Артюр Рембо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Артюр Рембо

Жан Николас Артюр Рембо (фр. Jean Nicolas Arthur Rimbaud; 1854 оны 10 сарын 20 – 1891 оны 11 сарын 10) нь Францын яруу найрагч юм.

Шарлевиль хэмээх жижиг хотод төржээ. Хүүхэд ахуй үеэ эгэл жирийн борчуудын дунд өнгөрөөж лицейд суралцсан боловч 1871 онд түүнийгээ орхин, тэр цагийн алдарт зохиолчид де Банвал, Виктор Хюго, нэн ялангуяа Шарль Бодлерын нөлөөнд орж, хотын захын, хөдөө бөглүү газрын борчуудын бузар булай явдал, садар самуун байдлыг илчилсэн шүлгүүд бичиж эхэлжээ. Удалгүй Рембогийн дур гутмаар дүрслэл, хөг аясад эрс өөрчлөлт гарч, хожим яруу найргийнх нь арга барил болсон эсэргүүцлээ эрс шууд гаргах хэлбэрт шилжсэн. Энэ нь түүний Хэт хуралдагсад, Тартюфын шийтгэл, Хорлол, Солиорол зэрэг зохиолуудад нь тусгалаа олжээ.

Залуу Рембо бүгд найрамдах талынхантай холбоо тогтоосноор түүний үзэл бодол ихээхэн өөрчлөгдөж, ер бусын хүчирхэг уран илтгэгч, нэрт яруу найрагч болох замаа эхэлсэн юм. Тийм ч учраас Парисын коммуны дэглэм Рембод таалагдаж, тэр коммуны тэмцэлд биечлэн оролцохыг хүсэн эрмэлзэж байв. Энэхүү санаа бодлоо Парисын цэргийн сүлд, Шанни-Марийн гар (1871), Цусан нуур зүрхэнд хэрэгтэй гэж үү (1872) зэрэг бүтээлүүддээ шингээсэн байдаг. Ийнхүү Парисын коммуны дайсныг үзэн ядах сэтгэлийн хөөрөл нь түүнд хүчтэй нөлөөлж, амьдралыг урьдчилан харах зөн билгийг нь нээж, зохиолчийг оюуны залхууралд хүргэх ниргэлтээс аварсан гэж судлаачид үзсэн юм. 1871 оноос яруу найрагч сэтгэхүйн өвөрмөц арга барилтай Далан настай яруу найрагч, Эгчийн энэрэл, Сүм дэх ядуучууд зэрэг бүтээлүүдээ бичиж эхэлсэн ажээ.

1871 оны 9 сараас Парист амьдрахаа больж, яруу найрагч П. Верлений хамтаар Англи, Бельги зэрэг Европын олон орнуудаар хэрэн бэдэрч явжээ.

Эгшгүүд хэмээх сонатдаа Рембо авиа бүрийг өнгөтэй хоршуулан зүйрлэж Бодлерын эгшиг-өнгө хоёрын харьцааны тухай зохиосон хошигнолыг үргэлжлүүлэн (а-хар, э-цагаан, и-улаан, у-ногоон, о-хөх) олон арван янзаар тайлбарласан байдар. Мөн символист урсгалын дагуу Сүүлчийн шүлгүүд (1872), Тамын дундуур (1873), Улангасал (1872-1875) зэрэг шүлэг найраглал бичсэн нь нэлээд өвөрмөц болсон юм. Учир нь Сүүлчийн шүлгүүд, Улангасал зэрэг бүтээлдээ уншигчдад агуулгыг үгээр шууд дамжуулах, утгын ямар ч холбоогүйгээр толгой, мөр холбох зэрэг аргуудаас татгалзсан бол Тамын дундуур зохиолдоо элэглэл, үнэмшмээргүй зохиомол санааг гайхал төрүүлмээр тод томруун гаргаж ирснээрээ хувиа хичээсэн харгис чиглэлийн хуурай зохиомжийг эвдэн нураасанд оршдог.

Рембо Тамын дундуур найраглалаа бичихдээ өөрийн бүхий л хүч чадал, туршлага, оюун ухаанаа зориулсан гэж өөрөө бичсэн байдаг. Тиймдээ ч уг бүтээл үнэхээр төгс боловсорсон сонгодог зохиол болж чадсан юм. Харамсалтай нь, хувь заяа Рембод нэлээд хатуу хандаж байсан гэж хэлж болно. Учир нь тэрбээр амьдралдаа үргэлж дутуу гуцуу байж, удаан хугацаагаар тэнэн хэсүүчилсний эцэст 1880 онд Этиоп дахь худалдааны нэгэн газарт төлөөлөгчөөр очиж, Африк омгуудын дунд жижиг худалдааны ажил эрхлэн үйл тамаа үзэж, эцэст нь хүнд өвчний улмаар тахир дутуу болж, өөрийн гэсэн гэр оронгүй энэ хорвоог орхисон юм.