Мадлен Олбрайт
Мадлен Корбел Олбрайт (англи. Madeleine Korbel Albright, төрөхдөө Мария Яна Корбелова, чех. Marie Jana Korbelová; 1937 оны 5-р сарын 15-нд Чехсловак улсын Прага хотод төрсөн -2022 оны 3-р сарын 23-нд АНУ-ын Вашингтон хотод нас барсан) - америкийн дипломат, улс төрийн зүтгэлтэн, АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга (1997-2001), НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч (1993-1997).
Намтар
[засварлах | кодоор засварлах]1937 онд Прага хотод бохемын еврейчүүд Йозеф, Анна Корбелын гэр бүлд төржээ. Мадлен охиныг төрөхөд эцэг Йозеф Корбел Белград дахь Чехословакийн ЭСЯ-нд хэвлэлийн атташе-гаар ажиллаж байжээ.
Чехословак улс 1939 оны 3-р сард фашист германд эзлэгдсэний дараа Йозеф, гэргий Анна, охин Мадлен нартайгаа Лондон руу нүүсэн байна. Лондонд Корбел Бенешийн хилийн чанд дахь Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Корбелын гэр бүл Чехословакт эргэн иржээ. Йозеф Югославд Элчин сайдаар томилогдоод 1948 оны 5-р сард коммунистууд Төрийн эрхэнд гарахад АНУ руу цагаачлах өргөдлөө өгч ажлаасаа огцорсон байна.
Рокфеллерын сангийн тусламжтайгаар Корбел АНУ-д цагаачилж Денверын Их сургуулийн багш болжээ.
Мадлен Олбрайт 1959 онд Уэллслигийн эмэгтэйчүүдийн коллежид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 1957 онд тэрээр Америкийн иргэншилтэй болсон. 1975 онд докторын зэрэг хамгаалсан.
Англи, Орос, Чех, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд польш, серб-хорват хэлээр уншдаг байжээ.
Олбрайт улс төрийн гараагаа АНУ-ын Ардчилсан намын идэвхтэнээс эхлүүлж, 1972 онд сенатор Эдмунд Маски-гийн багт элсэж, 1976-1978 онд түүний хууль тогтоох асуудал хариуцсан туслахаар ажиллаж байжээ.
1970-аад оны сүүлчээр тухайн үед Ерөнхийлөгч Жимми Картерын зөвлөх байсан Збигнев Бжезински М.Олбрайтыг засгийн газрын анхны албан тушаалд ороход тусалсан байна. Түүний үүрэгт Бжезинскийн ажлын алба болон Конгресс хоорондын харилцаа холбоо хангах баайжээ.
1982-1993 онд тэрээр Жоржтауны их сургуулийн профессороор ажиллаж, ЗХУ болон Зүүн Европын орнуудын улс төрийн сэдвээр хичээл заадаг байжээ.
1993 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд Мадлен Олбрайтыг томилсон байна.
1997 онд тэрээр Клинтоны засаг захиргааны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд энэ албан тушаалд ажиллаж байсан анхны эмэгтэй болжээ.
Олбрайт нь олон улсын харилцаанд АНУ-ын хатуу байр суурийг дэмжиж, цэргийн хүч хэрэглэхээ зогсоохгүйгээр АНУ-ын ашиг сонирхлыг бүрэн хамгаалахын тулд НАТО дахь АНУ-ын байр суурийг бэхжүүлэхийг дэмжиж байв.
2000 онд Умард Солонгост айлчилж Ким Жон Ынтай уулзсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1959 онд сэтгүүлч Жозеф Медилл Паттерсон Олбрайт (англ. Joseph Medill Patterson Albright)-тай гэрлэж гурван охин төрүүлсэн. 1982 онд хосууд салсан байна.
- 1937 онд төрсөн
- 2022 онд өнгөрсөн
- Америкчууд
- Чехословакчууд
- Прагийн хүн
- АНУ-ын гадаад хэргийн сайд
- НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч
- АНУ-ын элчин сайд
- 20-р зууны дипломатч
- Улс төр судлаач
- Марийн орны загалмай одон шагналтан (1-р зэрэг)
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Цагаан Арслан одон шагналтан
- Финландын Цагаан Сарнай одон шагналтан (их загалмай)
- Цагаан Арслан одон шагналтан (их загалмай)
- Бүгд Найрамдах Польшийн Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (одтой командлагч)
- АНУ-ын Ардчилсан Намын гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Нацизмаас дүрвэгч
- АНУ дахь цагаач
- Гданьск Их Сургуулийн хүндэт доктор
- Эмэгтэй хүн