Jump to content

Осама бен Ладен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Осама бен Мухаммед бен Авад бен Ладен (араб: أسامة بن محمد بن عوض بن لادن‎, 1957 оны 3 сарын 10 - 2011 оны 5 сарын 2) нь Ал-Кайда байгууллагыг үүсгэн байгуулагч.

Осама  бин Мухаммад бин Авад бин Ладен 1957 оны 3 сарын 10-нд Саудын Арабын Жедда боомт хотод төржээ. Бен Ладены хүүхэд нас Хижазе хотод өнгөрчээ.  Түүний эцэг нь 1931 онд Саудын Араб улсад барилгийн “Сауди Бин Ладен” компанийг үндэслэн байгуулсан чинээлэг хүн байжээ. Осама Бен Ладен 16 нас хүрээд лалын хэт үндсэрхэг бүлэглэлийн үйл ажиллагаанд татагдан оролцдог болжээ. 16 настай байхдаа тэрээр төрөлх Жедда хотдоо эргэн ирж дунд сургуулиа төгсжээ. Тэрээр эзэн хаан Абул Азизагийн нэрэмжит их сургуулийн оюутан болжээ. 1979 онд тэрээр барилгийн инженерийн диплом авчээ. Их сургуульд сурч байхдаа тэрээр исламын философийн зүтгэлтэн Абдулла Аззатай танилцжээ. Абдулла Азза жихад ариун дайны тухай үзэл санааг сурталчилж, лалын шашинт орнууд барууны орнуудын нөлөөнөөс ангижрах ёстой гэж уриалж байлаа. ЗХУ-ын засгийн газар 1979 онд Афганистанд цэргийн ажиллагаа хийв. Энэ үед Осама Бен Ладен афганистаны ард түмэнтэй үзэл санаа нэг байгаагаа илэрхийлэн Афганистаныг зорьжээ. Афганистанд очиж нөхцөл байдалтай танилцаад Персийн булангийн орнууд, Арабын орнуудаар явж Зөвлөлтийн эсрэг тулалдаж байгаа афганистанчуудад дэмжлэг үзүүэх зорилгоор хандив цуглуулж байлаа. Мөн Афганистан, Пакистаны хил орчимд газар доорх хонгил ухах, сайн дурын цэргүүдийг Афганистанд ирүүлэх ажлыг зохицуулж байсан. Энэ үед Осама Бен Ладен барууны орнуудын болон АНУ-ын тусгай албаныхантай нягт харилцаа холбоо тогтоосон байна. Осама Бен Ладен 1986 оноос эхлэн байлдааны ажиллагаанд биечлэн оролцож эхэлсэн ба нэгэн удаагийн байлдааны үед хүнд шархадсан. Тэрээр 1988-1989 онд  Аль Кайда бүлэглэлийг байгуулжээ. Афганистаны дайнд оролцсон арабын олон орны дайчид энэ байгууллагын гишүүн болсон байна. ЗХУ-ын Засгийн газар 1989 онд Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татсанаар Афганистаны дайн дууссан ба түүний дараа Осама Бен Ладен ч эх орондоо эргэж иржээ. Саудын Арабын засгийн газар 1991 онд Осама Бен Ладен төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзээд эх орноосоо хөөжээ. Эх орноосоо хөөгдөсөн Осама Бен Ладен африкийн Судан улсад ирсэн байна. Суданд байхдаа Осама Бен Ладен дэлхийн 50 орны иргэдээс бүрдсэн алан хядагчдыг бэлтгэх хуаран байгуулжээ. Осама Бен Ладены бүлэглэл1996 онд Саудын Араб, Сомали улсад байгаа америкийн цэргийн баазыг устгахыг уриалсан мэдэгдэл тараасан байна. АНУ-ын засаг захиргааны шахалтаар Судан улс Осама Бен Ладеныг улсаасаа 1996 онд хөөжээ. Осама Бен Ладен афган улсад хүрэлцэн ирэв. Зөвлөлтийн цэргүүд Афганистанд цэргийн ажиллагаа хийж байх он жилүүдэд Осама Бен Ладен афганчуудад туслаж байсан билээ. Иймд афганистаны Талибан хөдөлгөөнийхөн хуучин андаа хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Осама Бен Ладены удирдсан бүлэглэл 1993 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн Худалдааны төвийн 1-р давхарт дэлбэрэлт зохион байгуулж, 1996 онд Саудын Арабад үүрэг гүйцэтгэж байсан америкийн 19 цэргийн албан хаагчийн амийг хөнөөсөн байна. 1996 онд африкийн Кени, Танзани улс дахь АНУ-ын ЭСЯ-нд дэлбэрэлт үйлдсэн юм. 2000 онд Осама Бен Ладен америкийн тэнгисийн цэргийн “Коул” хөлөг рүү халджээ. 1999 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Осама Бен Ладеныг эрэн сурвалжилж эхэлжээ. 2001 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар “Аль Кайда” алан хядагч бүлэглэл нь 5000 гишүүнтэй гэж мэдээллэж байлаа. Аль Кайда бүлэглэлийн онцлог нь тодорхой нарийвчилсан бүтэцгүй байлаа. Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд гэр бүлийн бизнес дэхь өөрийн эзэмшилийн хувиа ашиглаж байлаа. Аль Кайда бүлэглэлийн гишүүд АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотод иргэний агаарын тээврийн онгоц 2001 оны 9 сарын 11-нд барьцаалж, Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийг хоёр онгоц, мөн Пентагоны барилгыг нэг онгоц мөргөж сүйрсэн байна. Дөрөв дэх онгоц нь АНУ-ын атомын цахилгаан станцийг чиглэж байсан тул АНУ-ын зэвсэгт хүчнийхэн агаарт байхад нь сөнөөжээ.  Энэ үйл явдлын уршигаар 2997 хүн амь насаа алдсан юм. Бен Ладен АНУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байгааг тусгай албаныхан хэдэн сарын өмнөөс мэдэж байжээ. Афганистаны эрх баригч Талибан хөдөлгөөнийхөн 2001 оны 9 сарын 11-ний өдрийн халдлагад харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч Осам Бен Ладен энэ халдлагад холбоотой гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч 9 сарын 11-ний халдлагад Осама Бен Ладен холбоотой гэдэг нь хожим нотлогдсон юм. АНУ болон түүний холбоотон орнууд Афганистан руу 2001 оны 10 сарын 7-нд дайрав. Осама Бен Ладен америкчуудын хараа хяналтаас гарч оргон зайлсан юм. Гэвч зарим эх сурвалжууд Осама Бен Ладен афганистан, пакистаны хилийн орчимд уул хаданд  орогнож байгаа гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. 2000 оны эхэн үед Катарын “Аль Жазира” телевиз Осама Бен Ладен дүрс бичлэг, аудио бичлэгийг нэвтрүүлж байлаа. 2001 оноос хойш Осама Бен Ладен “Аль Кайда” бүлэглэлийн үйл ажиллагааг зохицуулсан хэвээр байлаа. 2002-2003 оны хооронд болсон алан хядах ажиллагааг Осама Бен Ладентай холбоотой гэдэг нь нотлогдсон юм. Аль Кайда бүлэглэл Тунис улсад 2002 оны 4 сард дэлбэрэлт зохион байгуулж 17 хүнийг хороожээ. Мөн 2002 онд Индонезийн Бали арал дээр дэлбэрэлт үйлдэж гэм зэмгүй 200 хүн золиос болж амь насаа алдсан юм. Туркийн Анкара хотод байрладаг Их Британий консулийн газрын гадаа 2003 онд тус бүлэглэл дэлбэрэлт үйлдэж 54 хүн амь насаа алдсан байна. Аль Кайда бүлэглэл төвлөрсөн удирдлагаас татгалзаж хараат бус үйл ажиллагаа явуулдаг жижиг салбаруудад 2004 оноос хуваагджээ. Осама Бен Ладен халдлага зохион байгуулахаа больж, зөвхөн суртал ухуулга хийдэг болсон байна. Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг 2007 онд Айман аль Завахири хариуцдаг болжээ. АНУ-ын тагнуул Осама Бен Ладены аж төрж байгаа газрыг 2011 оны эхээр тогтоосон байна. Осама Бен Ладен Пакистан улсын Абботтад хотод нууцлаг байдалд харуул хамгаалалт сайтай хувийн эдлэнд амьдарч байжээ. Алан хядагч бүлэглэлийг үндэслэгч Осама Бен Ладеныг АНУ-ын тусгай албаныхан 2011 оны 5 сарын 2-нд устгажээ. Тусгай ажиллагаа хийх үед Осама Бен Ладены гэрт 18 хүн байжээ. Тусгай албаныхан Осама Бен Ладеныг толгой, цээжин тус газар нь буудаж хороосон байна. Дараа нь түүний шарилыг тэнгисийн усанд хаяжээ. Ингэхдээ лалын шашны бүх ёс заншилыг үйлдсэн гэж АНУ-ын тусгай албаныхан мэдээлжээ. Осама Бен Ладеныг устгах нууц ажиллагаа хийх гэж байгаагаа АНУ-ын засаг захиргааныхан хэнд ч урьдчилан мэдэгдээгүй байна. Пакистаны гадаад хэргийн сайд Салман Башир Их Британий Би-би-си телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө нууц ажиллагааны тухай бидэнд урьдчилан сануулаагүйд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ. Тусгай ажиллагааг амжилттай болгохын тулд бид мэдээллийг нууцлах шаардлагатай байсан гэж АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал Леон Панетта хэвлэлийнхэнд тайлбар хийжээ.

Осама Бен Ладен 4 эхнэр, 19 хүүхэдтэй байжээ.

Роберт О’Нилийн дурсамж

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “тэнгисийн муурнууд” тусгай хэлтсийн дайчин асан Роберт О’Нил “Нептуны жад” тусгай ажиллагааныхан Осама бин Ладены толгой руу хэрхэн буудаж устгасан тухай дурсамжаа өгүүлжээ.

Цэргийн алба хаагч асан Роберт О’Нил дурсамж номондоо 2011 оны тавдугаар сарын 2-ны үйл явдлыг тодорхой өгүүлжээ. Пакистаны хойд хэсгийн Абботтабада дагуул хотод тусгайгийнхан Нью-Йоркийн есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зохион байгуулагч нуугдаж байгааг мэдээд дайралт хийсэн байна.

О’Нилийн бичсэнээр бен Ладены хоргодож байсан байшин хамгаалалт тун сайн байсан гэнэ. Тусгайгийнхан төмөр хаалгыг нь эвдэж, байранд ороход бен Ладены хамгаалалтынхан яах ч аргагүй болсныг жинхэнэ утгаар нь мэдэрчээ. Тиймээс ч номын зохиолч “Чөтгөр гэж. Бид энд бен Ладены гэрт ороод ирлээ шүү дээ. Үнэхээр гайхалтай. Магадгүй бид амиа алдаж ч мэднэ. Гэхдээ энэ бол түүхэн мөч. Би үүгээрээ бахархаж байна” гэж бодсоноо дурсчээ.

Роберт О’Нилийн баталснаар бен Ладены гэр эмэгтэйчүүд, хүүхдүүдээр дүүрэн байсан гэнэ. Тагнуулынхан “Аль-Кайда”-г үндэслэгчийг 23 настай хүү Халид нь хамгаалах ёстой гэж өмнө нь мэдээлсэн байна. Яг энэ үеэр дээд давхрын шатны тэнд Калашниковын автомат буутай эр харагдав. Энэ үед “Тэнгисийн муурнууд”-ын нэг нь араб, урду хоёр хэлээр “Халид, нааш ир” гэж дууджээ. Энэ үгийг довтолгоонд бэлтгэж, тусгайлан заасан аж.

Магадгүй бен Ладены хүү энэ үед тусгайгийнхан гэрт нь орж ирснийг ойлгоогүй байсан бололтой, толгойгоо цухуйлгаад “Юу гэнэ ээ” гэтэл толгой руу нь шууд бууджээ. Үүний дараа дурсамж бичигч дайчин болон довтолгоонд оролцогч нэг эр заавраас гажихаар шийдэж, нөхдөө ч хүлээлгүйгээр №1 алан хядагчтай нүүр тулж үзэхээр шулууджээ. “Эр зоригтойдоо биш, хэтэрхий залхсандаа тэгсэн байх” хэмээн Роберт О’Нил тэмдэглэсэн байна. Ингээд өрөөнүүдийн нэгэнд бен Ладен байхыг харжээ. Тэр нэгэн эмэгтэйг амьд бамбай болгон нуугдаж байсан ч хүүхний мөрнөөс илүү гарч харагдсан аж. Тиймээс түүнийг шууд л хоёр удаа бууджээ.

“Бен Ладены толгой руу сум тусч, тэр газар унасан. Би түүний толгойд дахиад нэг сум зоосон. Хяналтын сум” хэмээн “тэнгисийн муур” бичсэн байна. Роберт О’Нил бол бен Ладеныг хөнөөснөө 2014 онд анх удаа зарласан хүн юм. Америкийн цэргийнхэн түүний хэлснийг албан ёсоор баталдаггүй ч бас үгүйсгэдэггүй. Ерөнхийдөө нэрээ нууцалсан тусгай албаны хүний баталснаар Роберт О’Нилийг бен Ладен нуугдаж байсан өрөөнд орж ирэхээс өмнө хамт алба хааж байсан хоёр дайчин нь аль хэдийнэ тэнд ороод ирчихсэн, нэг нь шийдвэрлэх буудлагыг хийсэн хэмээн ярьдаг. Түүнчлэн Роберт О’Нил Америкийн “Тэнгисийн муурнууд”-ын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж цэргийнхэн шүүмжилдэг билээ.