Jump to content

Константин Рокоссовский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рокоссовский (1976)
ЗХУ-ын маршал Константин Рокоссовский (1889-1968)

Константин Константинович Рокоссовский нь (1889 оны 2 сарын 21 - 1968 оны 8 сарын 3) - польш гаралтай ЗХУ-ын маршал, Польшийн маршал, ЗХУ-ын хошой баатар, цэргийн зүтгэлтэн, нэрт жанжин хүн байсан.

Эцэг Ксаверий Юзеф Рокоссовский (1853—1902), төмөр замын ажилчин байсан. Эх нь Антонина Овсянникова (1860—1911).

Хуучин тооллоор 1896 оны 9-р сарын 3-нд Брест мужийн Телеханы хотод /Великие Луки-д төрсөн гэж мөн үздэг/ төрсөн. 1909 онд Варшав хотын 4 жилийн дунд сургууль төгсөөд оймсны нэхмэлийн үйлдвэрт ажилласан. 1911 онд эх нь нас барж бие даан ажиллах хэрэг гарч 1914 он хүртэл хамаатан Стефан Высоцкийгийн засварын газар чулуу өнгөлөгчөөр ажилласан байна. 1914 оны 8 -р сараас 1917 -р сард 12 сард Каргопольшийн драгуны хороонд цэргийн алба хаажээ. 1915 онд тэдний цэргийн хороо Литва руу германчуудтай дайтхаар очиход К.Рокоссовский "3 дугаар зэргийн Георгийн загалмай" хүртсэн байна. Варшав орчмын тулаанд орж байсан бөгөөд морь унаж, винтов буу эзэмшиж, сэлэм ашиглаж сурсан байна.

1917 оны 10-р сард Улаан Армийн эгнээнд сайн дураар оржээ.

1918 оны 10 -р сард Уралын 1-р морьт хорооны сумангийн захирагч байв.

1919 оны 6 -р сард Уралын 2-р морьт дивизионы захирагч болсон.

1919 оны 10 -р сарын 4 -д Вакорин өртөөний дэргэд болсон тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан тул К.Рокоссовский Улаан тугийн одогоор анхлан шагнагджээ.

1920 оны 1-р сард Зөвлөлтийн 30-р морьт хорооны захирагч болж 1921 онд Монголын нутагт цагаатныг дарах цэргийн ажиллагаанд оролцож байжээ .1920 оны 9-р сард 35 -р хорооны захирагч болсон байна.

1921 оны 6-р сарын 2 -нд Желтурин тосгоны дэргэд болсон байлдаанд шархадаж улаан тугийн одонгоор анх шагнагджээ.

1922- 1924 онд Өвөр байгал дахь Кубаны 5-р тусгай бригад командлав.

1923 оны 4-р сарны 30-нд Юлия Петровна Бармина-тай гэрлэж 1925 оны 6 дугаар сарын 17-нд Ариадна гэж охинтой болжээ.

1924 оны 9-р сараас 1925 оны 8-р сард Морьт цэргийн дээд курст Г.К.Жуков, А.И.Ерёменко нарын хамт сонсогч байжээ.

1926 оны 7-р сараас 1928 оны 7-р сарын хооронд Монголд Улаанбаатарт 1 дүгээр Морьт дивизид сургагч-зааварлагч хийж байжээ.

1929 оны 1-р сараас 4-р сар хүртэл М.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академийн дэргэдэх Цэргийн удирдах бүрэлдэхүүний курст сурсан байна.

1929 оны 11 сард Дорнод-Хятадын төмөр замд Хятадын милитаристудыг бут цохиход гарамгай гавьяа байгуулж улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнуулав.

1930 - 1931 онд Английн пролетари нарын нэрмжит Самарын 7-р морьт дивизийг командлав.

1932 - 1935 онд Өвөр Байгалд дахин очиж Кубаний 15-р морьт дивизийг командлав.

1936 онд Псков дахь 5-р морьт корпусын захирагчаар ажилав.

Хэлмэгдүүлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1937 оны 8-р сарын 17-ноос 1940 оны 4-р сарын 4-ний өдөр хүртэл Ленинград мужийн Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий газрын дотоод шоронд хоригдсон байна. Энэ үеэр түүнийг тамлан зөвөөсөж мэдүүлэг авсан боловч тэрээр өөрийнхөө болон бусдын эсрэг буруу мэдүүлэг өгөөгүй байна. С.Тимошенко, С.Будённый, Г.Жуков нарын Иосиф Сталинд өргөдөл гаргаж батлан даасаны улмаас түүнийг сулласан байна.

1937 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчний Улаан армийн ахлах командлагч Константин Константинович Рокоссовскийг Эрүүгийн хуульд зааснаар "Ангийн сонор сэрэмж алдсан" хэмээн намаас хөөв. Түүний хувийн хэрэгт “комкор Касьян Александрович Чайковскийтэй (Н.И.Ежовын заавраар 1938 оны 7 дугаар сарын 29-ний өдөр цаазлуулж, 1956 онд цагаатгасан) нягт холбоотой байсан” гэх мэдээлэл байж. Мөн 1937 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “албан ёсны зөрчилтэйн улмаас" Улаан армиас халагдсан. Комкор Иван Семёнович Кутяков 2 дугаар зэргийн армийн командлагч Михаил Дмитриевич Великанов нар К.К.Рокоссовскийн эсрэг мэдүүлэг өгсөн аж. Түүнийг 1932 онд Өвөр Байгалийн Цэргийн тойргийн штабын тагнуулын хэлтсийн дарга байхдаа Харбин дахь Японы цэргийн төлөөлөгчийн газрын дарга Мичитаро Комацубаратай уулзсан гэж гэрчилжээ. 1937 оны 8 дугаар сард К.К.Рокоссовский Польш, Японы тагнуулын албатай холбоотой хэмээх хилс хэргээр баривчлагдан, худал мэдүүлгийн хохирогч болж, 2 жил 6 сар байцаагдсан байдаг. (хэргийн дугаар No25358-1937) Тэрээр 1937 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1940 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ленинград мужийн Шпалерная гудамжинд байрлах Дотоод Хэргийн Ардын Комиссариатын харъяа Улсын Аюулгүй байдлын газрын Дотоод хорих ангид хоригдсон юм. Маршалын ач охины хэлснээр “К.К.Рокоссовскийг маш хэрцгий эрүүдэн шүүж, зодож байсан. Эрүү шүүлт, залхаан цээрлүүлэлийг Ленинград хотын Дотоод Хэргийн Ардын Комиссариатын хэлтсийн дарга Леонид Михайлович Заковский удирдаж байв. К.К.Рокоссовскийн есөн шүдийг нь цөм цохиж, (үүнээс хойш тэр төмөр шүдтэй болсон) 3 хавиргыг нь хугалж, хөлийнх нь хуруунуудыг алхаар цохин шатааж, улмаар 1939 онд шоронгийн хашаанд аваачиж цаазын ял гүйцэтгэж байгаа дүр үзүүлж хэргийг нь хүлээлгэх зорилгоор хий буудсан. Гэвч хожмын маршал К.К.Рокоссовский өөрийнхөө болон бусдын эсрэг худал мэдүүлэг өгч, хэнийг ч чирээгүй. Константин Константинович Рокоссовский хувийн хэрэгт нэмж “дайсантай холбоо тогтоон, эргэлзээ төрүүлж, намыг хууран мэхэлсэн” хэмээн тэмдэглэсэн гэдэг. Түүний тохсон зохиомол хэргээс болж гэмгүй олон хүмүүсийг баривчилжээ. 1939 оны 3 дугаар сард К.К.Рокоссовскийн хэргийг хянан хэлэлцсэн Зөвлөлт Холбоот Улсын Дээд Шүүхийн Цэргийн зөвлөлийн 3 шүүгчийн нэг байсан Хууль зүйн хурандаа Ф.А.Климины хэлснээр “шүүх хуралдаан болсон ч түүний эсрэг мэдүүлэг өгсөн бүх гэрч нар аль хэдийн нас барсан байсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 1939 оны намар 2 дахь шүүх хуралдаан болж, түүнд оноосон ялыг хойшлуулж шийдвэрлэсэн аж. Гэхдээ зарим таамаглалаар К.К.Рокоссовскийг хуаранд шилжүүлсэн. Энэ хугацаанд тэр Испанид Мигель Мартинес гэх нууц нэрээр цэргийн элчингээр ажиллаж байсан гэсэн хувилбар бий. 1940 оны 3 дугаар сарын 22-ны өдөр К.К.Рокоссовскийг маршал Семён Константинович Тимошенкогийн хүсэлтээр түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож суллав. Мөн С.К.Тимошенко, С.М.Будённый, Г.К. Жуков нараас И.В. Сталинтай уулзасаны дараа цагаатгасан байдаг. Удалгүй К.К. Рокоссовскийн албан тушаал, цэргийн цолыг буцаан олгож, намд эгүүлэн авчээ. Тэр Сочи дахь амралтын газарт гэр бүлийн хамт хаврыг өнгөрөөв. Мөн онд Улаан армид генерал цол олгох болсноор хошууч генерал цол хүртжээ.

1940 оны 12 -сараас 9-р механикжуулсан корпусын захирагч болов.

1941 оны 6 -р сарын 22 - 7 -р сарын 14 -нд Баруун-Өмнөд фронтод байлдав.

1941 оны 7 -р сарын 18 -нд Армийн бүлгийн командлагч,дараа нь 16-р армийн командлагч байв.

1941 оны 9-р сарын 11-нд түүнд дэслэгч генерал цол хүртээжээ.

1941 оны 12-р сараас 1942 оны 3-р сард 16-р армийг командлан Москвагийн дэргэд тулалдав.

1942 оны 3-р сарын 8-нд Калуга мужийн Сухиничи хотод хүнд шархдаж Москвад эмнэлэгт хэвтээд 5-р сарын 23-нд гарч 26 -нд Сухиничид эргэн очжээ.

1942 оны 7 -р сарын 14 -нд Брянскийн фронтын командлагч, 10 -р сарын 1 -нд Донын фронтын командлагч болов.

1942 оны 11 -р сараас 1943 онд Сталинрадын дэргэд их тулалдаанд оролцсон байна.

1943 оны 1-р срын 15-нд хурандаа генерал цол хүртээд 2-р сард Төвийн фронтын командлагч болжээ.

7 -р сард Курскийн цүлхэнд эл фронтыг командлан тулалдав. Түүний жанжины авъяас чадвар хурц тод илрэн гарсан байлдааны операци нь Белорусийн “Багратион” ажиллагаа байлаа. Тухайн үеийнхээ бүх цэргийн онолтой зөрчилдсөн, нэг бус хоёр чиглэлд гол цохилт өгөх К.Рокоссовскийн санааг байлдааны төлөвлөгөөг боловсруулахад оролцсон бүх генералууд Г6Жуков, Васильевский нар ч эсэргүүцэж байв.

1944 оны 6-р сарын 29 -нд ЗХУ-ын маршал болов.

11 -р сард Белоруссын 2-р фронтын командлагч болов.

1945 оны 1-р сараас 3-р сард Дорнод-Прусс, Дорнод-Помераны операцийн үед фронтын цэргийг удирдан оролцов.

1945 оны 4,5-р сард Төгсгөлийн опурациудад оролцов.

1945 оны 6 дугаар сарын 24-ны Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын ёслолын жагсаалыг командлах нэр хүндтэй үүргийг И.Сталин түүнд ноогдуулсан билээ.

1945 - 1949 -онд БНПАУ-ын нутаг дахь Зөвлөлтийн цэргийг командлав.

1949 оны 11-р сараас 1956 оны 11-р сард БНПАУ-ын Ерөнхийлөгч Болеслав Берутын хүсэлтээр Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилогдон ажилласан байна.

1957 -1968 онд ЗХУ-ын БХЯ-нй орлогч сайд, Өвөр Кавказийн цэргийн тойргийн командлагч, БХЯ-ны Ахлах дараа нь Ерөнхий шалган байцаагчаар томилогдов.

1961 онд ЗХУ-д сууж байсан Монголын Элчин сайд С.Лувсан Сүхбаатарын одон Москва хотод гардуулжээ. Сүүлд түүнийг Монголд ирэхэд Монгол улсын Батлан хамгаалах яамны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн Нүхтийн аманд монгол гэрт зоог барьж, монгол дээл бэлэглэсэн байна.

1968 оны 8-р сарын 3-нд түрүү булчирхайн хавдраар таалал төгсчээ. Түүний цогцосыг чандарлаад Москва дахь Кремлийн хананд оршуулжээ.

Маршал К.К.Рокоссовский доод тушаалын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ энгийн харьцдаг тэдний зөв санал санаачлагыг хөхүүлэн дэмждэг байсан нь бусад цэргийн жанждаас хамгийн их ялгардаг чанар гэгддэг байжээ.

 Commons: Konstanty Rokossowski – Викимедиа зураг, бичлэг, дууны сан