Михаил Николаевич Тухачевский
Михаил Николаевич Тухачевский (1893 оны 2 сарын 16 хуучнаар 2 сарын 4 - 1937 оны 6 сарын 12) нь ЗХУ-ын маршал байжээ.
Тухачевский бол Георгий Жуковын дурссанаар "Цэргийн сэтгэлгээний аугаа их хүн, Зөвлөлт орны цэргийн эгнээнд хамгийн сод нь байсан юм". Тэрээр шинэ залуу Зөвлөлт засгийн зэвсэгт хүчний үндсийг тавигчаар барахгүй, суу билигт их жанжин нь байлаа.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]М.Н.Тухачевский 1893 оны 2-р сарын 16 –нд төржээ. Тэрээр хүүхэд байхаасаа онцгой их тэсвэр хатуужилтай,зорьсондоо заавал хүрэх гүн бат эрмэлзэлтэй,түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй хүү байсан гэдэг. Дэлхийн нэгдүгээр их дайн хүртэл амьдралын шаардлагаар янз бүрийн ажил эрхэлж байгаад, дайн эхэлсэн тэр жил (1914 он) Оросын бусад эрчүүдийн адил цэрэгт татагдаж, анх цэргийн хувцас өмссөн бөгөөд тэр цагаас насан эцэслэтлээ түүнийгээ тайлаагүй билээ.
Цэргийн амьдралын эхэн үе ба дэлхийн нэгдүгээр дайн (1912–1918)
[засварлах | кодоор засварлах]Дайн тус орныг доройтуулан, туйлдуулах тухайн үед цэргүүдийн дунд төдийгүй офицериудын хүрээнд ч дайныг эсэргүүцэх болон большевик үзэл асар их нөлөөтэй байж, түүнийг дэмжигчид ч өдөр хоногоор биш, цаг, минутаар олширч байв. Тэдгээр хувь заяагаа зоригтойгоор өөрчлөгсдийн дунд ирээдүйн Зөвлөлт Холбоот Улсын маршал, тухайн үеийн хааны армийн дэслэгч цолтой Михайл Николаевич Тухачевский байжээ. Тэрээр 1918 оны 4-р сард Оросын Коммунист (большевикуудийн) намд элссэн бөгөөд улаан армийн эгнээнд орж Дорнод фронтын 5–р армийг командлаж эхэлсэн ба 25-хан настай ийм залуухан хүн цэргийн томоохон нэгдэл болох арми командлана гэдэг нь түүний цэргийн агуу их авьяасыг онцгой харгалзан үзсэний тодоос тод илрэл мөн болно. Ингэж сонгож авсан явдал ёстой л “нүдээ олсон” дэвшүүлэлт болох нь дараагийн үйл явдлаас бүрэн харагдсан юм. Тэрээр идэвхитэй ажиллагаараа Колчакын ихээхэн давуу хүчийг Ижил мөрний орчимд тогтоон барьсаар байлаа. Хэсэг хугацааны дараа Колчакийн цэрэг бүрэн бут ниргэгдсэн юм. Колчакийн командалсан Өрнөд фронтын эсрэг, Дорнод фронт нийтээрээ тулалдаж байсан боловч түүний төгсгөлийн операцийн нарийн төвөгтэй гол тулалдааныг М.Н.Тухачевскийн 5-р арми бага хохиролтойгоор амжилттай даван туулжээ. Тэрээр 1919 оны сүүлээр 5-р армийн хээрийн штабт байхдаа Бүгд Найрамдах Улсын Хувьсгалт Цэргийн Зөвлөлөөс түүнийг онц хүнд байдалд орсон 8-р армийн командлагчаар томилсон тухай яаралтай цахилгааныг хүлээн авчээ.
Мамонтовын морин корпусууд 8-р армиийн төвийн фронтын зурвас хэсгээр нилээн гүнзгий цөмөрч, их хохирол хүлээглгэжээ. Мамонтовын корпус нь цагаантаны генерал Деникины армийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Антант энэхүү армид их итгэл хүлээлгэж, бололцоот бүхий л зүйлээрээ хангаж гол нь өөрсдийн хамгийн заналт дайсан болох Зөвлөлт засгийг л хурдан хугацаанд дарж авахыг хичээх болжээ. Тухачевскийг командлагчаар ирэх үед тус армийн байдал тун ярвигтай болж, дайсан пролетарийн анхны их төрт улсын зүрх болсон Москваг эзлэхээр улайран оролдож бололцоотой бүхнийг хийж байлаа. М.Н.Тухачевский бий болсон нөхцөл шалтгаан, цагийн байдлыг үнэлэн үзээд дараах шийдвэрийг гаргажээ.
“Манай талын цэргийн амжилтгүй болсон нөхцөл шалтгаан нь дараах зүйлээр илэрчээ. Үүнд:
- Манай тал дайсны сөрөх давшилтын эсрэг идэвхитэй хориглолт явуулагүй бөгөөд эл уршигт явдлын үр дагавраар Курск, Орёл, Воронеж зэрэг чухал түшиц газрууд эзлэгдсэн байна.
- Дайсан ашигтай байрлалыг эзлэн авсан төдийгүй хүчиндээ эрдэж, нэгэн зэрэг олон цохилтыг өгснөөр, 8-р армийн төдийгүй нийт фронтын хэмжээнд байдал дайсанд ашигтайгаар эргэж, манай талын хувь заяа нь дараа дараачийн үйл явдлуудаас бүрэн сөнөх хэмжээнд хүрчээ.
Иймээс бий болсон цагийн байдлыг үнэлэн, дүгнээд нийт армийн бие бүрэлдэхүүнд ТУШААХ НЬ:
- Армийн дотор нам улс төрийн ажил идэвхитэй явуулж,бүрэлдсэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр ойлгуулах
- Дараачийн томоохон хэмжээний стратегийн операцид маш шахуу хугацаанд бэлтгэх(үүссэн нөхцөл байдал бидэнд энэ талаар ийм л боломжийг олгоно)” гэжээ.
- ЖИЧ: “М.Н.Тухачевскийн энэхүү тушаал нь саявтархан Оросын “Звезда” суваг дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн бөгөөд нилээд уртавтар дэлгэрэнгүй тушаал байсан юм. Үүнийг товчлон бичив. Гэвч ерөнхий утга санаатай нэг их зөрөхгүй болно.” М.Н.Тухачевскийн ийнхүү шийдвэртэй арга хэмжээг цаг тухайд нь авсны ачаар Москвагийн орчимд нилээд том хэмжээний давших операци өрнөж Деникиний арми бүрэн сүйтгэгджээ. Эдгээр амжилттай тулалдааны дараа Михайл Николаевич 1-р арми, стратегийн томоохон нэгдэл болох Кавказын фронтыг удирдаж иргэний дайны төгсөглийн байлдаануудад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Зөвлөлтийн генерал ба маршалаар дэвшсэн нь (1918–1937)
[засварлах | кодоор засварлах]1920 оноос М.Н.Тухачевский Польшийн хилийн орчимд зогсонги байдалд орсон Баруун фронтын хүлээн авч, фронтод гарсан гол гол дутагдалуудыг шүүмжлэн хэлэлцээд, дараагийн сөрөх давшилтад эрчимтэй бэлтгэж 14, 15-р армиудын хүчээр Польшийн хил рүү 500 км-ээр давшин орж ялалт байгуулсан байна. Харин 1921 онд Зөвлөлтийн Тамбов зэрэг мужуудыг түйвээн их хохирол учруулж байсан эсер-Антоновын дээрэмчдийг дарах цэргийг ерөнхийд нь удирдаж байлаа. Энэ үед түүний орлогчоор И.П.Уборевич,В.А.Антонов-Овсеенко нар ажиллаж байсан юм. Антоновын цэрэг төдий л их хэмжээний биш боловч Улаан Армийн хороо, гарнизон, батальон зэрэг анги нэгтгэлүүд лүү дайрч томоохон хэмжээний хүчинтэй учрахаас аль болох зайлсхийж байсан учир хугацаа алдах тусам хохиролын хэмжээ ихэсч байжээ.
М.Н.Тухачевскийн удирдлагаар, орон нутгийн ард иргэдийн туслалцаатайгаар 1921 оны намар гэхэд Антоновын эсэргүүчүүдийг Саратов болон Новохоперскийн орчимд зүйл дуусгажээ. Иргэний дайны хүнд бэрх үед гадаад, дотоодын дайсны эсрэг арми, фронт командлан үлэмжхэн гавьяа байуулсан тул “Улаан тугийн” одонгоор шагнагдсан байна. Дайны дараа цэргийн тойрог командалж байсан ба улаан армийн цэргийн хэмжээг цомхотгож, бүтээн байгуулалтад шилжүүлэх, үлдсэн армийн бие бүрэлдэхүүнийг орчин үеийн аргаар сургаж, шинэ хүчирхэг арми байгуулахад бас их гавьяа байгуулсаныг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй. Ингэх нь ч шударга хэрэг болно. Тэрээр цэргийн том онолчдын нэг бөгөөд “Орчин үеийн стратегийн асуудлууд” (1926) “Морьт цэргийн байлдааны дүрэм” (1931), Маневр ба артиллер, Явган цэргийн байлдаан, Манай сургууль-тактикийн зорилтууд зэрэг ном бичиж, Жанжин штабын академи болон бусад цэргийн сургуулиудад оператив-стратеги гэх чухал хичээлүүдийг өөрөө биечлэн заадаг байсан юм.
М.Н.Тухачевскийн удирдлагаар хожмын алдарт жанжин, эх орны дайны баатрууд болох Г.К.Жуков, А.М.Василевский, И.Х.Баграмян, И.С.Конев зэрэг тухайн үеийн залуу офицерууд хүмүүжигдэн гарчээ. Эдгээр нэрт жанждын дайнд байгуулсан гавьяа, алдар цол, хэргэм нь М.Н.Тухачевскийн хэр зэрэг сурган хүмүүжүүлэгч болохын тодорхой баталгаа биз ээ. Армийг шинэчлэхэд зөвхөн дарга нарын мэдлэг чадвар төдийгүй зэвсэг хэрэглэл сайн байх хэрэгтэй. Иймээс Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн дэргэд цэргийн зохион бүтээх комисс, болон Зэвсэглэл хариуцсан тусгай комиссыг байгуулжээ. Михайл Николаевич дайны үед болон дайны дараа байгуулсан гавьяагаараа эдгээр чухал комиссуудын гишүүн болох бүрэн гавьяатай хүн байсан юм.
Тэрээр 1924 оноос Цэргийн зохион бүтээх комисс, 1931 оноос Зэвсэглэл хариуцсан тусгай комиссын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд бүтээлч нөр их хөдөлмөр өрнүүлж , армийг шинэчлэхэд асар хи үүрэг гүйцэтгэжээ.
1934 онд ЗСБНХУ-ын Цэргийн ба Тэнгисийн хэрэг эрхлэх ардын комиссарын газрыг Батлан Хамгаалах Ардын Комиссарын газар болгож, бүх Холбоотын хэмжээгээр ажиллаж эрх үүрэг нь нэмгэдсэнтэй холбогдуулан М.Н.Тухачевскийг ардын комиссарын газрын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Энэ үед К.Е.Ворошилов ардын комиссараар ажиллаж байлаа. 1935 оны 11-р сарын 20-н.Энэ өдөр Зөвлөлтийн цэргийн түүхэнд тодоор бичигдсэн юм. Намаас цэргийн нэг бүрчилсэн цол бий болгох, цэргийн ажилтны нэр хүндийг өргөх шийдвэр гаргаж Зөвлөлтийн цэргийн түүхэнд тодорч хосгүй их гавьяа байгуулсан 5 хүнд Зөвлөлт Холбоот Улсын маршал хэмээх цэргийн дээд цол олгох тогтоол гаргасан байна.
М.Н.Тухачевский Зөвлөлтийн анхны таван маршалын нэгэн болж, төрийн дээд шагнал “Лениний” одонгоор шагнагдлаа. Түүнийг “Армийн уураг тархи” (Б.М.Шапошниковын зүйрлэснээр) болсон Ажилчин Тариачны Улаан армийн Штабын орлогч даргаар, ардын комиссарын орлогчийн ажлыг хавсран гүйцэтгэхээр томилжээ. М.Н.Тухачевский шинээр тогтсон фашистын Германы огцом хугацаанд гарсан армийн доторх өөрчлөлтийг анхаарахгүй өнгөрөхгүй байхыг армийн дотор үргэлж хурцаар анхааруулж байлаа. Тэрээр ”Германы зэвсэгт хүчин байсан цагт манай Зөвлөлт төртэй заавал харшилдан том дайн гарах болно. Энэ дайнаас бид зугтааж, бултаж чадахгүй. Тус дайнаас бага хохиролтой гарахын тулд бид армиа маш түргэн хугацаанд асар их өөрчлөлтийг өрнүүлэх хэрэгтэй” гэж баталгаа, нотолгоо, тоо баримттайгаар илтгэж байсан билээ. Энэхүү илтгэлийг нь И.В.Сталин үзээд их л хардамтгай хүн болохоороо Зөвлөлтийн армийн дотор сүрдүүлэх, ирээдүйн империалист дайнд бэлтгэж байна хэмээн дүгнэсэн ба эл байдлыг ашиглан өөрийн замаа цэвэрлэх, алдар хүнд олохын тулд Дотоодын хамгаалах Ардын Комиссар Л.П.Берия түүнийг 1937 онд түүнийг баривчилж, ”Тухачевскийн хэрэг “ гэгчийг үүсгэн түүний хомрогонд Белоруссын цэргийн тойргийн командлагч, армийн нэгдүгээр зэргийн командлагч И.П.Уборевич, Украйны цэргийн тойргийн командлагч, И.Э.Якир, Харьковын цэргийн тойргийн командлагч А.И.Корк, Армийн нэгдүгээр зэргийн комиссар Я.Б.Гамарник, Цэргийн тагнуулын газрын дарга С.П.Урицкий, ЗХУ-ын маршал, Алс Дорнодын улаан тугт нэгдүгээр тусгай армийн командлагч В.К.Блюхер, түүний орлогч Я.К.Берзин, Ажилчин Тариачны Улаан армийн Штабын дарга, ЗХУ-ын маршал А.И.Егоров, зарим дивизийн дарга нар, тухайлбал К.В.Примаков, Г.Д.Гай И.В.Дыбенко нар болон бусад олон хүнийг хамруулж асар том хэргийн цагираг үүсгэж түүнийгээ “Цэргийн доторхи фашизмын хэрэг” гэж нэрлэсэн байна. Энэхүү зохиомол хэргийг ЗСБНХУ-ын Цэргийн коллеги хянан үзээд дээр дурдсан бүх хүмүүсийг буудан алах, бусад хүмүүст буюу эдгээр хүмүүсийн эхнэр хүүхэд, төрөл төрөгсдөд янз бүрийн хэмжээний хорих ял оногдуулжээ. Энэ тогтоолд Л.П.Бериягийн гар орсон нь зайлшгүй.
Михаил Тухачевскийг 7 том цэргийн даргын хамт 1937 оны 6-р сарын 12-ны өдөр Москвагийн ойролцоо буудан алж ялын тогтоолыг гүйцэтгэжээ. Тэрээр дөнгөж 44-хөн настай байлаа. М.Н.Тухачевскийг ганцааранг нь шийтгэсэнгүй. Эсэргүүний хамт хамсаатан гэж түүний ээж, эхнэр, охин, эгч, эгчийнх нь нөхөр, ах, түүнийх нь эхнэр, хүүхэд цөм хүнд ялаар шийтгэгдэж, ихэнх нь хорих лагерьт нас нөгчжээ. ЗХУКН-ын ХХ их хурал хуралдаж нэг хүнийг тахин шүтэхийн хор уршигийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа цаг бусаар хэлмэгдсэн эдгээр түүхэн хүмүүсийг цагаатгажээ. М.Н.Тухачевскийг 1957 онд ЗСБНХУ-ын Дээд Шүүхээс түүний ялыг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн нэгдүгээр дайны Оросын Хаант Улсын хүн
- ЗХУ-ын маршал
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- Зөвлөлт-Польшийн дайны хүн
- ЗХУ-ын их хядлагын хэлмэгдэгч
- Зөвлөлтийн цаазлагдсан хүн
- Оросын иргэний дайны хүн
- Лениний одон шагналтан
- Гэгээн Владимирын одон шагналтан
- Гэгээн Аннагийн одон шагналтан
- 20-р зууны чөлөөт өрлөгчин
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1893 онд төрсөн
- 1937 онд өнгөрсөн