Jump to content

Мотоцикл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1954 оны Триумп T110 650 cc хөдөлгүүртэй мотоцикл
Гурван дугуйтай Урал мотоцикл

Мотоцикл гэж төрөл бүрийн хөдөлгүүрийн (дотоод шаталтат болон дизель, цахилгаан гэх мэт) хүчээр хөдөлдөг, хоёр дугуйтай, нэг мөртэй тээврийн хэрэгслийг нэрлэнэ. Мотоцикл нь дэлхий дээрх хамгийн боломжийн өртөг бүхий, хамгийн өргөн тархсан, хамгийн хурдан, бага оврын тээврийн хэрэгсэл юм. Зүүн өмнөд Ази болон Ази тивийн бараг бүх орны иргэд энэхүү тээврийн хэрэгслээр ажил амьдралаа залгуулдаг бөгөөд 2002 оны байдлаар зөвхөн Хятад улсад гэхэд л ойролцоогоор 34 сая мотоцикль (мопед, гурван дугуйтай мотоцикл, бүгд орсон тоогоор) ашиглагдаж байв.

Даймлер-Майбахын Petroleum Reitwagen-ы хуулбар.

1885 онд Герман Улсад Готтлиб Даймлер, Вилхелм Майбах нар Дэлхий дээр хамгийн анхны бензин түлштэй, дотоод шаталтат хөдөлгүүр бүхий “Petroleum Reitwagen” хэмээх тээврийн хэрэгслийг угсарч туршжээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн анхны мотоцикл хэмээн тооцогддог бөгөөд энэхүү инженерийн бүтээлээс үүдсэн маш олон шийдлүүд туршилтуудын гол эх санаа болсон юм байна. Гэвч үүнээс бүр өмнө 1868 онд анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуйг Францад Мишо, Перро хэмээх инженерүүд угсарч туршиж байжээ. Үүнээс санаа аван дараа жил нь Америкийн Массачусеттс Муж Улсын Роксбөрид Силвьестр Ховард Ропер Америкийн анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуй болох “American Roper steam velocipede”-ийг хийсэн бөгөөд ердөө л 10 ширхгийг үйлдвэрлэсэн байна. Гэвч энэхүү бүтээлүүд нь цаашид хөгжиж чадалгүй дууссан учир Германы “Petroleum Reitwagen” хамгийн анхны мотоцикл хэмээх алдарыг албан ёсоор эзэмшдэг.

1894 онд Германы Мюнхен хотод мотоциклын хамгийн анхны томоохон үйлдвэр Хилдебранд & Волфмюллер байгуулагджээ. Мөн энэ компани германаар Motorrad (моторт дугуй) буюу англи хэлээр Motorcycle хэмээх нэрийг анхлан үүсгэсэн түүхтэй.

Дэлхийн 1-р дайны үед Америкийн Индиан компани тухайн үеийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч болоод байв. Тэд 20,000 гаруй мотоциклыг жилд үйлдвэрлэн борлуулж байлаа. Гэвч 1920 оноос эхлэн алдарт Харли-Дэвидсон энэхүү амжилтыг эвдсэн бөгөөд дэлхийн 67 оронд аль хэдийн албан ёсны борлуулалтын төвөө байгуулсан байлаа. Харин 1920-1930 онуудад дахиад л Германууд буюу Дампф-Крафт-Ваген компани мотоцикл үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэрийг бий болгосон юм.

Дэлхийн 2-р дайны дараагаас эхлэн Британийн BSA Групп (Бирмингем Смолл Армс Компани) жилд 75,000 мотоцикл үйлдвэрлэн борлуулж томоохон үйлдвэрлэгч болоод байв. Харин 1955-1970 оны туршид дахин Герман улсын NSU компани хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч хэмээх алдрыг хадгалж байлаа. Энэ цаг үеэс эхлэн мотоциклын гаднах хэлбэр, хөдөлгүүр зэрэг нь бүгд хувьсан өөрчлөгдөж, хэрэглээний зориулалтаараа маш олон ангиллуудад хуваагдан, хөгжин цэцэглэж өнөө үеийг хүргэсэн билээ. Орчин цагт дэлхийн олон оронд мотоциклыг үйлдвэрлэж байгаа бөгөөд Ази тивд Япон улс (Хонда, Сүзүки, Ямаха, Кавасаки гэх мэт), Европ тивд Герман (BMW) болон Итали улс (Дукати, KTM гэх мэт), Америк тивд Америк улсын (Харли-Дэвидсон, Индиан гэх мэт) мотоцикл үйлдвэрлэгчид мотоциклын хөгжлийг тодорхойлж байгаа билээ.