Ле Корбюзье
Ле Корбюзье (Франц: Le Corbusier, 1887 оны 10 сарын 6 - 1965 оны 8 сарын 27) нь Швейцарт төрсөн, Францад голлон бүтээлээ туурвиж ирсэн уран барилгачин юм . Жинхэнэ нэр нь Шарль Эдуард Жаннере-Гри (Charles-Edouard Jeanneret-Gris). Фрэнк Ллойд Райт, Людвиг Мис ван дер Роэ нартай хамтран орчин үеийн уран барилгын гурван их мастер гэж нэрлэгдэж ирсэн.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Швейцарын Ла-Шо-де-Фон дахь цагийн засварчин Эдвард болон төгөлдөр хуурын багш Мари нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Аавын ажилд туслаж, ирээдүйд өвлөн авах байсан учир цаг засварт суралцахын тулд нутгийнхаа засал чимэглэл, урлалын сургуульд суралцсан. Нарийн мэргэшиж их сургуулийн боловсрол бол эзэмшээгүй нэгэн юм. Урлалын сургуульд байхад, түүний авъяасыг олж харсан сургуулийн захирал Шарл Леплатени нь гэрийн барилгын зураг хий гэж зөвлөснөөр анхныхаа бүтээл "Фаллегийн өргөө"-г Рүнэ Шапартай хамтран барижээ. 1908 онд Парист очсон тэрээр цутгамал төмөр бетон барилгын анхдагчийн нэг Огюста Перре, дараахан нь Германы зохион бүтээгчдийн холбооны гол хүмүүсийн нэг байсан Петер Беренсийн ажлыг албанд барилгын талаар суралцсан байна.
1911 оноос хагас жилийн турш Берлинээс Зүүн Европ, Турк, Грек, Италиар дамжин аялсан байна. 1914 онд цутгамал төмөр бетон ашиглан орон сууц барих "Дом-Ино" аргаа нийтэд танилцуулсан байна. 1917 онд Парисын цутгамал төмөр бетоны компанид 2 жил орчим ажиллаж байгаад 1920 оноос эхлэн пурист зураач Амеде Озанфан, яруу найрагч Паул Дермее нартай хамтран "Эспри Нуво" нэртэй сэтгүүл гаргадаг болов. Энэ үеэс л түүнийг Ле Корбюзье гэж нэрлэдэг болжээ.
1922 онд Перрегийн дор хамтран ажиллаж байсан түүний үеэл Пьер Жаннеретай хамтран барилгын зургийн газар байгуулав. 1923 онд "Эспри Нуво"д хэвлэгдэн гарсан өөрийн нийтлэлүүдээ нэгтгэн "Барилгын зүг" хэмээх номоо хэвлүүлснээр дэлхий дахинд алдар олжээ. Энэ номд нь бичсэн "Байшин гэдэг бол амьдрахын тул дахь машин юм" нь түүний архитектурын үзэл санааг илэрхийлж байгаа юм гэж судлаачид иш татдаг. 1925 онд Парисын экспод Ар-Деко маягийн чимэглэсэн байшингуудын дунд ямар ч дотоод чимэглэлгүй "Эспри Нуво өргөө" нэртэй павильон ажиллуулан олны анхаарлыг татаж байв.
Тэрээр 1922 онд "Намрын салон"-д "3 сая хүнтэй орчин үеийн хот", 1925 онд Парисын гудмыг өндөр барилгуудаар солиж барих "Вуазен төсөл", 1930 онд "Гэрэлтэгч хот" төслүүдийг санаачлан нийтэд танилцуулсан байна. Энэ нь намхан жижиг байшингууд шигүү байрласнаас өндөр, эргэн тойрондоо ногоон цэцэрлэгээр хүрээлүүлсэн байвал зүгээр гэсэн санаа байсан ба тухайн үедээ хэрэгжиж чадаагүй ч дараах үеийн хот зохион байгуулалтын төслүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн санаа байсан юм.
1928 онд Орчин үеийн уран барилгачдын хуралд Вальтер Гропиус, Людвиг Мис ван дер Роэ нартай хамтран зохион байгуулж, түүнээс хойш ОҮУБХ-ын гол зохион байгуулагчдын нэг нь болж ажилласан байна.
"Савой өргөө" хэмээх өөрийн гол барилгуудынхаа нэгийг 1931 онд дуусгаж олноо танилцуулсан нь Ле Корбюзьегийн баталсан "Орчин үеийн барилгын таван гол дүрэм"-д хамгийн нийцсэн барилга байсан юм.
1936 онд Лусио Коштагийн урилгаар Бразилд очиж Оскар Нимейертэй хамтран Бразилын боловсрол, эрүүл мэндийн яамны барилгын ажлын зураг төслийг хийхэд оролцжээ. Дайны дараа тэрээр Дом-Ино системдээ тулгуурлан Марсель хотод орон сууцны нэгдсэн хороолол Юните д'Хабитэшнээ бүтээн байгуулжээ. Түүний залуу байх үеээсээ бүтээн байгуулахаар зорьж ирсэн хүслийн нь биелэл байсан юм. 1951 оноос Энэтхэгийн Чандигар хотын бүтээн байгуулалтанд барилгийн зөвлөхөөр ажиллажээ.
Тэрээр өөрийн бүтээлүүддээ хамгийн функц ихтэй, бүх боломжийг ашигласан байшин гэдгийг тод гаргаж байсан ч, 1955 онд Нотр-Дам-дю-О буюу Францын Роншан хотын мөргөлийн сүм нь арай өвөрмөц барилгын зураг төслөөр баригдсан байдаг. Цутгамал төмөр бетоноо ашиглан дунгийн хясаа шиг хэлбэртэй дээврийг чадамгай бариж дүрсэлжээ.
Ле Корбюзье нь 1965 онд өмнөд Францын Кап-Мартинд далайд сэлж байх үедээ зүрхний шигдээсээр таалал төгсчээ.
Галерей
[засварлах | кодоор засварлах]-
Берлиний Юните д'Хабитэшн
-
Чандигарын Дээд Шүүх
-
Карпентерын төв, Кэмбриж
-
Ле Корбюзьегийн төв, Цюрих
-
Дэлгэсэн гарын алга
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ле Корбюзье
- Францын архитектор
- Швейцарын архитектор
- Псевдоним
- Орчин үеийн архитектор
- Архитектурын онолч
- Францын хот төлөвлөгч
- Швейцарын хот төлөвлөгч
- Швейцарын уран зураач
- Францын уран зураач
- Хүндэт легионы гишүүн (их офицер)
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Америкийн Урлаг ба Утга Зохиолын Академийн гишүүн
- Цюрихийн техникийн дээд сургуулийн хүндэт доктор
- Цюрих Их Сургуулийн хүндэт доктор
- Кембрижийн их сургуулийн хүндэт доктор
- Женев их сургуулийн хүндэт доктор
- Францын хүн
- Швейцарчууд
- 1887 онд төрсөн
- 1965 онд өнгөрсөн