг талхны газарт энэ агуу хүнтэй уулзжээ. Зурах дуртай хөвгүүнийг харсан даруйдаа дэргэд нь ирсэн агуу зураач «Таны зураг сонирхолтой, хөнгөхөн, ухаалаг учраас би харах дуртай. Та бол их авьяастай. Төд удалгүй та шог зургаас залхана. Байгалийг зурах хэрэгтэй. Тэнгэр, тэнгис, амьтан, хүмүүс, мод... бурхан тэднийг яаж бүтээсэн яг тэр хэвээр нь, агаар, гэрэлтэй нь зурах хэрэгтэй» хэмээн хэлсэн гэдэг. Тэр үед Будений гэрэл гэгээ, нарны туяагаар амилуулсан тэнгисийн зураг Клодод таалагддаггүй байв. Залуу удаан хугацааны турш байгалийн зураг зурахаас татгалзаж байсан ч багшийнхаа ятгалгаар Хавр хотынхоо зүүн хойд хэсэгт байрлах Рюэлльд очжээ. Багштайгаа өнгөрүүлсэн тэр мөчөө Клод Моне “Буден багш зургийн тавиураа байрлуулаад уран бүтээлээ туурвиж эхэллээ. Яг тэр агшинд би уран зураг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Буденд тэр үед л чин зүрхнээсээ талархсан шүү. Зураач болох суурийг минь тавьсан хүн дээ” гэж дурссан нь бий.
Клод Монегийн “Рюэлль руу харсан нь” гэсэн нэртэй анхны зураг нь Будений байгалийн зурагтай тун төстэй. Түүнээс хойш олон жилийн дараа Моне багшдаа “Би жинхэнэ утгаар нь байгалийг ойлгож байна. Тэр хэрээрээ дурлан, хайрлах болов. Та бол миний байгалийг харахад тусалсан, ойлгож, мэдрэхэд чиглүүлсэн анхны багш” хэмээн бичиж байж.
Моне хачирхалтай уран зөгнөлийг дүрслэхийн эсрэг байсан ч бодит байдлыг гэрэл зураг шиг /реалист/ тусгах гэж оролдодгүй байсан. Хөнгөн нарны туяа, хурц нарны гэрэл, сүүдрийн тоглоом түүний хожмын бүх бүтээлд байдаг. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг цэцэрлэг, гүүр, цөөрөм болон хүрээлэн буй орчны бусад зүйлийг дүрслэн тосгоны байшинд өнгөрөөжээ.
Клод Моне 1926 оны 12 дугаар сарын 5-нд 86 насандаа Норманд дахь Живерни тосгонд уушгины хорт хавдраар нас барж, нутгийн сүмийн оршуулгын газарт оршуулжээ.
Оргил үе
[засварлах | кодоор засварлах]1870-аад оныг Клод Монегийн уран бүтээлийн оргил үе байсан гэж үздэг.
1872 онд "Ражант дахь Регата", 1874 онд "Далбаат завь", 1873 онд "Ражант дахь зураачийн гүүр", 1874 онд "Ражантын гүүр" алдарт уран бүтээлүүдээ туурвижээ.
Бүтээлүүд:
[засварлах | кодоор засварлах]1877 оноос зураач нэг сэдвээр хэсэг цуврал зурагнууд зурж эхэлсэн. Илүү алдартай цувралууд бол:
- 1877 он «Сен-Лазарын гал тэрэгний буудал» цуврал- 12 зураг багтдаг. Гал тэрэгний буудал Монегийн анхны цуврал.
- 1889 он « Мөрөөдлийн хөндий », цуврал- 10 зураг. Жорж Пети-гийн галерейд тавьсан.
- 1889—1891 он «Өвсөн бухал», цуврал - 22 зураг.
- 1892 он «Улиас моднууд» 11 цуврал зураг.
- 1895 он «Руаны сүм» 35 цуврал зураг.
- 1900 он «Усны цэцэг, усны дүрс» (франц. Nymphéas) 25 цуврал том зураг.
- 1904 он «Лондон» 98 тосоор болон 26 пастелээр зурсан зурагнууд.
- 1903—1908 онуудад «Усны цэцэгүүд» хоёр дахь цувралууд 48 зураг. 1909 онд дэлгэсэн.
- 1912 он «Венеци» — 28 цуврал зураг.